“Notes” контемпорари цахим үзэсгэлэнг нээв.
Бидний амьдрал сэтгэл зүйтэй маань хэрхэн уялдан холбогддог вэ? Хүн бүр хүн бүрд таалагдах гэсэн хүсэл, хүн бүр хүн бүр шиг байх, байлгах гэсэн эрмэлзэл биднийг их завгүй байлгаад дасгажээ. Өнгөрсөн жилээс эхлэн бид их бага хэмжээгээр байнгын хөл хорионд орж үзлээ. Сурч дассан нийгэм, хичээсэн бүхэн ард хоцорч, амьдрах шинэхэн бөгөөд хувийн жаахан орон зай үлдлээ. Урлаг ямар ч үнэ цэнэгүй болсон мэт санагдах энэ цаг хугацаа хэчнээн хайран бас харамсалтай.
Энэ л туулж ѳнгѳрүүлж байгаа жижиг хоригдмол амьдралд хачин жигтэй, гайхалтай бас гунигтай олон төрлийн бодол бас мэдрэмж тѳрѳх нь мэдээж. Ер бусын тэрхүү сэтгэл хөдлөл, бодол ертөнцийг уран бүтээлч Ц. Солонго, Б. Энхтуяа нар “Notes” үзэсгэлэндээ багтаажээ.
Зургаар дүрслэх эдгээр тэмдэглэлүүд ямар нэг хээнцэр философигүйгээр, өөрсдийн алдаа дутагдал дүүрэн бидний нүүрэн дээр зурайна. Тасралтгүй үргэлжилсэн хѳл хорион дахь 365 мэдрэмжийн Ц. Солонгоогийн тэмдэглэлд утга учиргүй боловч өөрт үнэ цэнтэй сэтгэл хөдлөлөөс эхлээд, хамаатай хамаагүй нийгмийн мэдээлэл шүүмж хүртэл хэрхэн сэтгэл санаанд нөлөөлсөн талаарх бүдүүн баараг, нарийн нандин утга агуулга бүхий хэсгүүдээр дүүрэн.
Харин Б.Энхтуяагийн бүтээлд бодлын гүнд орших хязгааргүй сэтгэлгээ энгийн үйлдвэрийн хаягдал бор цаасан хайрцаг дээр урсан гарч, бусдад таашаагдах гоо зүйн цензур эвдэн эрх чөлөө гэх үнэт зүйлийг өөртөө болон бусдад нээх дахин давтагдашгүй зурлага нүдний өмнө харагдах мэт бүтээлүүд “Notes” үзэсгэлэнд тавигдлаа.
“Notes” үзэсгэлэн Монголын Урчуудын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна гэж Монголын Урчуудын Эвлэлээс мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна