• Эхлэл
  • Сайдыг сошиалаар... харин “ялаа”-г...?

Сайдыг сошиалаар... харин “ялаа”-г...?

2022/01/17

Хуучин цагт сайд, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг үгтэй байв даа. Нэг нам, нэг сонин, нэг “толгой”-той байсан үед эхлээд нам засгийн “Үнэн” сониноор шударга шүүмжлэл “өрнүүлнэ”. Тэгээд “вишт”. Нам засгийн сонинд муугаар бичүүлсэн хүний “хувь заяа” ч тодорхой болж, хүн болгон ширвээтэн дөлдөг байсан гэдэг.

Харин сүүлийн үеийн үйл явцаас харахад “сайдыг сошиалаар...” гэдэг болов. “Утааг дроноор хянана” гэсэн Н.Уртнасан сайдыг дрон нь татаад унагачих жишээтэй.  Хэдэн өдөр л сошиалаар хэл ам таталсан Уртаа сайдад Ерөнхий сайд уртхан хариуцлага тооцож, араас нь хэдэн хүн дагуулав.

Н.Уртнасан сайдаас гадна дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, “Сайжруулсан түлш хямд учир иргэд их түлж байна” гэдэг үгээрээ олноо ихэд “алдаршсан” нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр, “Түлшийг зуухтай нь эвцэлдүүлэх шаардлагатай” гэсэн гайхалтай “шинэ санаа” сэдсэн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар мөн ажлаасаа чөлөөлөгдөв.

Сүүлийн үед мода болоод байгаагаар бол нүдээ олсон “хариуцлага тооцолт” байгаа биз. Тэр хэрээр ч “ард түмэн” баярлан алга ташина биз.

Дээрээс нь манай шүгэлдэгчид “сошиалын хүч ийм, шүүмжлэгчдийн үг үр дүнд хүрэв” хэмээн баярлаж байна. Гэвч уучлаарай үнэндээ тэд сошиалчдын үгийг нэг их анхааран сонсоод арга хэмжээ аваад байгаа хэрэг биш. Анхнаасаа урьдчилан бэлтгэсэн  танил технологи бус уу?

 Хэн нэгнийг сошиалаар гөвнө, эсвэл зохион байгуулалттайгаар зураг бичлэг хийнэ... тэгээд дараа нь...

Мэдээж хэрэг, овоо босгоогүй бол шаазгай хаана сууна гэдэг шиг, тэд ч гэж тэд үг хэлээ ч хянаж чадахгүй. Угаасаа үг ярианаас үйлдэл хандлага харагддаг хойно, үгээ хянаж чаддаггүй хүн ажил хийнэ ч гэж юу байх вэ? Гэвч тэр бүү хэл баримт нотолгоотой, гэмт хэрэг, үйлдэл нь тодорхой байхад өчнөөн ярьж хэлээд байхад ч хөдөлдөггүй “бурхи”-нууд зөндөө. Хэлээ цухалзуулсан төдийд түймэр унтраах хэрэгсэл болж, хамгийн түрүүнд онхолдон унагсад ч бас цөөнгүй.

Нөгөө талаас жил бүр уламжлал ёсоор дэгддэг утааны асуудлыг намжаах гэж энэ хэдээр туг тахив гэх ч хүмүүс бий. Гэвч утаа нь намжихгүй, уугисаар байгаа нь даанч тодорхой. Жинхэнэ утаа хаанаас “гарч” байгааг, хэрхэн намжаах буюу “ялаа”-г алахад энэ “хариуцлага тооцолт” түй ч хамаагүй, түй ч нөлөөгүй.

Ядахдаа “ялаа”-гаа оносон эсэх нь ч тодорхойгүй.

Угаасаа Засгийн газар огцрох, эсвэл сайд суудлаасаа хусагдах эсэх нь дараагийн ээлжийнхэн хэр хүчтэй бөгөөд “хоол”-ондоо хэдий адган яарч байгаа, бас хусагдагсад “өрөм хусам”-аа хэр харамласан харамлаагүй, хувь тэнцүүлэн түгээж чадсан эсэхээс хамаардаг гэдэг дээ.

Жишээлбэл, хэд хоногийн өмнөөс эрчтэй сэвэгдсэн зураг, пост зэргээс “ажиллагаа” хэзээнээс эхлэсэн, хаашаа чиглэж байгааг ойлгож болно. Мэдээж хэрэг дурын нэг “сайн” иргэн зураг эвлүүлээд текст “өрөөд” сууж байна гэдэг юу л бол? Хэний дэглэсэн сценари, хэний дохиур яваад байна вэ дээ?

Хуучин цагт нам засгийн “Үнэн” сониныг “нам засаг” удирддаг байсан бол одоо харин ХЭН сошиалыг “удирддаг” болсон юм бол?   

А.Туяа

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин