• Эхлэл
  • Алтаргана, Улаан-Үд, бас СВО

Алтаргана, Улаан-Үд, бас СВО

2026/07/28

Ажиглагч ийн өгүүлэв

 

Нэг.

Би оюутан байхдаа сургуульдаа очих, ирэх гэж “Нарлаг Монгол” галт тэргээр жилдээ хоёр удаа зорчиж Улаан-Үдээр заавал дайрдаг ч вокзал дээр нь бууж эргэн тойрноо хэдэн минут харж зогсдог байснаас бус хонон өнжин үдэлсэн удаагүй. Ленинградаас-Москва, Москвагаас монголын хил хүртэл үргэлжилсэн Зөвлөлт Холбоот Улсын том жижиг олон хотын нэг төдий санаанд үлджээ. Дахиад дөчин жил өнгөрөхөд дэлхийн бөмбөрцгийг нөгөө бөөрөнд хүрч, бүр экватораас урагш тонгойж үзсэн хэрнээ хажууханд байдаг Улаан-Үд очоогүй байжээ. Удам угсаагаа бодсон ч энэ буруу. Ингээд энэ зун 16 дахь удаагийн Алтаргана наадам Улаан-Үдэд товлогдоход эртнээс санан бодон зорьж очив оо.

Бид Алтарганыг дэлхийн гэж томоор яриад яахав, хавь ойрын буриадууд цугларсан урлаг, соёлын арга хэмжээ гэж төсөөлдөг бол Буриад Улсын хувьд фестиваль гэж нэрлэсэн ч бараг наадам болжээ. Бөх, нум сум, тэгээд хурдан морь (тэр тойргоор уралдсан, гэхдээ яахав)-той, гэхдээ шагай харваагүй. Алтарганыг Монгол, Орос хоёулаа төр, засгийн түвшинд албан ёсоор дэмжиж буйгаа харуулав. Нээлтэнд Буриадын удирдлага тэр чигээрээ эгнэж, ОХУ-ын Холбооны зөвлөлийн орлогч дарга Константив Косачев, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин дэлгэцээр баяр хүргэсэн бол манайхаас УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Р.Сэддорж өөрийн биеэр оролцож УИХ-ын даргын мэндчилгээг, бас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн мэндчилгээг газрын дарга нь уншив. Гагцхүү Өвөр Монголоос хэдэн зуун буриад ирж хамгийн ихээр сэтгэл хөдөлж оролцсон ч цаанаас нь албан ёсны ганц ч үг, өгүүлбэр дуулдсангүй. БНХАУ их, бага үндэстнүүдээ ялгаж зааглахгүйгээр бүгдийг “эх орны хүүхдүүд”-ээр нэрлэдэг болсных уу? Ер нь өнгөрсөн хориод жилд Алтаргана наадам зөвхөн Орос, эсвэл Монголд, сумын төвд хүртэл зохиогдсон, харин Хөлөнбуйр, Шилийн голд бол үгүй.

Монголоос очсон 1200-аад хүний нэг болсон миний хувьд Алтаргана наадам Улаан-Үдийн Төв цэнгэлдэхийг доргиосон нээлт, бас хаалт хоёрт багтлаа. Энэ гурван өдөр Буриадын нийслэл тэр чигээрээ хөдөлгөөнд орж энд тэнд олон үйл явдал болсон ч манай талаас зохион байгуулалт тааруу, мэдээлэл дутуу хагас учраас цуг явсан бид хэд очихыг хүссэн хэдэн арга хэмжээндээ хоцорчихоод байв. Манай монголын буриадын “удирдагч” нар тэртээ дээгүүр жаалж Оросын Буриадын дарга нартай албан ёсны хэлэлцээр шахам юм хийж сүр сүлд болж явсныг хамгийн сүүлд сонссон. Тэд бидэнд гэгээн дүрээ харуулаагүй, буриад зоныхоо дунд орсонгүй. Улаанбаатарын автобус дүүрэн бид эхний үдэш нээлтэнд хоцорч сэтгэл дундуур үлдэв. Чухамдаа Алтарганын нээлтээр тус тусын улс орон, нутаг усныхаа нэрийн дор буриад хувцас, төрхөөрөө бахархан жагсаж цэнгэлдэхийн дугуй замаар бүтэн тойрох нь зорьж очсон хүн бүрийн хувьд наадмын хамгийн оргил мөч, тэгэж авахуулсан зураг хамгийн үнэ цэнэтэй дурсамж болдог уламжлалтай. Даанч бид тэгэж чадаагүй.

Бүх юм “гэнэ ээ” гэсэн ам дамжсан сургаар явлаа. Дээрээс нь гар утсаа шүүрч аваад бүгдийг мэдэж сурсан нүд, чихгүй мэт байлаа. Дайны улмаас Буриадад утасны сим картыг гадаадынханд худалдахаа больж, нэгэнт дугааргүй бол Интернэтгүй. Тэнд амьдардаг монголчуудаас дугаар түрээслэх мэт арга бий ч эхний өдөр завдаагүй, хоёрдахь өдөр цаад хүнтэйгээ бие биенээ ололцоогүй (утасгүй юм чинь), тэгээд сүүлчийн өдөр яршиг санагдаж, цорын ганц удаа хоолны газарт WiFI-гаар хальт нэвтэрснийг эс тооцвол цахим ертөнцөөс тас яваад ирлээ. Фэйсбуукийг яаж хаасныг үзье гэж бодож очсоноо сая саналаа. Гар утас маань зөвхөн зураг дардаг бол зиндаа буурав. Ингээд өдөр шөнийн 24 цагт нэттэй байж сурсан надад үе үе хачин санагдсан ч баатарлагаар даван туулсан байна.

Арга хэмжээндээ хэдэнтээ хоцроод сүүлдээ цайрна гэгч болсон. Бусдад хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрт газарчилж, хэлмэрчилж, хоол унд хөөцөлдөж, гудамжаар баахан алхлаа. Map апп үгүй тул санаа амар, юу тааралдана, түүгээр шагайна.

Хоёр.

Хэдэн тоо сонирхуулья. ОХУ-ын Буриад улсын хүн 2025 оны байдлаар 970 мянга, үүнээс буриадууд 300 мянга буюу 30 орчим хувийг эзэлдэг юм байна. Тэгвэл БНМАУ-д 1980-аад оны хүн амын тооллогоор 40 гаруй мянган буриад ястан амьдардаг гэсэн тоо байдагсан. Түүнээс хойш Монголын хүн амын тоо бараг хоёр нугарч өсөөд байхад буриадуудын тоо нөгөө л 40-50 мянгын хооронд эргэлддэг. Саяхан ээжийн талын ургийн баяр болоход манай шинэ хүргэд бараг бүгд халхчууд байх шиг. Энэ бүхэнд олон цөөн, зөв буруу, сайн муу гэсэн дүгнэлт байхгүй. Жамаараа болж байна.

Гурав.

Улаан-Үд гэхлээр хүмүүс Улаанбаатартай харьцуулах гээд байдаг. Нэрүүд төстэйгээс гадна Монгол Улсын нийслэлийг 1639 онд байгуулагдсан гэж үздэг бол Буриадын нийслэл 1666 оных бөгөөд энэ жил 360 жилийн тэмдэглэжээ. Үүгээр ижил төс нь дуусна. Улаанбаатар хот 1,5 сая (намраас оюутан сурагч гээд хөдөөнөөс цувсаар 2 саяд дөхөж өвөлждөг биз) оршин суугчтай. Тэгвэл Улаан-Үдэд ердөө 430 мянган хүн амьдардаг гэхээр дөрөв гаруй дахин цөөн хүнтэй. Харьцуулшгүй бөгөөд манай Улаанбаатар бүх талаар илүү хөгжжээ. Ямар сайндаа тэд нааш ирэхийгээ Нью-Йорк явахтай зүйрлэдэг гэсэн.

Улаан-Үдэд өндөрдүү барилгууд бий ч тэнгэр баганадсан нь үгүй. Шинэ бүтээн байгуулалт үзэгдсэн ч цөөн талдаа. Орон сууцны том хороолол босч харагдсан. Нэрийг нь тогтоосонгүй, лав буриадаар байсан. Дэлхийд хамгийн том Ленины толгойн хөшөөгөөр алдаршсан төв талбайгаа аятайхан тохижуулсан, даанч жижиг, нарийхан. Түгжрэлгүй. Тэр өдөр цэнгэлдэх рүү нэлээн чихэлдсэн нь ганц удаагийнх биз. Өглөө 11 цагаас өмнө архи, согтууруулах төрлийн ундаа бас зардаггүй нь дүүрч, харин орой 20 цагаас хойш зарахаа зогсоодог нь яаж чангалж байгаа хэрэг вэ? Оройн цагаар согтуу байтугай эрүүл хүн цөөн, нам тайван санагдсан шүү. Баар сав хайж явсангүй, эрхбиш байсан биз.

Дөрөв.

Улаан-Үдээс буцаж ирэхэд зарим хүн дайны талаар асуусан. Бараг л фронтод яваад ирсэн мэт. Үгүй дээ. Энд тэнд том самбарт, барилгын хананд, эсвэл трамвайн бөөрөнд үзэгдсэн уриа, зурагт хуудас, бас гэрээт цэрэгт элсүүлэх зарлалууд л эндээс хэдэн мянган километрийн цаана СВО буюу “цэргийн тусгай ажиллагаа” болж далдуур байгааг илтгэнэ. Фронтын мэдээ, цагаан хоолой сонсогдохгүй. Харин сонин хэвлэлээр зөндөө. Мэдээж цензуртэй нь илт. Тэгвэл музей, үзэсгэлэн, тоглолтын заал, янз бүрийн байгуулллагын дотор хаа нэгтээ тийм булан, самбар, танилцуулга заавал байна. Бид Интернэтгүйгээс гадна огт телевиү үзээгүй. Харин “Алтаргана” наадмын нээлтэн дээр СВО-д оролцсон дээр буриадын дайчид ирж үг хэлж тэднийг алдаршуулж байлаа.

Надад дайны талаар нутгийн хүнийг сонсмоор санагдаж баахан болгоомжилсний эцэст нэг хижээл эрээр үйлчлүүлэх зуураа яриа өдөхөд “Та өөрөө юу гэж боддог вэ? гэж өөдөөс хариу барих нь тэр. Бусдын дотоод хэрэгт хошуу дүрсэн харагдахгүйн тулд “Дайн хэт сунжирч байна шүү” гэсхийгээд манжлахад “Бид тэртээ тэргүй бид ялна, өөр яахийн”, араас нь “Хватит” гэж дуугараад Монголд очсоноо яриад явчихав. Нээрээ, тэдний хувьд өөр яахийн? Бас дайныг, эсвэл намайг “Хватит” гэсний алин болохыг асууж зүрхэлсэнгүй.

Улаан-Үдэд СВО ба Эх орны дайныг зэрэгцүүлсэн ухуулах хуудас, сурталчилгаа маш олон харагдана. 1945 оны 5-р сард балгас болсон Рейхстагийн хаалганы урд зогсож буй буриад цэргүүдийн гэрэл зургийг музейд тавьсныг үзлээ. Гарцаагүй танил төрх, нүүр царай. Берлинд монгол цэргүүд орж ирлээ гэж барууны сонин хэвлэлд бичиж байсны дунд буриадууд олон гэнэ.

Ulan-Ude. BOB 1945. Berlin

Гитлерийн Герман гэнэдүүлж эхлүүлсэн тэр дайныг ЗХУ дөрвөн жилд багтааж ялалтаар дуусгасан атлаа 2022 оны хавар ОХУ-ын өөрийн эхлүүлсэн байлдааны ажиллагаа бүтэн дөрвөн жилийн дараа ялах, ялагдах нь тодорхойгүй байгааг орос, буриад, бас монголгүй, бүр дэлхий даяараа харж байна. Шалтгаан тов тодорхой: Нэг ёсондоо ЗХУ дотроо дайтаж, Украины ард барууны орнууд тэр чигээрээ зогсож байна. Анх Жевалин нэртэй ганц танк устгагчийг нийлүүлэх эсэхийг хэлэлцдэг байсан бол өнөөдөр Украиныг эцэс төгсгөлгүй зэвсэглэн байлдуулж байгаа учраас тэр. Европын улс орнууд зуун жилд заавал нэгээс хоёр удаа Орос рүү уулгалан дайрч өвдөг сөхрүүлэхийг санаархаж ирсэн тэр түүх 21-р зуунд үргэлжилж байна. 2014 онд Киевт гарсан төрийн эргэлтээр Украин шинэ нацистуудын гарт орж, орос хүн амынхаа эсрэг байлдаан эхлүүлж, нэг мэдэхэд нүгэлт НАТО-гийн бас нэгэн гишүүн болж хувирахдаа тулсан тул 1941 оны 6-р сарын 22-нд гэнэдсэн тэр эмгэнэлт сургамжийг дахин амсахгүйн тулд ОХУ Крымийг өөртөө нэгтгэж, 2022 онд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн ч наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихлаа. Бас болоогүй Курск мужийн хэсэг нутгийг Украинд булаалгаад арайхийн чөлөөлсөн ч өнөөдөр хот суурин, нефтийн үйлдвэрийн газруудаа бөмбөгдүүлж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд дайны фронт дээр украин Тарас, орос Иван хоёр төдийгүй буриад Дамба, бусад үндэстнүүд үхлийн тулаан хийж бие биенээ хөнөөж байгаа. Яг тоог талууд нууцалдаг. Өчигдөрхөн нэг улс байсан хүмүүсийн хувьд дэндүү эмгэнэлтэй. Буриадаас очиж байлдаад одон медаль хүртсэн, баатар болсон, бас амиа алдсан цэргийн албан хаагчдын олонхи буриад, бусад нь оросууд гэдгийг Улаан-Үдийн энд тэнд үзсэн зураг хуудас, самбаруудаас харлаа. Одоо ингээд цааш он, жилээр үргэлжлэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй биз. Тэр эрийн хэлсэн “Хватит!” энэ тухай байж мэднэ. Хэрвээ Оросын Холбооны Улс өөрийн үйл хэргийг зөв гэж үзсэн хэвээр байгаа бол дайны талбарт ялах цаг болсон. Оросуудын төлөө, буриадуудын төлөө, бас Монголын төлөө. Хэрвээ хойт хөрш энэ дайнд ялагдаж доройтвол манай Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа алга болно гэж үздэг хүний нэг бол би.

Улаанбаатартаа буцаж ирээд Интернэттэй золгож зурагтаа асаагаад оросууд өөрсдөө юу ярьж байгааг сонслоо. Нөгөө л бид ялна, бид ялна… Тэгээд ялаач ээ!


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна