Монголбанк зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумих замаар инфляцийг өргөжүүлэх хүчин зүйлсийг сааруулах зорилгоор мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлэн 12.5 хувь болгох, төгрөгийн нөөцийн хэмжээг мөн 0.5 нэгж хувиар өсгөн 14.5 хувьд хүргэх шийдвэрийг өчигдөр /2026.08.12/гаргалаа.
Мөнгө “илүүдсэн” үү?
Мөнгөний нийлүүлэлт сүүлийн нэг жилд 10 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ оны эхнээс л гэхэд өнөөдрийн байдлаар 25.8 хувиар өссөн ба төгрөгийн хадгаламж, харилцахын үлдэгдэл хагас жилийн байдлаар 29 хүртэл хувиар өсөлттэй байгаа нь мөнгөний нийт нийлүүлэлтийн 40 их наяд төгрөгийг бүрдүүлж байна. Хадгаламж өсөх нь банкуудын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээл олголтыг тэлж буй нь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх нэг хүчин зүйл юм. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлж, нэг үгээр бол зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр импортыг дэмжих, ханшийн дарамтыг өсгөх замаар инфляцийг тэжээх хүчин зүйл болж буй учраас зээл, эдийн засгийг хумих гэхээс илүүтэй мөнгөний үржүүлэгчийн нөлөөг бууруулах зорилгоор бодлогын хүү болон Монголбанкинд байршуулах төгрөгийн нөөцийн хэмжээг нэмэх шийдвэр гаргажээ. Эндээс нэг зүйл ойлгогдож буй нь “сайн мэдээ” гэвэл Монгол Улс мөнгөтэй байна.
Төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт, инфляци 13 хувьд хүрсэн нөхцөл байдалд Монголбанк мөнгө хэвлэхээс өөр аргагүй гэх байр суурь парламент дотроос ч сүүлийн үед хүчтэй сонсогдож байгаа учраас "МӨНГӨ ХААНААС ГАРЧ ИРЭВ" гэх асуулт зайлшгүй дагалдаж таарна.
Энэ он гарснаас хойшх хугацаанд банкны секторт гэхэд арилжааны банкны /500 сая ам.доллар/ болон хувийн хэвшлийн /650 сая ам.доллар/ татан төвлөрүүлсэн гадаад эх үүсвэр нийтдээ 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хоёрдугаарт, экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ болон экспортын биет хэмжээ өссөн. Оны эцэс гэхэд нүүрсний экспортын биет хэмжээ 100 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Одоогоор гадаад худалдаа тэнцвэртэй, оны эцэст ашигтай гарахаар байгаа. Тэгэхээр товчхондоо зах зээлд мөнгөний нийлүүлэлт их байгаа нь үнэн ч Монгол банк “мөнгө хэвлэж” гаргаад буй хэрэг огт биш аж. Харин эсрэгээрээ Төвбанк мөнгөний зах зээл дэх нийлүүлэлтийг сааруулах, илүүдэл мөнгийг шингээх арга хэрэгсэл болгон төгрөгийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, Засгийн газрын үнэт цаасны хэмжээг өсгөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж иржээ.
Мөнгөний бодлого чангарахад төсвийн бодлого ч бас чангарах ёстой. Гэвч...
Тэгвэл “сул тал” нь мөн л мөнгөтэй байгаа явдал. Мөнгөтэй байгаагийн сул тал юу байж болох вэ?! Мөнгөний бодлогыг чангаруулж байгаа тохиолдолд төсвийн бодлого ч бас чангарах буюу хумих бодлого хэрэгжүүлж байж зорьж буй эффектийг үзүүлэх ёстой. Гэвч экспортын орлого нэмэгдэх хэрээр төсөв тэлэх эрсдэлтэй алхмыг улстөрчид хэрэгжүүлэх магадлалтай байдаг. Гадаад худалдаа нь 4 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч төсвийн тооцоолол хагас жилд 2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байгаа нь үүнийг илэрхийлж буй хэрэг биз ээ.Төсвийг тэлэх гэдэгт татварыг бууруулах, цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг алхмууд багтах ба яг одоогоор төсвийн тодотголоос гадна ирэх оны төсвийн төслийг зохиож байгаа энэ үед Засгийн газар юу төлөвлөж, УИХ хэрхэн хэлэлцэхий таашгүй. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн, УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн төсөв бол намрын ургац шиг дэлгэнэтэл цацсан өгөөмөр амлалт, хайр халамжаар дүүрэн байдаг гэмтэй. Ядахад улсын төсөв улсын нийт эдийн засгийн 40 орчим хувь гэдэг нь эдийн засгийн бусад салбарын ДНБ-д эзлэх хувиас, тэрчлэн улсаа тэжээж буй уул уурхайн салбарынхаас /27 хувь/ ч том гэдгийг санах ёстой. Тэгэхээр төсвийн эдийн засаг давамгайлсан улсад төсвийн тэлэлт нь өөрөө инфляцийг өргөжүүлэгч болох эрсдэлтэй гэсэн үг.
Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах нь “заавал хийх” зайлшгүй зүйл гэдгийг баталгаажуулсан эрх зүйн дэд бүтэц одоогоор байхгүй. Тийм ч учраас санхүү, эдийн засгийн арга хэрэгслүүд “ажиллагаагүй” болоход улстөрчдийн сонгуулийн мөчлөг дагасан сонирхол нөлөөлсөөр ирсэн. Энэ удаад инфляцийг өргөжүүлэх эрсдэлийг Монголбанкны мөнгөний бодлогоор саармагжуулах шийдвэр гаргаж байгаа ч төсөв хэрхэн зохиогдох нь тодорхойгүй байна. Уг нь мөнгөний нийлүүлэлтийг шингээх, тухайлбал, хуримтлалын санд төвлөрүүлэх зэрэг арга замуудыг хэрэгжүүлэх таатай цаг нь мөн ч улс төр иргэдийг өнөө маргаашийн өөхөөр цатгах эрх ашгаа урьдаа барьж, орлогын хэрээр төсвийг тэлэх сонирхол нь илүү хүчтэй үйлчлэхийг үгүйсгэх аргагүй.
Зээлийн хүү өсөх үү?
Монгол банк бодлогын хүүг өсгөх замаар зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг багасган инфляцийг өргөжүүлэх эрсдэлийг хаах зорилготой шийдвэр гаргасан хэдий ч инфляцийн өнөөгийн түвшин болох 13 хувьтай харьцуулахад тийм ч хатуу бодлого биш гэж үзэж байгаа аж. Мөнгөний бодлогын хүүг өсгөх нь зээлийн хүү нэмэгдэх, зээл хумигдсанаар эдийн засгийн идэвхжил буурах зүй тогтолтой. Монголбанкны тооцоолсноор бодлогын хүүгийн 0.5 хувийн өсөлтөөс үүдэлтэйгээр банкны зээлийн хүү 0.2 хувиар нэмэгдэх магадлалтай ч сүүлийн нэг сарын хугацаанд инфляци 0.5 хувиар өссөн, цаашид энэ хэвээр өсвөл инфляци зээлийн хүүгийн өсөлтөөс илүүтэйгээр эдийн засагт дарамт авчирна гэж үзэж байгаа юм байна.
Жич: Одоогоор сүүлийн нэг сарын хугацаанд инфляфийн өсөлтөд шатахууны үнэ 0.3 хувийн нөлөө үзүүлсэн байна.
З.Боргилмаа /baabar.mn/


Сэтгэгдэл байхгүй байна