• Эхлэл
  • Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна

Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна

2021/12/06

“Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, байгууллагууд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ дагуу 2022 оны төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хийгдэх, 100 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулна. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тендер оройтож, хэн хариуцаж буй нь тодорхой бус, хийгдэх ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зэрэг асуудал гардаг байсан. Энэ удаад дээрх асуудлуудыг гаргахгүй байх үүднээс цахим хэлбэрт шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтууд цаг хугацаандаа хийгдэж, аж ахуйн нэгжүүд нээлттэй оролцох, төрийн хүнд суртлыг багасгах, гүйцэтгэлийн чанарт ахиц гарч, хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан аж ахуйн нэгжүүд гэрээний гүйцэтгэлийг эрчимжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг чанаргүй хийсэн, сэтгэлгүй хандсан аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, гурван  жилийн хугацаагаар тендерт оролцох эрхийг нь хязгаарлаж, хар жагсаалтад оруулна. Одоогоор эрхээ хязгаарлуулсан буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа” гэлээ. 

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өдөрт дунджаар 64 тендерийн урилга зарлаж, жилд 21000 орчим тендер шалгаруулалтыг энэхүү системээр дамжуулан зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор зохион байгуулж дуусгахыг холбогдох төрийн байгууллагуудад өгөөд байна. Цаашид төрийн худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгахын тулд хуульд шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн яам, БШУЯ, БХБЯ, Төрийн худалдан авах ажиллагааны газар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин