• Эхлэл
  • М.Тулгат: Би асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн

М.Тулгат: Би асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн

2021/12/27

Ардчилсан намын даргаар сонгогдоод буй М.Тулгат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Ардчилсан намын бүртгэлийн асуудлыг хэлэлцсэн.

Энэ хуралдаанаар О.Цогтгэрэл даргатай талын хүсэлтийг хэлэлцээд 2021 оны гуравдугаар сарын 28-29-ны хооронд явагдсан намын даргыг сонгох дотоод сунгаа нь Үндсэн дүрмийн бус байна гэдэг тайлбартайгаар бүртгэхээс татгалзсан.

Мөн өдөр хууль ёсны гэж бидний хэлдэг АН-ын зүгээс миний бие М.Тулгатыг намын даргаар тооцох асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч манай зүгээс өгсөн материал буцаан татагдсан учир хэлэлцээгүй.

Үйл явдлын огноогоор хэлбэл, арванхоёрдугаар сарын 6-ны өдөр М.Тулгатын АН-ын даргаар томилох хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Гэтэл арванхоёрдугаар сарын 10-нд намын дарга асан С.Эрдэнэ бүрдүүлбэр дутуу гэдэг шалтгаанаар хүсэлт гаргаад арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бүх материалаа буцаан авсан. Энэ талаар би болон АН-ын удирдлагын баг огт мэдээгүй.

Ингээд өнгөрсөн долоо хоногт өмнөх дарга С.Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө “М.Тулгат нь О.Цогтгэрэлийн талтай наймаалцсан байх магадлалтай байна. Энэ асуудлыг Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцэх шаардлагатай байна” гэж ярьсан.

О.Цогтгэрэл бид хоёрын хувьд Улсын дээд шүүхэд хандаж хэнийг нь ч даргаар хүлээн зөвшөөрсөн нөгөө тал нь гомдол гаргахгүй гэдэг агуулгатай хүсэлт гаргасныг маань нөгөө талтайгаа тохирсон наймаалцсан мэтээр ярьж байна. 

Намын даргыг бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхээс татан авсантай холбоотойгоор С.Эрдэнийг Үндсэн дүрмийн хороогоор авч хэлэлцэн, дүгнэлт гаргуулна.

Намынхаа их хурлаас 7,000 гаруй гишүүдийнхээ хүсэлтээр сонгогдсон даргын хувиар би эрх, үүргээ хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой байсан. Гэхдээ үл ойлголцол үүсгэхгүйн тулд асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандаж ирсэн.

Магадгүй М.Тулгат гэдэг хүн хэн нэгэн ахмад улстөрчийн үгээр яваагүй учраас намайг бүртгэх асуудалд саад хийж, өөрийнхөө хүмүүсийг миний оронд тавина гэдэг бодолтой хүмүүст хандаж хэлье. Үүнийг чинь тууштай эсэргүүцнэ. Энэ бол нэг хүний асуудал биш. М.Тулгат гэдэг хүн нийт гишүүдийнхээ хамт ардчиллын хувь заяаны төлөө тууштай тэмцэх болно" гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин