• Эхлэл
  • ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй их түймэр Франц, Испанийг бүрхжээ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ: Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй их түймэр Франц, Испанийг бүрхжээ

2026/08/02

Өнгөрсөн долоо хоногт АНУ-Ираны зэвсэгт мөргөлдөөн дахин дэгдэж, Франц, Испани улсуудад дэгдсэн ойн түймэр газар авч, сүүлийн жилүүдэд болоогүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японд 35 хүн амиа алдлаа. Мөн Испанийн Сеута хот руу Мароккогийн 60 орчим мянган дүрвэгсэд дайран нэвтэрсэн тул цэргийн хүч ашиглан тэднийг зогсоожээ. Түүнчлэн хөл бөмбөгийн ДАШТ-ий арилжааны эрхийн тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдах санаачилга гаргасан ФИФА-гийн тэргүүн Ж.Инфантино ширүүн шүүмжлэлд өртөж, уг төслөөсөө татгалзахад хүрлээ. Ингээд энэ оны 31 дэх долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

 

Их түймэр Франц, Испанийг нөмрөв 

Европ тивд агаарын хэм огцом өссөнтэй холбоотойгоор Франц, Испани улсуудад дэгдсэн ойн их түймэр газар авсаар байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “энэ бол Дэлхийн II дайнаас хойш үзэгдээгүй их түймэр" гэлээ. Хоёр улсад 350 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн нь Европын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй ажиллагаануудын нэг юм. Хуурайшилт, хэт халалт, хүчтэй салхи нь түймэр улам газар авахад нөлөөлж байна.  Э.Макрон хэлэхдээ "ирэх долоо хоногуудад нөхцөл байдал улам хүндэрнэ" гэж анхааруулав. Байгалийн гамшгийн уршгийг арилгах хөтөлбөрийн хүрээнд Европын Холбооноос /ЕХ/ Франц, Испани руу 13 нисэх онгоц, 4 нисдэг тэрэг, 41 тусгай зориулалтын автомашин болон 130 гал сөнөөгчийг илгээжээ.

 

Дайн дахин дэгдлээ 

Тав хоногийн гал зогсоох тохиролцоо дууссаны дараа АНУ, Иран хоёр дахин зэвсэгт мөргөлдөөнд татагдан орлоо. Ираны тал Иордан дахь Америкийн цэргийн баазууд руу довтолсон бол Д.Трамп Ираны өмнөд нутаг дахь байнуудыг бөмбөгджээ. Иран улс Ормузын хоолойгоор хийж буй тээвэрлэлтийг хянахыг эрмэлзсээр байгаа нь хэлэлцээг зогсооход хүргэсэн бөгөөд ноён Трамп хэлэхдээ "энэ талаар үргэлжлүүлэн ярьсаар байх боломжийг би тэдэнд олгоно" гэжээ. Үүний зэрэгцээ Иранаас дэмжлэг авдаг Йемений хуситууд Улаан тэнгист явж байсан Саудын Арабын нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд руу дайрсан байна. Үүний улмаас мягмарт 84 доллар болж буурч байсан Брент маркийн газрын тосны үнэ 90 долларт хүрч өслөө.

 

Японд газар хөдлөлтийн улмаас 35 хүн амиа алджээ 

Долоо хоногийн эхээр Японы Кюшю арал дахь Кумамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 35 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтэж бэртжээ. 5.3 мянган айл өрхийн цахилгаан тасарч, 80 мянган айл өрхийн усан хангамж доголдсон байна. Гамшгийн уршгийг арилгахад аврах албаныхнаас гадна Өөрийгөө хамгаалах хүчний 4600 орчим цэргийн албан хаагч оролцож байна. Номхон далай дахь “галт цагираг” дээр орших Япон улс бол газар хөдлөлтөд  хамгийн ихээр өртдөг орнуудын нэг юм. Энд таван минут тутамд наад зах нь нэг удаа газар хөдлөлт болдог бөгөөд дэлхий дээр болж буй 6 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтүүдийн 20 орчим хувь нь Японд болдог байна.

 

К.Фүжимори Перугийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо 

Кейко Фүжимори Перугийн ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсыг удирдаж буй 9 дэх хүн болж байна.

 

Хатагтай Фүжимори сонгуулийн хоёр дахь шатанд зүүний үзэлтэн өрсөлдөгчөө үл ялиг давамгайлан ялав.

 

Тэрбээр Перугийн ерөнхийлөгч асан, талийгаач  Альберто Фүжиморигийн том охин бөгөөд туйлшрагч үзэлтэй хүн юм.


Шинэ ерөнхийлөгч Перугийн өнөөгийн улс төрийн тогтворгүй байдлыг халж, "дэг журам, үндэсний эвлэрлийг" авчрахаа амлалаа.

 

Эболагийн батлагдсан тохиолдлын тоо 3360-д хүрчээ 

БНАКонго улсын Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр, тус улсад дэгдсэн эбола вирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 3360-д хүрчээ.  

 

Халдвар авсан хүмүүсийн тал орчим хувь нь уг өвчнөөр нас барсан байна.

 

Батлагдсан тохиолдлын тоо нь хамгийн сүүлд 2018 ба 2020 онуудад дэгдсэн эбола вирусний халдварын үеэр Конго, Угандад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоотой бараг тэнцүү байна.

 

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) буюу Төв банк долоодугаар сарын хурлаараа бодлогын хүүг 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Тус сангийн хүү тогтоох хорооны 12 гишүүний 3 нь хүүг нэмэгдүүлэх санал өгсөн бол 9 гишүүн хэвээр үлдээхийг дэмжжээ. ХНС-гийн тэргүүн Кевин Уорш мэдэгдэхдээ, хэрвээ инфляц 2 хувийн зорилтот түвшнээс давсан хэвээр байвал бодлогын хүүг өсгөнө гэлээ. Түүний энэ үгэнд бондын зах зээлүүд төдийлөн итгэхгүй байгаа бололтой. 30 жилийн хугацаатай АНУ-ын засгийн газрын бондын хүү 5.2-оос дээш хувиар өссөн нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа боловч Америкийн эдийн засаг тогтвортой өссөөр байгааг ХНС онцолжээ.

Тэргүүлэгч 50 компани нээлттэй AI загваруудыг дэмжинэ 

Хятадын хямд бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх арга замыг эрэлхийлж буй Microsoft, Nvidia, OpenAI зэрэг 50 гаруй компанийн удирдлагууд тоон утгууд нь нээлттэй хиймэл оюуны загваруудыг (хэрэглэгчид татаж авах, өөрчлөх боломжтой) дэмжих тухай захидалд гарын үсэг зурав.

 

Харин OpenAI-ийн өрсөлдөгч болох Anthropic компани хариу захидалдаа “тоон утгууд нь нээлттэй загваруудад хориг тавихыг бид дэмжихгүй байгаа боловч чадвар муутай жүжигчид тэргүүлэгч загваруудыг өөрчлөхийг зөвшөөрснөөр аюулгүй байдлын эрсдэлд хүргэж болзошгүй” хэмээн болгоомжилж байгаагаа мэдэгджээ.

 

CXMT компани IPO гаргалаа 

Чип үйлдвэрлэгч CXMT компани Шанхайн бирж дээр IPO хийсний дараа хувьцаа нь 466 хувиар өсөж, Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Энэ компани бол Хятадад хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгч бөгөөд дэлхий даяар өгөгдлийн төвүүд олноор баригдаж байгаа нь чипний эрэлтийг нэмэгдүүлж, үнэ нь огцом өссөн байна.

 

Хэрэв Америкийн компаниуд хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ зориулж Хятадаас чип худалдан авсаар байвал DRAM чипний (гар утас, зөөврийн компьютерт ашигладаг) 8 орчим хувийг үйлдвэрлэдэг CXMT компани богино хугацаанд улам өргөжинө.

 

Хятадаас робот худалдан авахыг хоригложээ 

Үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлээс үүдэн гадаадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботуудыг импортлохыг хориглох тухай шийдвэр гаргаснаа АНУ-ын эрх баригчид мэдэгдлээ. Холбооны Харилцаа холбооны комиссын мэдэгдэлд дурдсанаар, гол төлөв Хятадад үйлдвэрлэсэн роботууд нь “америкчуудыг хянаж тагнаж байж болзошгүй” ажээ. Мөн тус зохицуулагч байгууллагын шийдвэрээр өгөгдлийн төвүүд ба нарны хавтанд ашигладаг, гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан хувиргагчийг импортлохыг хориглосон байна. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яам “үндэсний аюулгүй байдлаар шалтаглан Хятадын компаниудыг шахан хавчиж байна” хэмээн Америкийн талыг буруутгажээ. 

 

Ирэх долоо хоногт дэлхий дахинд болох гол үйл явдлууд: 

8 дугаар сарын 1-7   Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног. Эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, эхчүүдэд зөв мэдлэг олгож, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэхүү долоо хоногийг санаачилжээ.

8 дугаар сарын 4-6 АНУ-ын Лас Вегас хотод Ai4 хэмээх Америк тивийн хиймэл оюун ухааны салбарын хамгийн өргөн хүрээтэй бага хуралд тус салбарын манлайлагчид, шинийг санаачлагчид, зохион бүтээгчид, технологийн багийнхан оролцоно.

8 дугаар сарын 5  Одоогоос яг 10 жилийн өмнө Зуны Олимпын 31 дүгээр наадам Бразилын Рио-де-Жанейро хотод нээгдэв. Энэ нь Өмнөд Америкт болсон анхны зуны Олимп, Латин Америкт болсон хоёрдахь зуны Олимп байлаа.  

8 дугаар сарын 5-9   АНУ-ын Орегон муж улсын Эжен хотод 20 хүртэлх насны залуучуудын хөнгөн атлетикийн ДАШТ болно

8 дугаар сарын 6     Одоогоос 81 жилийн өмнө Америкийн "Enola Gay" гэдэг нэртэй B-29 бөмбөгдөгч онгоцноос 4.4 тонн жинтэй "Жаалхүү" гэдэг атомын бөмбөгийг Хирошима хот дээр өглөөний 08:16 цагт хаяжээ.

8 дугаар сарын 1-9  Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт болно.

8 дугаар сарын 3-9    UCI WorldTour дугуйн олон өдрийн уралдаан Польш улсад /Tour de Pologne/ явагдана

8 дугаар сарын 9       Одоогоос 81 жилийн өмнө Америкийн “В-29” бөмбөгдөгч онгоцноос Японы Нагасаки хот дээр "Тарган эр" (Fat Man) нэртэй атомын бөмбөгийг хаяжээ. Дэлбэрэлтийн улмаас 70 мянга орчим хүн амь үрэгдсэн байна.

8 дугаар сарын 9      Уугуул иргэдийн олон улсын өдөр. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёл дэлхийн өнцөг булан бүрд буй уугуул хүмүүсийн өвөрмөц хэл, соёл, түүхийг хадгалан үлдэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1994 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.

8 дугаар сарын 7-9  Олон улсын өндөр зэрэглэлийн аудио болон визуал шоунууд Хонконгийн Хурал-үзэсгэлэнгийн төвд болно.

  • Европын усан спортын аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо 8 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэн явагдана. 
  • Эмэгтэй хөлбөмбөгчдийн Африкийн аварга шалгаруулах тэмцээн Марокко улсад 8 дугаар сарын 16 хүртэл үргэлжлэн явагдана.   

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна