• Эхлэл
  • Баянхошуун дахь нийслэлийн шинэ төв буюу Сонгинохайрханчуудаас хулгайлагдсан боломж

Баянхошуун дахь нийслэлийн шинэ төв буюу Сонгинохайрханчуудаас хулгайлагдсан боломж

2021/10/06

Нэр дэвшигч Э.Бат-Үүл тойргийнхоо гэр хорооллоор явж иргэдтэй уулзжээ. Уулзалтын үеэр хамгийн их хөндөгдөж байсан эмзэг сэдэв аанай л гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Дахин төлөвлөлт яагаад зогссон бэ? гэдэг асуултыг амтай болгон Э.Бат-Үүлээс тавиастай. Телевизийн камер дагуулж яваад шууд дамжуулалт хийсэн болохоор зориуд санаатай үймүүлэх гэж ирээд дайрч давшлах нэгэн байхад үнэхээр сонсох хүнгүйдээд, явах газаргүйдээд Э.Бат-Үүл дээр ирсэн нь олонхи байна. Өнгөрсөн таван жил МАН-ын ухраасан, буцаасан олон ажлын нэг, Э.Бат-Үүлийн өөрийнх нь санаачилсан төсөл, “брэнд нэйм” учраас ингэх нь ч аргагүй.

Өмнөх 20 жилд нийслэлийн гэр хорооллыг “утаатай, жорлонтой, үмхий самхай” гэж ярвайх хүн олон байсан ч “Гэр хорооллыг дахин төлөвлөе, газрынх нь үнийг өсгөе. Хашааны газар бол хар алт юм шүү” гэж хэлсэн, бодлого бодсон нь Э.Бат-Үүлээс өмнө нэг ч байгаагүй юм. Ардчиллын 30 жилийн 20 гаруй жилд нь /2012-2016 онд ганцхан удаа АН эрх барьсан/ МАН нийслэлийг удирдсан. Ингэхдээ нийслэлчүүдийг “гэр хорооллынхон”, “байшин хорооллынхон” гэж хоёр хуваагаад, гэр хорооллынхныгоо, харанхуй бүрэнхийгээр дуудаж, дарлах янзтай явж ирсэн. Сонгууль болохоор “гэр хорооллынхонд сурталчилгаагаар яах юм. Гарт нь таван цаас атгуулаад саналыг нь авна” гэж дээрэлхэнэ.

Тэр 20 гаруй жилийн харанхуй бүрэнхийд гэрэл гэгээ оруулах гэж зориглосон, зүтгэсэн хүн нь ганц Э.Бат-Үүл. Яг үнэндээ өнгөрсөн 30 жилд нийслэл хот эзэнтэй айл шиг байсан нь дөрөвхөн жил. Автобусны карт, дугаарын хязгаарлалт, нэгдүгээр эгнээ, гудамж төсөл, уулзваруудын өргөтгөл, гэр хороолол, зуслангийн замууд... Жилийн жилд утаа, тоосондоо баригдан халтайж, шүүрэн шанага болсон онгорхой зам дээр өдөржин хараал урсгаж өнгөрдөг байсан нийслэл маань дөрөвхөн жилийн дотор нуухыг нь авсан юм шиг л онгойгоод, цэмцийгээд ирсэн дээ.

Хамгийн анх ажил аваад “Хотын захиргааг Баянхошуу рүү нүүлгэнэ. Хот гэдэг их айл хамгийн эмзэг цэгээсээ түрж хөгждөг юм аа” гэж хэлсэн. 2013 онд УИХ-аар тогтоол гаргуулсан. Одоо ч тэр тогтоол нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Ханын материалын эцэст газар чөлөөлж, хотын захиргааны шинэ барилгын шавыг тавьж, хөрөнгө мөнгө, зураг төслийг нь баталчихаад ажлаа өгсөн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэхдээ Э.Бат-Үүл "Баянзүрхийг франц маягаар, Чингэлтэй герман маягаар, Сонгинохайрханыг итали загвараар хөгжүүлнэ, зураг төслийг нь ингэж хийнэ" гэж ярьж байв. Тэр үед эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт одооных шиг нэг, хоёр өрөө байраар хашааныхаа газрыг тулах тухай байгаагүй юм. Ус, дулаан, цэвэр, бохирынх нь шугамыг айл айлын хашааны үүдэнд аваачаад өгчихвөл хүссэн нь хашаандаа хаус бариад амьдрах тухай байсан. Өөрсдөө барьж чаддаггүй юм гэхэд арав, хориулаа нийлж газраа чөлөөлөөд, барилгын компаниудтай гэрээ хийгээд, илүүдэл талбайгаа зарахад долларын саятан болох боломж байлаа. Тийм болохоор Сонгинохайрханчууд “Хэрвээ МАН гарч ирээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоочихоогүй бол манай Баянхошуу өнөөдөр Ганнам стайл болох байлаа” хэмээн ярьж байна.

1980-аад онд Сөүлийн хамгийн ядуу, хөгжил буурай хороолол байсан Ганнам дүүрэг гучхан жилийн дотор Солонгосын хамгийн нөлөөтэй, хөрөнгөтэй хүмүүс зэрэг зиндааг тодорхойлох болсны нууц нь ердөө газрыг үнэд оруулсан явдал. Өнөөдөр Ганнамд Өмнөд Солонгосын хамгийн том сүлжээ дэлгүүрүүд, IT компаниуд, алдартай их сургуулиуд багширч, Google, IBM, Toyoto гээд дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчид төв оффисоо байгуулж байна. Ганнамд дундаж тавилгатай нэг өрөө түрээслэхэд 10 мянган доллар. Америк, Европоос 3,5 дахин үнэтэй. Ганнамын оршин суугчдын амьдралын түвшин, өртөг тэгж өссөн байна. Харин Сонгинохайрханчуудад юу тохиолдов?

2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН Баянхошуунд төлөвлөсөн бүтээн байгуулалтыг цуцалж, хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэр гаргасан. Хана, Баянхошуу руу инженерийн шугам тавих концессийг цуцлаад, Нүхтийн ам руу мөнгийг нь цутгасан. Хотын захиргааг нүүлгэх сургаар хашааны газрын үнэ Баянхошуунд яаж өсөхийг хажуунаас нь харж байсан МАН-ынхан “Аанхаа, газрын үнийг ингэж өсгөдөг байх нь” гээд авилга, арын хаалгаар авч өгөлцсөн өөрсдийнхөө газрыг үнэ хүргэхийн тулд Сонгиночуудаас боломжийг нь хулгайлсан хэрэг. Угаасаа Э.Бат-Үүлээс өмнөх хотын дарга нар бүгд газрын наймаачид байсан шүү дээ. Э.Бат-Үүлийн дараа ирсэн дарга нь өмнөх дарга нарынхаа хувааж авсан газрыг эргэлтэнд оруулж өгсөн. Баянхошуунд хөгжил дагуулах ёстой хотын захиргааг Яармаг руу нүүлгэсэн шалтгаан ердөө л энэ.

Харин Баянхошуунд хотын захиргаа ирэх сургаар 200 сая төгрөг хүрч байсан хашааны газар өнөөдөр чадан ядан 30 сая төгрөг. Нэг өрөө байрны урьдчилгаанд явж байгаа. Авилгачдын оймсноос сул асгардаг мөнгө найман нэрийн барааны жижиг дэлгүүрийн 10-20 жилийн орлоготой тэнцэж байхад Сонгиночууд бухимдахгүй гээд яах юм. Э.Бат-Үүл байхдаа нийслэлийн төсвөөс гэр хорооллын барилгажилтад баталж өгсөн бүх мөнгийг Су.Батболд нь буцааж татаад, баригдаж дуусаагүй баахан барилгуудыг балгас болгоод хаясан. Сонгинохайрханы 10-р хороо, АШҮ-ийн 120 айлын тал нь газраа чөлөөлөөд таван давхар орон сууцны барилга эхлүүлсэн. 2016 онд Су.Батболд гараад барилгын ажлыг санхүүжүүлтгүй зогсоосон. Одоо нохой, шувууны үүр. Аргаа барсан айлууд нь "ядаж хогийг нь холдуулаад өгөөч" гэхээр "Танайх дахин төлөвлөлтөд орсон" гээд хороо, дүүрэг нь хаясан. Дахин төлөвлөлтийг дэмжиж, газраа чөлөөлснийх нь төлөө зүгээр л тэднийг яллаж байгаа юм.

Э.Бат-Үүл Баянхошуунд баригдах хотын захиргааны шинэ барилгыг 37 тэрбумаар төсөвлөсөн. Су.Батболд Яармагт 100 тэрбумаар барьсан. Хоёр даргын гар дамжиж барьсан 68000 м.кв талбайтай хотын захиргааны шинэ барилга хоёр жил ашиглалтгүй зогсож байна. Д.Сумьяабазар нь хотын дарга болоод “Яармаг руу нүүхгүй” гэсэн. Сая Засгийн газар нь хүчээр нүүлгэх үүрэг өглөө. Сонгууль дууссаны дараа дахиад “Нүүхгүй” л гэнэ.

Учир нь хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ гэж зөрүүдэлсэн цорын ганц шалтгаан нь авилгачдын авсан газрыг эргэлтэнд оруулж, үнэ хүргэх л байсан. Одоо Яармагийн замын урд тал, Богд уулын энгэр, бэл тэр чигээрээ байшин хороолол болсон. Хүн явах байтугай нохой шээх газар үлдээгүй. Тийм болохоор хотын захиргааг Яармаг луу нүүлгэвэл тэртэй тэргүй ачааллаа даахаа больчихоод байгаа Яармаг, Нисэхийн зам тэг зогсолт хийхэд хүрнэ. Нийслэлчүүдийн орох гарах үүд хаалга, нисэх онгоцны буудалтай холбодог ганц зам шүү дээ. Энэ хөдөлгөөнийг хаачихвал нийслэл тэр чигээрээ тэг зогсолт хийнэ гэсэн үг.

Гэвч хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх УИХ-ын тоглоол одоо болтол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Эрүүл саруулаар бодвол Д.Сумьяабазар нь яав ч хотоо тийш нь нүүлгэхгүй. Үлдсэн ганц боломж нь Э.Бат-Үүлийгээ УИХ-д оруулж ирээд 2013 онд УИХ-аар баталсан хотын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Сонгиночуудад сонголт байна.

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин