• Эхлэл
  • Улаанбаатар хотод мөрдүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байна

Улаанбаатар хотод мөрдүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байна

2021/05/25

Хотын дарга Д.Сумъяабазар харьяа байгууллагуудын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа билээ.

Энэ удаад Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын хамт олонтой уулзав.

Хотын дарга Д.Сумъяабазар “Засгийн газрын хуралдаанаар түүхэн шийдвэр гарч, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Хууль, эрх зүйн хувьд чадамжтай болох чиглэлд ажиллаж байгаа" гэлээ.

Учир нь тун удахгүй УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төсөл батлагдвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй юм. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас томоохон бүтээн байгуулалт хийх мэргэжлийн инженер, баг хэрэгтэй гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр “Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын ажилд хот төлөвлөлт, зураг төслийн мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлага хэрэгтэй байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар бэлтгэж байгаа тухай танилцуулсан бөгөөд гурав дахь үе шат буюу 2020-2021 оны төлөвлөгөөг 40 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа аж.

Харин  Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Улаанбаатар хотыг 2021-2025 он хүртэлх хөгжүүлэх 45 бүлэг бүхий стандартын баримт бичгийг боловсруулж байгаа. Энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын норм, стандартыг хангуулж ажиллаж байгаа" гэлээ.

Мөн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Манай байгууллага хот байгуулалт, зураг төслийн чиглэлээр судалгаа хийх, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд хяналт, мониторинг хийдэг” гэлээ.

Танилцуулгын дараа албан хаагчид нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал солилцсон юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхдийн тоглоомын талбайн 70 орчим хувь нь эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс дээрх зөрчлийг арилгуулах, шинээр барих тоглоомын талбайд стандартыг мөрдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэв. Мөн сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хашаа, хаалт бариагүй тохиолдол олон байна. Учир нь улсын төсвөөс мөнгө өгөөгүй гэх шалтгааныг гүйцэтгэгч компаниуд хэлдэг байна. Түүнчлэн ерөнхий төлөвлөгөө нь газар олголттойгоо уялдахгүй байна гэх зэрэг саналууд хэлэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Бид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ алдаа, дутагдлыг засахын тулд та бүхний мэдлэг чадвар хэрэгтэй байна” хэмээсэн юм. Мөн тэрээр хотын бүтээн байгуулалтад үндэсний үйлдвэрлэл, дотоодын нөөцийг илүү ашиглана гэдгийг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын барилга байгууламж, авто замын норм, стандартыг сайтар мөрдүүлэх үүрэг өглөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна