• Эхлэл
  • Д.Алтанхуяг: Хүн бүрт өөрийнхөө ТӨГС БИЕИЙГ урлах боломж байдаг

Д.Алтанхуяг: Хүн бүрт өөрийнхөө ТӨГС БИЕИЙГ урлах боломж байдаг

2021/09/07

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Дугараагийн Алтанхуяг Монголдоо ирсэн даруйдаа сонгодог урлаг сонирхогчдод зориулсан Насанд хүрэгчдийн сургалт хичээллүүлэхээр бэлтгэлээ хангажээ. Балетын зөв зохистой боловсролыг анхан шатнаас эхлэн бүх насны хүнд системтэй хүргэх зорилгоор энэ ангийг нээж байгаа аж. Сургалт есдүгээр сарын 6-наас эхлэх юм. Балетын урлагийг зөвхөн хүүхэд байхаас эхлэн заадаг гэсэн ойлголтыг эвдэж, насанд хүрэгчдийг хамруулахаар зориг шулуудсан нэрт балетчин Д.Алтанхуягтай ярилцлаа.


-Та Монголд хэдий хугацаатай амьдрахаар ирсэн бэ?

-Монголын балетын хөгжил санг 2010 онд байгуулсан цагаас хойш биеэр байхгүй ч өөрийн мэргэжилд хувь нэмэр оруулах ажлуудаа хийгээд явж байлаа. Энэ жилээс өөрийн биеэр орох ганц, хоёр сургалтын бүртгэл эхлүүлээд явж байна. Ерөнхийдөө суурин байдаг болж байна гэж ойлгож болно. Манай гэр бүлийнхэн Нью-Йорк хотод амьдарч байгаа тул эх орондоо байнга байх боломж хомс юм. Ирэн, очин байх болов уу. Монголдоо аль болох удаан хугацаагаар байна.  

-Та Монголын балетын хөгжил санг байгуулахдаа тодорхой зорилт тавьсан байх. Тэр зорилгодоо хүсэн үү?

-Сан байгуулах, сургууль байгуулах зорилгодоо хүрсэн. Ажил хийж, ажиллаж байгаа хүнээс үргэлж дараагийн зорилго ундарч байдаг. Аливаа зүйл хамт олны хүчээр урагшилдаг. Мөн дээр нь ямар ч урлаг бол цэвэр олон нийтийн дэмжлэг, сэтгэлгээн дээр суурилан хөгжиж байдаг учраас энэ ажилд минь олон хүний дэмжлэг орж яваа.

-Танай сургууль энэ удаад насанд хүрэгчдийн анги нээж байгаа нь их сонирхол татлаа. Тэгээд энэ сургалтаа та өөрөө удирдана гэхээр маш сонирхолтой байна?

-Монголын балетын хөгжил сан өргөжиж, Монголын балетын үндэсний сургуулийг үүсгэн байгуулсан. Монгол Улсад балетын бүрэн хэмжээний сургууль байхгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай сургуулийг нийт 1000 гаруй хүүхэд сонгон үйлчлүүлж, балетын анхан болон дунд шатны мэдлэгтэй болоод байна.

Насанд хүрэгчдийн хувьд тусдаа сэдэв болно. Балет гэхээр заавал сонгон шалгаруулдаг, бүжгийн эвсэлтэй байх ёстой гэх мэт шаардлагатай байдаг гэсэн нийтлэг ойлголт бий. Энэ нь өрөөсгөл ойлголт юм. Өнөөдөр хөдөлгөөний дутагдалд орохгүй байхыг зорьдог, эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг хүмүүс олширсон байна. Ажлын хажуугаар өөртөө цаг зарцуулдаг болсон энэ цаг үед балет тухайн хүнд олон зүйлийг өгч чадна гэдгийг харуулахыг хүсэж, шинэ сургалтаа эхлүүллээ. 
 


-Олон улсад насанд хүрэгчдийн балетын хөтөлбөр хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Дэлхийн өнцөг булан бүрт насанд хүрэгчдийн балет дэлгэрч байна. Ковид гарахаас өмнө бэлтгэл сургуулилт, тоглолт гээд завгүй амьдарч байлаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидын нөлөөгөөр бүх зүйл өөрчлөгдлөө. Ингээд гэртээ сууж байхдаа 30-аас дээш насны хүмүүст заах балетын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсрууллаа. Тухайн хүнд хэт их ачаалал өгөхгүйгээр буюу удаанаар, системтэй аргачлалаар заана гэсэн үг.

-Ямар ч бүжгийн эвсэлгүй хүмүүс нэг дор цуглаад, балет сурна гэхээр зарим хүнд итгэл төрөхгүй байж магад. Сурахыг хүсэж байгаа ч ийм бодолтой хүмүүс байгаа л байх?

-Хүн бүр өөрийн гэсэн гоо зүйтэй. Муухай хүн гэж байхгүй. Эвсэлгүй гэж өөрийгөө боддог боловч өөр хүний нүдээр харахад тийм биш байж болно. Мэдээж хэрэг мэргэжлийн балетчин шиг хүнд дасгал заахгүй, маш зөөлөн аргаар заана. Насанд хүрэгчдийн ангид бүртгүүлэх хүсэлтэй хүмүүстэйгээ би өөрийн биеэр харилцан ярилцлага хийнэ. Болж өгвөл өмнө нь балетаар хичээллэж байгаагүй хүмүүс ирвэл илүү үр өгөөжтэй гэж харж байгаа. 

Энэ удаагийн сургалт маань цахимаар явагдах юм.

Уг нь танхимд хичээл зааснаар амьд харилцаа үүсдэг. Би амьд харилцааг илүүд үздэг ч яг одоогийн нөхцөл байдалд цахим хөгжлийг үгүйсгэж болохгүй юм байна. Цахим хичээлд суулаа гээд үр дүнгүй гэсэн үг биш. Энэ удаагийн сургалтыг хийхийн тулд би нэлээд судалгаа хийсэн. Бүх талаас нь харж, судалж байж сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.

-Цахим хичээл гэдгээ тодотгож болох уу?

-ZOOM ашиглаж, цахимаар хичээллэнэ гэсэн үг. Тухайн цаг үедээ л хамрагдаж амжаагүй бол дараа нь нөхөж үзэх боломжгүй. Учир нь цахимаар хичээлээ зааж байгаа ч тухайн цаг үедээ амьд харилцаатай байж, хүн бүртэй тулж харьцахыг хүсэж байгаа. Тиймээс бичлэг хийж, тавих нь буруу сонголт гэж бодсон.    

-Жин хасах хүсэлтэй хүн балетаар хичээллэвэл хэр үр дүнтэй вэ?

-Би өөр дээрээ жишээ татахад, Ковидын үед миний хөдөлгөөн эрс багассан. Хэдийгээр өдөр тутамдаа дасгал хийж байсан ч бага багаар жин нэмсээр байсан. Балетын урлаг мэдээж эрүүл мэнд талаасаа хүнд эерэг үр дүн өгдөг. Мөн сэтгэл санаа тайвшруулах, бүх булчин шөрмөсийг зөөлнөөр ажиллуулах онцгой давуу талтай урлаг юм. Тэгэхээр жингийн байдалд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. 

-Сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс хөлийн хуруунд их ачаалал ирэх байх гэдгээс эмээж байж мэдэх юм. Надтай адилхан бодож байгаа хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сургалтад хамрагдаж эхэлсэн даруйдаа мэргэжлийн балетын хөдөлгөөн хийхгүй. Би энэхүү сургалтаараа хүмүүсийн мэддэг зүйлийг заана гэж хэлж болно. Маш энгийн байх болов уу. Өнөөдрийн сургалтад суугаад л балетчин болно гэсэн үг биш гэж хэлэх гээд байна л даа. 

Хамгийн гол нь, гоо зүйн мэдлэг, мэдрэмжээ илт дээшлүүлнэ. Өөрөөр хэлбэл, та өөрөө өөрийнхөө хамгийн төгс биеийг урлана. Хүн бүрт энэ боломж байдаг. Таны биеийн давуу тал, гоо сайхныг илүү тодотгож өгнө гэсэн үг. Тийм учраас зорин ирж, зохион байгуулж байгаа сургалтад маань залуус, бүсгүйчүүд, насанд хүрсэн хэн бүхэн идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна.

Сургалтын бүртгэл маань есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ. 

Жич: Сургалтын талаарх мэдээллийг ЭНД дарж унших боломжтой. 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин