Германы Берлин хотод төвтэй "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авилгын талаар шинжээч бизнес эрхлэгчдийн судалгаан дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-нд дэлхий нийтэд зарласан. Харин Монголд 2021 оны авлигын индексийг өнөөдөр \2022.01.25\ танилцууллаа.
2020 онд монголчууд 35 оноо авч, авлигын индексээр 180 улсаас 111-т эрэмбэлэгдсэн бол энэ онд мөн адил 35 оноо авсан байна. Энэхүү оноог дөрвөн судалгааны нийт дунджаар тооцон гаргадаг. Үүнд, Монгол Улс Олон улсын өрсөлдөх чадварын төвийн судалгаагаар 29 Олон улсын эрсдэлийг үнэлгээгээр 37, Дэзформын гүйцэтгэх саналын судалгаагаар 34, Дэлхийн шударга ёсны судалгаагаар 35 оноо тус тус авч, нийлбэр дунджаар 35 оноотой гарчээ.
Ази-Номхон далайн онцлох бүс нутгуудын төрийн салбарын авлигын төсөөллийг 0-100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд 0 бол өндөр үзүүлэлт, 100 бол маш цэвэр хэмээн тооцдог байна. Харин Монгол Улс гурван жил 35 оноо авлаа. Ази-Номхон далайн бүс гурав дахь жилдээ 45 оноог дундаж хэмээн тооцсон бөгөөд улс орнуудын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан үзүүлэлт гарсан. Тухайлбал Шинэ Зеланд улс 88 оноо, Сингапур 85, Хонгконг 76 оноо авчээ. Харин Хойд Солонгос 16, Афганистан 16, Камбож 23 оноо тус тус авсан.
Өмнөх жилүүдэд буюу 2015 онд Монгол Улс 39 оноо, 2016 онд 38 оноо, 2017 онд 36 оноо, 2018 онд 37 оноо авч байв. Харин 2019- 2021 онд гурван жил дараалан 35 оноо авсан нь манай улсад авлигын түвшин өндөр байгааг илтгэж байна.
Харин манай хөрш болох Хятад 2014 оноос хойш энэхүү үзүүлэлтийн есөн оноогоор нэмэгдүүлсэн нь авлигатай хийх тэмцэл нь тууштай үр дүнтэй байгааг харуулж байна.
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлига бууруулах хариу арга хэмжээ авах дараах зөвлөмжүүдийг хүргэсэн байна. Үүнд:
- Хөрөнгө санхүүжилт шаардлагатай хүмүүст хүрж байгаа эсэхийг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Мөн авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд хангалттай санхүүжилт нөөцтэй, эрх зүйн хувьд хараат бус байх
- Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга, хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулах, ил тод байх.
- Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг хүргэж байна.
Эрх баригчид хэдийгээр авлигатай хангалттай тэмцэж байгаа гэх боловч ийнхүү авлигын индекс гурван жил дараалан эерэг хандлага ажиглагдахгүй байгаа нь тэмцэл хангалттай бус байгаа гэдгийг батлан харуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна