• Эхлэл
  • МАН-ын залуучууд аа, “тавилан”-гаа дага!

МАН-ын залуучууд аа, “тавилан”-гаа дага!

2021/10/05

Олон жилийн түүхт, мөнхөд эрх баригч МАН хүчтэй, системтэй, мөнгөтэй, мундаг. Цөөнх байх тавилантай АН-ынхны дэргэд тэд залуу үеээ бэлтгэж, гаргаж ирж чаддаг. АН-ын залуучууд эхнээсээ өлгийдөө өтлөж байгаа бол МАН-д ид шижигнэсэн үе, үеийн залуучууд хангалттай байна. Магадгүй хойч үе 16, 18 настнуудаа тэд аль хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бүр дарга нарын уриа дуудлага, ах нарын заавраар 100, 60, 50 жилийн өмнөх шиг амиа өгөхөд ч бэлэн үе, үеийн залуучууд жагсаад гараад ирнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Тэд намаа дагавал ам тостоно гэдэгтээ эргэлздэггүй, МАН-ыг дагаж байж ажилтай, албан тушаалтай байна гэдэгтээ итгэдэг.

Гэхдээ уучлаарай МАН-д бас нэг шинэ өөр үе иржээ. Тэнд дугаар хорооноос ажлаа эхэлсэн залуу гэрэлт ирээдүйгээ мөрөөдөн суухад энд Обуна, Обуха, Номика сайдын суудалд тухалж, тэрбум тэрбумаар нь шоу хийж байгаа. Тэнд хэн нэгэн явган нүцгэн сурталчилгаа хийж гүйж байхад энд Оюукагийн ах хэдэн тэрбумаар шоу тархи угааж байгаа. Энд залуучуудын байгууллагад аранзал залуу насаа зольж дэрвэж яваа нэгэн хэзээ тэргүүн бүү хэл тэргүүлэгч болж чадахгүй бол тэнд Учрал, Баттүшиг тэргүүтэн тэрбумтны хүүхдүүд цойлж яваа. 

Худлаа гэвэл Сонгинохайрханаа хар. Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай, С.Мөнхчулуун гээд өчнөөн жил тойргоо тойглосон залуучууд өнөөдөр “их хаан”-ы хүү Э.Батшугарын сурталчилгааг хийгээд явж байгаа. Цаашдаа ч Сонгинохайрханы, Баянзүрхийн хэн нэгэн намдаа хэчнээн зүтгэлээ ч өв залгамжлагч, хун тайж, тохирооны ноёд хатад та нарын дээр буй гэдгийг нэгэн цагийн “дайсан”-ы хүүгээ та нарын дээр “залсан” яг өнөөдрийн жишээнээс харж болно. Та нар намынхаа төлөө зүтгэсэн үнэн, гэхдээ та нарт бялууны хэлтэрхий, үлдэгдэл л хуваарилагдана гэдгийг харж байгаа биз дээ. С.Мөнхчулуун л гэхэд хотын даргад ганцаараа нэр дэвшүүлж, нам нь дэмжихгүй болохоор бие дааж, нөхөн сонгуулийн өмнө хөөрхөн хөөрхөн мессеж хаяж байсан ч өнөөдөр хааны хүүгийн сурталчилгаанд шогшиж байхыг бодоход хувь “тавилан”-тайгаа эвлэрсэн хэрэг биз, бусад нь ч эвлэрээ биз. Магадгүй дээд заяатнууд шиг сайд, тойрог эс ч агентлаг, дүүрэг олдох байлгүй дээ.

Гэхдээ өнөөдөр ч гэсэн нам минь гээд гүйж байгаа хорооны, хэсгийн дарга хүнсний талон, нүүрсний квот, сонгуулиар олдох “ухуулагчийн мөнгө”-ноос өөр итгэл хүндлэл, үзэл баримтлал, үнэт зүйл, намын залгамж халаа, нэгдэл байхгүй гэдгийг үүгээр харуулаад байна даа.

Жич: Иргэдийн хувьд бүр найдаад байх ч зүйл үгүй, хүүхдийн мөнгө, хүнсний талон, хөнгөлөлттэй нүүрс, хашааны өнцөгт тараах мөнгөөр л та бүхнийг саналаа худалддаг гэж нэгэнт баталгаатай итгэсэн хүмүүс ялалтынхаа тоо, хувийг гаргачихсан сууж байгаа биз ээ.  

Эцэст нь сонгинохайрханчууд та нарыг энхрий хайрт нам чинь нэгэн эцэг, хүү хоёрын “тоглоом” болгож “зольж” байгааг зөвшөөрч байгаа бол ирээдүйд таныг юу хүлээж байгааг таамаглах зүйл үгүй биз ээ.  Мэдээж та үнэхээр өөрийн үзэл бодлоороо өөрсдийнхөө төлөөлөл болж чадна гэж үзэж байгаа нам, нэр дэвшигчээ сонгож байгаа бол өөр хэрэг л дээ.   

А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин