• Эхлэл
  • Б.Чулуудай: Улсыг хохироосон гээд байгаа 1.3 тэрбумынхаа дэд бүтцийн ажлыг “Бэрэн” групп гүйцэтгээд нийслэлд хүлээлгээд өгчихсөн

Б.Чулуудай: Улсыг хохироосон гээд байгаа 1.3 тэрбумынхаа дэд бүтцийн ажлыг “Бэрэн” групп гүйцэтгээд нийслэлд хүлээлгээд өгчихсөн

2021/12/23

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн ярилцлагыг хүргэж байна.

-Хотын дарга асан Э.Бат-Үүлд оноосон шүүхийн шийдвэрийн талаар таны бай суурийг сонсъё?

-Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд аавыг минь болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийсэн мэдээлэлд дурдагдсан “Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон” гэдэг нь огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Учир нь мөрдөн байцаалтын явцад болсон шинжээч нарын дүгнэлтэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол нийслэлд учруулсан гэх нэг ч үг, үсэг, үйлдэл байхгүй. 1.3 тэрбум төгрөг нь мөрдлөгийн явцад прокурорын шатанд нийслэлээс хохирол хэмээн оруулж ирсэн дүн юм. Энэ мэтчилэн прокурорын зүгээс мөрдөн байцаалтын явцад хийгдсэн олон хууль бус үйлдлүүдийг тухайн үед гаргаж тавьсан. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон гэж мэдэгдэж байгаа асуудлуудын хүрээнд бид давж заалдах болно.

-Давж заалдах шүүх хурал хэдийгээр тогтох бол?

-Шүүхийн албан ёсны тогтоол гарсны энэ процесc явна. Мөн өмгөөлөгч, хуульчдынхаа байр суурийг илэрхийлж олон нийтэд хэргийн талаарх үнэн зөв мэдээллийг хүргэнэ. Тиймээс хэргийн холбогдолтой баримт материалын талаар нарийн зүйл ярих боломжгүй байна. Учир нь эргээд шүүхэд нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж мэднэ.

-Нийгэм, цахим орчны уур амьсгалаас харахад Э.Бат-Үүл гуайг хилсдүүллээ гэдэг байр суурь дийлэнх байна. Та ч аавыгаа хэлмэгдсэн гэж мэдэгдсэн. Энэ байр суурь дээрээ хэвээрээ байгаа юу?

-Хэвээрээ. Яагаад гэвэл аав минь энэ хэрэгт огт холбоогүй. Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй.

-Яагаад ийм юм болчихов гэж та харж байна вэ?

-Гадуур бичээд яриад, хүмүүсийн хардаад байгаа шиг улс төрийн захиалга явж байгааг үгүйсгэхгүй. Гэвч миний аав эцсээ хүртэл Монгол Улсынхаа шүүх байгууллагад итгэж байгаа. “Монгол Улсын шүүх хараат бус байх нь бидний тусгаар тогтнолд хэрэгтэй. Шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ” гэдгээ ч шүүх хурлын үеэр үргэлж хэлж байсан. Тийм учраас шүүх байгууллагаа үргэлж хүндэтгэж ирсэн. Харин миний хувьд бусадтайгаа адил шүүх энэ хэргийг шударга шүүсэн гэдэгт эргэлзэж байгаагаа албан ёсоор илэрхийлье.

-Аав нь хотын дарга учраас хүүгийнхээ компанид тендер өгчихсөн л гэж олон нийт дайраад байгаа?

-“Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийг хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах журмын дагуу “Гранд Лайн” компани тухайн үед иргэдээс хамгийн олон санал авч уг төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдож, БЗД-ийн 12 дугаар хорооны Амгалан орчимд 15.3 га газарт дахин төлөвлөлт хийхээр болсон. Тухайн үед уг байршилд дахин төлөвлөлт хийх сонирхолтой 14 компани өрсөлдсөн. Оршин суугчид УИХ-ын сонгуульд саналаа өгч байгаатай адил өрсөлдөгч компаниудаас сонгож саналаа өгсөн. Ингээд шалгаруулалтаар манай компани сонгогдсоныг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч мөн л журмын дагуу батламжилсан. Тухайн компани дахин төлөлвлөлт явуулах талбарт хамрагдах иргэдийнхээ 70-аас дээш хувьтай гэрээ хийсэн тохиолдолд тэр батламжийг олгодог. Энэ үзүүлэлтийг хангаж, бусад байршлуудад сонгогдсон 17 компанийн нэгэн адилаар манай компани батламжаа авсан. Үүнийг Төслийн удирдах хороо хянаж үзээд батламж олгосон. Энэ Төслийн удирдах хороонд Бат-Үүл гэдэг хүн ямар ч хамаарал, оролцоо байдаггүй. Энэ хороог тухайн үеийн НИТХ-ын шийдвэрээр байгуулсан. Түүнээс биш Бат-Үүл гэдэг хүн хүүтэйгээ сууж байгаад шийдчихдэг зүйл огт биш.

-Ер нь тэр 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл, хаанаас, юунаас эхтэй юм бол?

-Шүүх хурлын явцад 1.3 тэрбумаар хэн яаж хохирсон нь тогтоогдоогүй. 1.3 тэрбум нь ямар учиртай вэ гэвэл дахин төлөвлөлт явуулах талбарын дэд бүтцийн ажлын техникийн нөхцөл явцын тунд өөрчлөгдсөн байдаг. Тэр нь яасан гэхээр нэгдүгээрт, дэд бүтцийн ажлыг хийх явцад дулааны шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг Төслийн хорооноос гаргасан. Үүний дагуу тавигдах дулааны шугамын хэмжээ нэмэгдсэн. Хоёрдугаарт дулааны шугам авахаар анх тогтоосон цэгт үерийн далан таарсан учраас 900 гаруй метрийн зөрүүтэй өөр цэгээс дулааны шугам татахаар болсон. Ингээд дэд бүтцийн ажил хийх зардлын төсөв нэмэгдэж, 1.3 тэрбум болсон байдаг. Гэхдээ энэ ажлууд Грандлайн компанийг Бэрэн групп руу шилжүүлсний дараа болсон үйл явдал. Үнэндээ надад ямар ч хамаагүй. Дээрээс нь улсыг хохироосон гээд байгаа 1.3 тэрбумынхаа дэд бүтцийн ажлыг “Бэрэн” групп гүйцэтгээд нийслэлд хүлээлгээд өгчихсөн. Одоо тэр дулааны шугамаас ойр хавийнх нь эмнэлэг, сургуулиуд дулаанаа авч байгаа юм билээ. Ийм л зүйлийг аав бид хоёр дээр тохож улсыг хохироосон гэж үзээд байгаа.

-Төслийн удирдах хороо гэдэг нь хаанаас бүрдсэн ямар байгууллага байсан юм бол?

- Ардчилсан нам 2012 онд Нийслэлд олонх болоод ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн шийдвэрээр Төслийн удирдах хороог байгуулсан. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль болоод Үндсэн хуулийн заалтуудын хүрээнд дахин төлөвлөлтийн журмыг баталсан. Яг л энэ журмын дагуу дахин төлөвлөлтийн ажлууд явсан.

-Танай компани төсөлд шалгарах үедээ сонгон шалгаруулалтын нөхцөлийг бүрэн хангаж байсан юм уу?

-Манай компани “Зуншин”, “Сайран булган” компаниудтай хамтарч консерциумын гэрээ байгуулж оролцсон. Энэ хоёр компани хоёулаа Монгол Улсын барилгын салбарт үйл ажиллагаа явуулааад 10 гаруй жил болсон туршлагатай компаниуд байсан.

-Тэгвэл яагаад зөвхөн “Гранд Лайн” компанийн нэрээр гэрээ хийчихсэн юм бэ?

-Манай Гранд Лайн компани “Зуншин” “Сайран булган” компаниудтай консерциум байгуулах гэрээ хийсэн. Тэгэхдээ нөгөө хоёр компаниа төлөөлж гарын үсэг зурж, иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахаас гадна, удирдан зохион байгуулах, хөрөнгө мөнгө босгох гэх мэт үүргүүдийг хүлээсэн юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу консерциумыг төлөөлж гэрээ хэлэлцээр хийсэн. Гэтэл зөвхөн манай компанийг давуу эрх эдэлсэн мэтээр мушгин гуйвуулсан байдаг. Дахин төлөвлөлтийн төсөлд оролцох компаниуд консорциум хэлбэрээр буюу хэд хэдэн компани хамтарч төсөл хэрэгжүүлэх боломжтой гэсэн шалгуурыг дахин төлөвлөлтийн журамд тусгасан байсан.

-Танай компани дахин төлөвлөлтөд хамрагдах иргэдэд ямар нөхцөл боломж санал болгосон юм бэ?

-Бусад компани иргэдэд ямар нөхцөл санал болгож байсныг мэдэхгүй. Харин манай компани нэгдүгээрт, иргэдийн 0.07 га газрыг 120 метр кв байр, хоёрдугаарт , нийгмийн хариуцлагын хүрээнд дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхийн гишүүдийг ажлын байраар хангах санал тавьсан. Бид тухайн хороонд байгаа ажилгүй, орлогогүй иргэдийн судалгааг хийсэн. Үүндээ үндэслэж энэ саналыг гаргасан. Бид тэдэнд өөрсдийн амьдрах орон сууцныхаа бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож, орлоготой болох санал тавьсан. Цаашлаад иргэдийг бүлэг хоршоо байгуулж, бүтээн байгуулалтын ажилд оролцох саналыг тавьж байсан. Мөн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах Худалдааны төвөөс таван метр кв үл хөдлөхийн талбайг нэмж иргэддээ олгоё гэсэн. Энэ нь бусад компаниудын тавьсан саналуудаас илүү иргэдийн хүсэл шаардлагыг хангасан байх. Нөгөөтэйгүүр дахин төлөвлөлтийн гол ажлын хүсэл зорилго нь энэ л байх ёстой гэж бид ойлгож байсан. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, эх оронч бүтээн байгуулалтын ажил гэж бодож явлаа.

-Нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгачихаж болоогүй юм уу?

-Бид төсөлд шалгараад 41 айлын газрыг чөлөөлөх, нүүлгэх зэрэг ажлуудыг тухайн айлуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Бусад бүтээн байгуулалтын ажлуудад ч тэднийг хамруулаад эхэлчихсэн байсан. Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа сар бүр түрээсийн байрны төлбөрийг нь төлж явсан. Энэ хугацаанд барилгын олон тооны техник, хүнд даацын машин механизм, бусад хэрэгслүүдийг авсан. Зам талбай чөлөөлж, цахилгаан, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахаас авахуулаад барилгын суурь, хэв хашмал, хашаа хороо, хяналтын систем, оффисын барилга гээд барилгын ажил хийхэд шаардлагатай бүхнийг бүрдүүлж, ажилчдын байр барьж, сургалтад хамруулж, тэдний цалин хөлсийг нь шийдсээр явсан. Гэвч тухайн үед өдөр бүр л аав бид хоёрыг “Хулгайч, луйварчин, аав нь хүүдээ давуу эрх олгосон” гэх мэтээр дайрч гүтгэж, бүх зүйлийг улстөржүүлж, дахин төлөвлөлтийг бүхэлд нь гутаах ажиллагаа эхэлсэн учраас бид цаашид энэхүү төслөө хэл амны бай болгохгүйн төлөө өөр компанид шилжүүлэхээр шийдсэн.

-Бэрэн групп танай компанийг шилжүүлж аваад газраа чөлөөлсөн айлуудыг байранд оруулсан юм уу. Хохирсон, орон гэргүй болчихсон иргэн байгаа юм уу?

-Газраа чөлөөлсөн айлууд маань “Бэрэн” группын барьсан долдугаар хорооллын Хангай хотхонд нүүж орсон байна лээ. Зарим нэг нь орон сууцныхаа тодорхой хэсгийг урьдчилсан хэлбэрээр тохирч Хангай хотхоноос аваад, үлдсэн метр квадрат байраа төслийн дагуу баригдах орон сууцнаас авна гэж “Бэрэн” групптэй тохирсон юм билээ. Шүүх хуралдааны явцад, хавтаст хэрэгт авагдсанаар энэ төслийн хүрээнд хохирсон, орон гэргүй болсон айл өрхийн асуудал нэг ч байгаагүй. Орон гэргүй болж хохирсон нэг ч иргэний нэхэмжлэл шүүх хурал дээр яригдаагүй. Тийм зүйл шүүх дээр огт яригдаагүй.

-“Бэрэн” групп яагаад төслийн талбар дээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, дахин төлөвлөлтийн барилгаа барихгүй өдий хүрсэн юм бэ?

-“Бэрэн” компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Хамгийн гол нь төслийн талбар дахь дэд бүтцийн ажлыг нь нийслэлээс хийлгэхгүй байсаар өнөөдрийг хүргэлээ. Дэд бүтцэд шаардлагатай санхүүжилтийг нь нийслэл өгөхгүй байгаа. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх хотын удирдлагууд тухайн төслийн дэд бүтцийн ажлын санхүүжилтийг олгоогүйгээс болоод энэ ажил зогссон. Тиймээс дахин төлөвлөлтөд хамрагдахаар хүлээж байгаа иргэдийн хувьд бухимдах нь мэдээжийн хэрэг. Харин тэднийг ашиглаж, эсрэгээрээ биднийг буруутгахад турхирч, улс төрийн ашиг хонжоо хайсаар өнөөдрийг хүргэлээ.

-Таныг Грандлайн компаниа “Бэрэн” группт худалдаж, тус компаниас мөнгөө гаргуулж авахын тулд “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлсэн гэдэг хардлага яваад байна лээ?

-Бэрэн компани 2013 онд гарсан Засгийн газрын тогтоолоор Утаагүй Улаанбаатар, 40 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрийн хүрээнд ТОСК-тай хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ хийж, долдугаар хороололд зорилтод бүлэгт зориулсан орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн байдаг юм байна. Энэ нь нийтдээ зургаан блок, 700 айлын орон сууцны хорооллыг, нэг метр квадратыг нь 850 мянган төгрөгөөр тооцож, иргэдэд олгохоор зорьж ажиллаж байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор гэрээнийхээ дагуу төслийн мөнгийг ТОСК-иас Бэрэн рүү шилжүүлсэн юм билээ. Үүнийг нь олон нийтэд ойлгуулахдаа мөнгө угаасан гэдэг. Гэтэл хийгдсэн гэрээнүүд нь цаг хугацааны хувьд манай компанитай ямар ч хамааралгүй байдаг. Тэгээд ч “Бэрэн” компани 700 айлын орон сууцаа гэрээнийхээ дагуу бариад дуусгачихсан. Үүнийгээ хүлээлгээд өгье гэхээр ТОСК нь одоо болтол хүлээж авдаггүйгээс болж аж ахуйн нэгжийн маргаан үүссэн юм байна гэдгийг шүүх хурлын явцад мэдсэн. Аа ахуйн нэгжүүдийн хооронд гэрээгээр хийсэн ажлыг хаа байсан бидэнтэй авчирж холбоод идсэн уусан болгож харагдуулж байгаа нь яалт ч үгүй улс төрийн захиалга гэхээс өөр юу гэх билээ.

-Шүүх хурал нэлээд хугацаанд хойшилж байгаад Ерөнхийлөгч ОХУ-д айчлах үеэр богино хугацаанд шийдлээ. Таны аавыг энэ үеэр хорьсон нь улс төрийн захиалгатай гэж харах хүмүүс ч байна...

- Сайн мэдэхгүй юм. улс төрийн захиалгатай гэж хардаж байгаа маш их хүн бий.

-Та энэ хэрэгтэй холбогдоод хичнээн жил хуулийн байгууллагаар явчихав аа?

-Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна. Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан, өмгөөлөгчид халдвар авсан, хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадлагаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчихээд нурууныхаа боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ.

-Э.Бат-Үүл баатрын биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Аавын минь бие сайн байгаа. Аав маань “Зоригтой байгаарай. Бидэнд хийсэн хэрэг байхгүй учраас заавал үнэн ялна аа. Эцсээ хүртэл шударга шүүхдээ итгэж байна” гэдгээ хэлсэн. Над дээр зохиосон хэрэг, хохирол хоёрын золиосонд Монголын ардчилал, гэр хороолын дахин төлөвлөлт хоёр бүү яллагдаасай гэж л хүсч байгаагаа аав минь хэлж байгаа. Аавыг минь хэлмэгдүүлсэн, түүний эрх, эрх чөлөөнд нь халдаж байгаа асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандаад эхэлсэн.

Я.Мөнгөнцэцэг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин