• Эхлэл
  • Баривчилгаа ба “аз жаргал”-тай Монголхүү

Баривчилгаа ба “аз жаргал”-тай Монголхүү

2021/10/08

Зарим нь бензиндээ, зарим нь нүүрсэндээ оочерлож байх зуур, манай яруу алдарт цагдаа нар нэгэн залууг гэрээс нь хулгайлан баривчлав. Мянган хүн гэрлэн шоу хийж байхад юу ч хэлж чадаагүй болохоороо ганцаараа талбайд сууж байсан залуучуудыг хөөж бараагүй. Эцэст нь Монголхүү гэгч этгээд зургаан цагдааг ганцаархнаа зодчихсон юм болж таарав. Араас нь дахиад баривчилгаа, дахиад баривчилгаа… Хууль зүйн яамны өмнө цагдаа, иргэд “пээврэн” сандал бөмбөг шиг шидэлж, арав гаруй хүн нэмж баривчлан цэргийн мундаг хүн “461-р ангиас иргэн Монголхүүг булаагаад аваад явчихсан” гэж… юу ч эс болов доо.

Харин бензинд оочерлосон иргэд Монголхүүгийн оймсыг гозогнуулахыг хүсэнгээ

-Төрийн цагдаагийн өмнөөс их дальжигнаад байсым аа даанч

-Энэ муусайн ардчилагчид арай даварч байна, Монгол шиг сайхан эрх чөлөөтэй орон хаана байна, хэтэрхий их эрхэлж байгаа шүү таануус … этр

-Шантаажчин, дээрэмчин… хууран мэхлэгч… Гар утасны камер дээр дүрс урвуу гардгийг ч мэдэхгүй гарууд “Баруун гар гэмтсэн гэснээ, зүүн гар гэж шоудсан” этр гэж мэдэмхийрч, ганц залуу зургаан цагдааг хэмх зодсонд бүр эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

“Хөгжмийн найруулга” сүүлдээ хэтрээд хэдийгээр өмнөх хэргээр дахин яллах муухай ч хүний амь хөнөөсөн нэгэн хэвлэлийн хурал хийж, албан ёсоор заналхийлж, цагдаа нар амиа алдаж байхад ч дуугарч байгаагүй “цагдааг хамгаалах холбооныхон” “Бид арав гаруй жил дуугай байлаа …” гэж ирээд л цагдаа нарыг өмөөрөхөө мэдэгдэв.

Харамсалтай нь тэд Монголхүүг яагаад эсэргүүцэл илэрхийлснийг “мэдэж” чадсангүй. Тийм болохоор өнөөдөр Монголхүү, маргааш танай хүүг, нөгөөдөр таныг баривчилж болохыг ч “мэдэхгүй” байгаа. Ядаж байхад юм болгоныг эсэргүүцсээр байгаад “жаргадаггүй” Жагараас эхлээд өдгөө Төрийн ордонд морилж буй “Шударга таван гишүүн” гээд гээд жагсаал тэмцлийн утгыг алдагдуулагсдын нэгэн адил хэнээтэн гэж түүнийг ойлгуулахыг хичээж байна. Троллууд ч, тролл гэлтгүй төр бол өөрсдийг нь ивээгчид гэж итгэдэг болсон аз жаргалгүй эрх чөлөөтнүүд шүлсээ үсчүүлэн дайрч байна. Хуулийн тэгш байдлыг шаардсан Монголхүү нарын тэмцлийг Жагар, Зандан нарын адил харагдуулах сонирхолтой ч байгаа биз.

Гэвч “Жаргадаггүй” Жагарын дэргэд “жаргалтай” Монголхүү:

“Өнгөрсөн хугацаанд бид нэг зүйл, хуулийн эрх тэгш байдлыг шаардаж байсан. Би ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, оргон зайлахгүй. Би монгол улсын иргэн хүн. Хуулийн дор амьдардаг, хуулиа сахина.

Бидэнд байгаа цорын ганц байгаа үнэт зүйл бол эрх чөлөө. Эрхээ мэддэг хүн олон байгаасай гэж хүсэж байна. Ардчилсан Монгол улсын иргэдээ өөрийнхөө эрх, эрх чөлөөг мэдээд, үнэлээд, хайрлаад явах нь бидний цорын ганц баялаг шүү” гэж хэлээд “аз жаргал”-тайгаар хоригдохоор явлаа.

Юуны төлөө тэмцэж, ямар хүчтэй тулгарч байгаагаа мэдэж байгаа учраас үнэт зүйлээ дэвслүүлснээс “30 хан” хоног шоронд хоригдсон нь дээр гэж “аз жаргал”-гаар шийдсэн нь энэ биз. “Жаргадаггүй” Жагар шиг юуны ч хамаагүй эсрэг тэмцэж, хашгирах эсвэл эрх чөлөөтэйгээ гайхан байж хөнгөлөлттэй нүүрсэндээ оочерлож, нэмэрт нь дарга нартаа дэндүү их эрхэлж байгаагаа дуудуулж, даргын тушаалаар бороохой барин дайрах цагдааг “Төрийн цагдаа намайг хамгаална” гэж худлаа сүсэглэж байснаас 30 хоног хоригдох нь дээр л байлгүй яах вэ? Харамсалтай нь, үүнийг ойлгож байгаа хүн “аз жаргал”-тай Монголд маань хэд ч байгаа юм бэ?

Өнөөдөр бараг хуулийн тэгш байдлыг шаардсанынхаа төлөө 30 хоног хоригдож байгаа Монголхүүг мартаад төв талбайд реп үглэж, бүжиглэж байгаа бондгор залуу эрх чөлөөний билэгдэл болчихсон явж байгаа байх. Ингэж маанагтуулж, тэмцлийн эрчийг мохоох нь эрх баригчдын зорилго юм чинь. Бүжиглэж байгаа хүнийг баривчлаад ч яах юм билээ???

Эцэст нь хэлэхэд даргын эсрэг \мэдээж дарга нартаа баярлаж, гялайсандаа жагсч цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэв гэж…\ жагсаал хийхдээ дарга нараасаа зөвшөөрөл авдаг эрх чөлөөтэй ард түмэндээ дахиад “аз жаргал” хүсье.

Нүдэн дээр чинь хүн баривчлаад, хүчээр далайлгаж байхад төрийн цагдаагаа хүндлээгүй, балмад этгээд гэлцэж байгаа хүмүүс хүссэнээ л хүртэхээс өөр яах вэ дээ? Хүний эрхийн мэдлэг бүү хэл, хуульт ёст нийгэмд амьдарч байгаагаа ч мартсан төлгөн коммунист сайдынхаа удирдлагаар сонгуульд саналаа өгөхөөр өнөөдөр догдлон суугаа биз. Хонийг өрлөж алахаар өөд нь харуулахад “Эзэн минь надад тэнгэр харуулав” гэж баярладаг шиг.

За тэгэхээр одоо хүнсний талоноо аваад, сонгуулиа өгөөд тайван сайхан харьцгаагаарай, хамаагүй бөөгнөрч зогсвол баривчлагдана шүү. Өө нээрээ тийм эрх баригчдад саналаа өгсөн бол хашааны буланд бөөгнөрч, мөнгө төгрөг өгч авалцаж, гэрлэн шоунд хэдэн мянгаараа шахцалдан хөөрөлдөж, 100 жилийн ой тэмдэглэж бөөгнөрсөн ч тараахгүй, шударга дарга нарын зөвшөөрлөөр жагсвал баривчлахгүй шүү дээ.

Юу “захиалсан” түүнийгээ хүртэж, “аз жаргал”-тай амьдарцгаагаарай, “ард түмэн” мээн…  Бараг та нараас  шоронд хоригдож байгаа Монголхүү илүү “аз жаргал”-тай байгаа даа.

А.Алтантуяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин