Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн нэгдүгээр ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.
Төсөлд бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн 1000 залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн “Шар хад” дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын хотхонд 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц вакумжуулсан нэгдүгээр ээлжийн сургалтад хамрагдаж, ажлын байранд зуучлагдах юм.
Тэднийг өчигдөр /2021.09.02/ нэгдсэн зохион байгуулалтаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн түргэвчилсэн шинжилгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хоёр сургалтын төвд хуваарилах арга хэмжээг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр зохион байгууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Ажил олгогчдын зүгээс мэдлэг туршлагаас илүүтэй хариуцлага, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилт сайтай ажилтан эрэлхийлж байна. Нөгөө талдаа мэргэжилгүйгээс, эсвэл эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр хомс, хувь хүний хөгжил хандлага дутмагаас залуус хөдөлмөр эрхлэхгүй, тохирох ажлын байран дээр ажиллаж чадахгүй байна. Томхон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа энэ үед залуус та бүхний оролцоо маш чухал. Өөрийгөө хөгжүүлье, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя, хөдөлмөр эрхлэе хэмээн зориг шулуудан эх оронч сэтгэлээр “Оролцоо” төсөлд хамрагдаж байгаа та бүхнээр бахархаж байна” гэв.
Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төслийн хүрээнд нийт 5000 гаруй залуусыг хувь хүний хөгжлийн цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэх юм.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Сэтгэгдэл байхгүй байна