Ажиглагч ийн өгүүлэв.

Сүүлийн хэдэн жил хурлаа ч явуулж чадахаа больсон сураг дуулддаг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр очих таван гишүүний томилгооны сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зарлахад нь би идэвх гаргаж оролцсон юм. Эхлээд 6-р сарын 24-нд товлосон ч гишүүд ирж өгөөгүй тул хойшилж 30-ны өдөр баахан хүлээлгэсний эцэст сая нэг болсон. Би өөрөө нэр дэвшсэн юм биш, сонсголд иргэд, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулж болох хуулийн заалтын дагуу хүсэлтээ өгсөн хэрэг. Надаас гадна өөр нэг, тэгээд хоёулхнаа олон нийтийг төлөөлсөн ч нөгөөдөх маань өөрийн биеэр ирээгүй, асуултуудаа бичгээр явуулж уншууллаа. Манайхан олон нийтийн телевизийг их шүүмжилдэг, ганц үсэг алдсан ч өрвөлздөг хэрнээ Үндэсний зөвлөлд шинэ салхи оруулж мэдэх энэ үйл явдлыг огт тоогонгүй. Тэднийг буруутгахгүй, яагаад гэвэл хэн ч очоод, яаж ч төсөв мөнгө цутгаад эрх баригч, албан тушаалтнуудын дуу хоолойгоо болихгүй, шуудхан хэлэхэд найдваргүй гэдэгтэй эвлэрснийх. Тэр тусмаа бусад олон телевиз, youtube, нийгмийн сүлжээний сувгууд байхад үзэгчид ганц ямбатай телевизээр огт дутахгүй.
Энэ удаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ор гарч суларсан таван квотод Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Гүн-Үйлс (Төрт ёс хаадын сан ТББ), Монгол Улсын Засгийн газраас Ч.Батцэнгэл (Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим), Улсын Их Хурлаас Э.Адъяасүрэн (Тэтгэврийн реформ хөдөлгөөн НҮТББ), Ж.Билэгсайхан (Монголын гольфийн холбоо НҮТББ), Д.Мягмарсүрэн (Монголын олон нийтийн харилцааны мэргэжилтний холбоо ГҮТББ), Д.Наранцэцэг (Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо), С.Од-Эрдэнэ (Соёл, спорт боловсролын хөтөч НҮТББ), М.Төрманлай (Нийгмийн хөгжлийн гарц НҮТББ), Г.Энхбаяр (Монголын багш нарын холбоо НҮТББ), Л.Энхжин (Монгол гайхамшиг төв НҮТББ), Б.Энэрэлт (Монголын боловсролын реформ хөдөлгөөн НҮТББ) нарын 11 хүнийг нэр дэвшүүлж сонсголд оруулжээ. Цаана нь анх нэрээ дэвшүүлж бичиг цаас ирүүлсэн хүн хэдэн арваар тоологдох ч Төрийн ордон дотор цензуурдээд зөвшөөрсөн нь зөвхөн энэ хэд юм.
Миний харснаар бол сонсголын ирц хүрсэн гэхэд хэцүү, танхимд сайндаа л 4-5, голдуу 2-3 гишүүн ээлжлэн суулаа. Хэвлэлийн мэдээнд О.Алтангэрэл, Ж.Батжаргал, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ц.Туваан, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Б.Жавхлан, Н.Номтойбаяр, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Баярмаа, А.Ганбаатар, С.Зулпхар, Б.Пүрэвдорж, Ө.Шижир нарын гишүүд ирж, 56.3 хувийн ирцтэйгээр эхэллээ гэж бичсэн ч 32 гишүүнтэй тус байнгын хороо дансны аргаар гэдэг шиг ямар нэгэн дүрэм журмаараа гишүүдийг оролцуулахгүйгээр оролцуулж бүртгэх аргыг олжээ.
Сонсгол дээр нэр дэвшигч тус бүр өөрийгөө, Үндэсний телевизийг хэрхэн залж залруулахаа танилцуулж, харин УИХ-ын гишүүд тэдэнд асуулт тавьж байр сууриа илэрхийлсэн сонсголын тайлан энд байна. Уншиж үзэхэд ялангуяа эрхэм гишүүдийн хэлсэн, загнасан, бас зарим нь хэнийг дэмжихээ шууд зарласан зэргийг хасч танажээ. Гэхдээ сонсголыг шууд дамжуулсан, тэр нь бичлэгээр тарчихсан болохоор хүмүүс үзээд багагүй шүүмжилсэн байдаг. Харин “гудамжнаас” оролцсон бид хоёрын бичгээр асуусан болон зааланд суугаад миний асуусан, хэлж ярьсныг байтугай нэрийг минь ядахдаа ганц үсгээр ч болов (иргэн Ц. гэдэг ч юм уу, цэрвээд байвал) түүхэнд үлдээсэнгүй. УИХ-ын гишүүдийн сонголтод би нөлөөлж чадахгүйгээ мэднэ, гэхдээ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас Үндэсний зөвлөлийн очиж байгаа болон бууж байгаа 15 мануухайд зарим нэг санааг албан ёсоор хүргэе гэж бодсон. Гэхдээ сонсголын төгсгөлд миний хэлсэн санааг УИХ-ын Хэвлэлийн мэдээнд ерөнхийдөө зөв оруулсанд талархсугай.
“Ил тод байдал сан” төрийн бус байгууллагыг төлөөлөн сонсголд оролцсон иргэн Д.Цэрэнжав нэр дэвшигчдэд хандан үг хэлсэн. Тэрбээр, Анх 2005 оны 10 дугаар сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн эхний бүрэлдэхүүн УИХ-аас томилогдсоноос хойш нийт 60 гаруй хүн зөвлөлийн гишүүнээр ажилласан байна. Өнгөрсөн 20 жилийг эргээд гарахад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл тийм ч сайн байсангүй. Үүний шалтгаан нь олон байгаа ч ганцхан жишээ хэлэхэд 2026 он гарснаас хойш Үндэсний зөвлөл хурлаа хийж чадаагүй. Энэ бол маш тодорхой жишээ. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд ил тод байдал гэж алга. Тулгараад буй бүх асуудлын шийдэл нь Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал. Олон шат дамжлагаар Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд, УИХ-аас томилогдож очоод чимээгүй алга болчихдог Үндэсний зөвлөлийг өнөөдөр “хар нүх”-тэй зүйрлэж хэлж болохоор байна. Тэнд хэн юу хийдэг, зөв үү, буруу юу, ямар шийдвэр гаргадаг талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Өнөөдөр нэр дэвшиж буй хүмүүсийн хийх хамгийн эхний ажил бол ил тод, нээлттэй байдлыг хангах юм гэдгийг захиж хэлмээр байна гэлээ.
Сонсгол өндөрлөж биднийг явуулаад эрхэм гишүүд хаалттай хуралдаж зургааг нь шууд хасч таван нэр дэвшигч дээр зөвшилцөж тогтоод маргааш нь буюу 7-р сарын 1-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулжээ.Энэ талаархи тэмдэглэл, хэвлэлийн мэдээг хожим олж үзээд тэд нэгээс бусдыг нь үнэхээр “дээгүүрээ хувааж авцгаасан” болохыг мэдлээ.
Хэн хэн буюу хэний хэн томилогдов? Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр нэр дэвшүүлсэн Төрт ёс, хаадын сангийн тэргүүн Д.Гүн-Үйлс миний хувьд хамгийн оносон сонголт юм. Сонсгол дээр би түүнд монголын их түүхийн үргэлжлэл XX зууны сэргэн мандалт, их бүтээн байгуулалт, нийслэл Улаанбаатар хотын түүхэн дүр төрхийг хамгаалах зүгт Үндэсний телевизийн сохорсон мэт нүдийг нээж өгөхийг хүслээ. Тэрбээр Үндэсний зөвлөлд амь оруулахыг манлайлж чадах уу (Ерөнхийлөгчөөс нэр дэвшсэнээ бодсон ч), шуудхан хэлэхэд тэмцэж чадах уу, эсвэл тэр хар нүх рүү шургаад замхрах уу, харж л байя.
Харин Засгийн газраас нэр дэвшүүлсэн Ч.Батцэнгэл явсангүй ээ. Олон нийтийн телевиз тэр чигээрээ арилжааных болж, хоёр нэвтрүүлэг тутмын нэг нь захиалгатай, төлбөртэй, ивээн тэтгэгчтэй, мөнгөнийх болчихсон, “Цагийн хүрд” нь ярилцлагаа хүртэл үнэлээд зарж байхад түүний мөрийн хөтөлбөрт дахиад орлого олох элдэв схем зохиогоод оруулж ирснийг би шүүмжилсэн, даанч сонсголын тайлан, протоколд тусгаагүй юм. Тэрбээр сонсголыг давж чадаагүй атал дүрэм журам нь тийм бололтой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд бусадтай цуг оруулж санал хураалгасан байна. Их Засаг их сургууль төгссөн, нийслэлийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, харин одоо төрийн мэдлийн Хөгжлийн банкинд даргын алба хашдаг нь дүүрч гэхэд Үндэсний телевизэд хориод жил ажилласан хэрнээ тэр хамт олондоо нэр хүндгүй, элдэв юманд орооцолдсон (сэтгэгдлүүдээр дүүрэн факт), бас хэдэн жилийн өмнө Үндэсний зөвлөлд нэр дэвшээд бараагүй түүнд ямар ч найдвар байсангүй. Ингээд Засгийн газрын квот уначихав. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдыгаа үл хүндэтгэсэн хэрэг болох тул эрхэм гишүүд ноёны өөр нэгэн бөхийг гаргаж залахаа мэдэлгүй хаачихав. Тэр бол сонсгол дээр огт тодроогүй ч Байнгын хороо руу яаж ийгээд чирж авчирсан “Малчин удмын хийморь” ХХК-ийн продюсер М.Төрмагнай байлаа. Энэ хийморьтой компани хэнийх вэ гэвэл Намсрайн Ням-Осорынх гэж улсын бүртгэлд дурайжээ. Тэгэхээр цаана нь Их засаг их сургууль, “Малчин” телевиз гээд багтаж ядан шоволзоно. Цааш бүү асуу.
Ийм чухал томилгоог найруулж өгсөн гишүүд өөрсдийгөө мартсангүй. УИХ-аас нэр дэвшиж томилогдсон дараачийн нэр дэвшигч Д.Мягмарсүрэнгийн намтарт 2016-2021 онуудад Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтын захирлаар ажилласан гээд ажил олгогчийнхоо нэрийг С.Зулпхар хэмээн дурайлгажээ. Тийм ээ, энэ сонсголыг даргалсан эрхэм гишүүн өөрөө яг мөн. Тэгвэл сөрөг хүчиндээ хүртээсэн үү? Санаа зовох хэрэггүй. Тэр Төрийн байгуулалтын байнгын хуралдаан дээр Үндэсний телевизийг Засгийн газрын гар хөл гэж цамнаж харагдсан (Лу.Гантөмөр гишүүн) Дундговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга асан С.Од-Эрдэнийг Үндэсний зөвлөлд шургуулав. Намынх нь журмын нөхөр. 2024 оны орон нутгийн сонгуулиар онхолдоод өнөөдөр олон нийтийн ажил эргүүлж явсан түүнд ажлын байр хэрэгтэй байж таарна. Муу сайн ч аймаг толгойлж төрийн өндөр албан тушаалтан явсан хүн. Харин биеийн спортын салбарыг төлөөлж орсон гэхлээр жаахан сонин санагдана.


Сэтгэгдэл байхгүй байна