• Эхлэл
  • Д.Гантулга МЗХ-г МАН-ынх болгохоор улайрч байна

Д.Гантулга МЗХ-г МАН-ынх болгохоор улайрч байна

2021/10/28

Монголын Залуучуудын Холбоо хэмээх үйлтэй гэмээр байгууллага дахиад л “чөтгөрийн тойрог”-тоо эргэлдэж эхлэв. Нэг хэсэг бөө зайран Ерөнхийлөгчтэй хэмээн нэр нь шалдаа унаад байсан холбоо сүүлийн үед овоо сэргэж 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж байсан бол өнөөдөр хоёр талд нанчилдаж эхэлжээ.

Гол маргаан нь 100 жилийн ойн найрны тэргүүн магнайд цэнхэр торгон дээлтэй ханхалзаж суусан Ерөнхийлөгч нь дэд ерөнхийлөгч, Удирдах хороо нууцаар МЗХ-гийн нэг хэсгийг нурааж, 16 давхар байшингийн шав тавьж эхэлснийх. Удирдах зөвлөл нь байшин бус зөвхөн засвар хийнэ гэж зөвшөөрөл авсан гэж, Ерөнхийлөгч нь барилгын гэрээгээ цуцалсан гэж гүрийж. Гэвч түрээсийн мөнгөөр машин авч, тэрийгээ барьцаанд тавьсан, холбоогоо Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Удирдах хорооныхоо нэрийг “дараад” ганцхан өөрийгөө бүртгүүлчихсэн гээд “Хүрээний булайг дэлгэвэл далай” гэдэг шиг бөөн асуудал.  Өмнөх Ерөнхийлөгчөө нанчилдаж байж буулгаснаас жил гаруйхны дотор дөрвийн дөрвөн генсек сольсон гээд л бодчих.

Удирдах хороо үгээ сонсохгүй, хязгааргүй эрхтэй хаан шиг аашилдаг болсон гэсээр  Удирдах хороо нь Ерөнхийлөгчөө Үндэсний залуучуудын зөвлөл \ҮЗЗ\ хуралдах хүртэл албан тушаалыг нь түдгэлзүүлж, түүний ганцаараа мэдээд томилчихсон байсан хүндэт ерөнхийлөгчийг мөн хүчингүй гээд зарлачихсан. Хүндэт ерөнхийлөгч нь “бандааш” нэрээр алдаршсан гишүүн асан Д.Гантулга шүү дээ. 

Атал эрх түдгэлзсэн Ерөнхийлөгч нь, хүлээн зөвшөөрөгдөөгүй хүндэт “бандааш” ерөнхийлөгчтэйгээ нийлээд зарласан хурлаас хоёрхон хоногийн өмнө гэнэт нууцаар дахиад нэг ҮЗЗ зарлачихав. Түүнд нь НАМЗХ-ын оюутнууд голдуу, “эрхэм” хүндэт Ерөнхийлөгч Гантулга, дэд сайд Батнайрамдал тэргүүтэн цуглан дахиад 12 дэд ерөнхийлөгч томилчихов.

Ингээд нэг талд Удирдах хорооны долоон гишүүн, нөгөө талд хаан шиг эрхтэй Ерөнхийлөгч болон “эрхэм” хүндэт ерөнхийлөгч нар нанчилдаж байна.  Дүрмийн талаас шийдэхэд маш амархан асуудал ч ийн нэг ерөнхийлөгч даам гарсан нь эрх баригч намын нөлөө орж байгаа гэх хардлага төрүүлсэн. Угаасаа эрх баригч нам болгон залуучуудын холбоо руу шүлсээ асгаруулдаг, сонгуулийн үеэр гол түшиц газраа байлгахыг хүсдэг. Жил гаруйхны өмнө намны нөлөөнөөс ангид байлгана гээд байсан холбоо ийнхүү улаан намынхаа гарт эгнэгт оров уу гэлтэй  “27-нд МАН-ынхан, 29-нд АН-ынхан хуралдана. АН угаасаа мөнгөгүй, МАН-ын нүүрэн дээр манай холбоо жаргана” гэсэн цуурай тархаасан сурагтай.

Эрх баригч нам бяртай, мөнгөтэй нь үнэн. Гэтэл үхэж үхэж үлдсэн ганц гэгчээр залуучуудын байгууллагаа залуучууд нь намаас ангид байх Ерөнхийлөгч нь өөрөө барын аманд хийгээд өгчихвөл яалтай. Өөдөөс нь сөрж байгаа залуучууд бор зүрхнээс өөр зүйлгүй хүч дутаж байгаа бололтой. Юу л болох юм бол доо???

МЗХ дахиад эрх баригч намын “бандааш” болох уу, шилээ нэг шөргөөгөөд  шинэчлэгдэх үү гэдгийг  харах л үлд эж дээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин