• Эхлэл
  • Оросын генерал Власов

Оросын генерал Власов

2022/03/18

Дипломатч, нийтлэлч Д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна.

Оросын генерал Власов

Монгол Цэргийн баярын өдрөөр бас л нэг “бүтэхгүй юм” оруулах гэж байна. Хүлцээрэй! С.Баясгалан багш олон жилийн тэртээ энэ тухай хөндөж байжээ. Түүний бүтээлээс би шууд толилуулж байна. Оросын цэргийн түүх яг одоо Украинд бичигдэж байна. Власов бол бас Оросын цэргийн түүхийн нэг хэсэг юм. Доторхи санаа нь сонин, бас сургамжтай ч юм. Уншаад үз!

Монголчууд бидний хувьд өөрийн урвагчид гэхээс хүний урвагчдын хөлс цусаар нутгийнхаа хөрсийг бордож өнөө болтол хэнэг ч үгүй түүгээр ланхар лунхар ганхалзаж л явцгаана. Тэгэхдээ бид тэр төмөр зам хэмээх өлзий буянтай амин судсыг хуулийн бэхээр нэрээ дугуйлсан хичнээн хүний ясан дээр босгосныг мэдэхгүй.
1948 оны сүүлчээр навч шарлаж, улиас гундаж байхад Хиагт-Наушкийн өртөөнөөс Монголын өмнөд хязгаарыг хүртэл хангай говь, уул усыг гатлуулан "Сталины бэлэг" төмөр зам тавихаар "ППШ" хэмээх автомат мөрөндөө эгэлдэрсэн НКВД-ийн олон давхар харуул хамгаалалттай ажлын хүч, үй түмэн ялтнууд Сибирийн ГУЛАГ-аас туугдан ирсэн нь нөгөө л үйлийн үртэй власовчууд байлаа.
Тэд үндэс язгуурын хувьд алаг цоог орос, украин, беларусь, молдав, гүрж, армян, дундад азийнхан, бас эм хүйстнүүд ч байсан юм.
Монгол Улсын тусгай албаны архивт тэдний тухай ямар ч албан баримт үлдсэнгүй, зөвхөн бидний мэддэгээр власовынхан гэхээсээ тухайн цаг үеийн барилга байгууламжийн объектын дугаараар “таван зуун тавынхан” (505) гэж л дууддаг байв.
Гадна талаасаа армийн зохион байгууллалттай тэр асар их хүч Монголын тэсгим өвөл, хахир хавар, зунгаг халуун, ган зудыг сөрөн байж яг л байлдааны хуулиар ажиллаж, товлосон хугацаандаа хатуу үүргээ яв цав биелүүлсэн.
Энэхүү “буянт” ажлын ачааны хүндийг хэн үүрэв? Баруун гарынхаа хүдэр булчин дээр дээр “Би эх орноосоо урвасан” (Я передал родину) гэдэг хөх шивээстэй, хугацаагүй яланд унасан 20-40 насны хүмүүс цэрэг офицер, инженерийн албаныхан, эмч, жолооч, холбооныхон, дайчилгаанд татагдсан өчигдрийн оюутан, багш нар, нэг үгээр хэлбэл энхийн цагт бол амьдралын цэцэрлэгийг таригчид л байв. Бас тэдний дунд эмэгтэйчүүд байсан.
Албан ёсны мэдээллээс үзэхэд Монголд илгээсэн “власовчуудын” тоо 1950 онд нийтдээ 150 000 хүрч байжээ. Монголчууд тэдэнтэй торны хоёр талаас л зүс зүсээ харалцаж, өрөвчхөн сэтгэлтэй буяны үйлстнүүд булан талхаа харуулын нүдийг аргацаан сэм сэмхэн шидэх ч удаа цөөнгүй. Ямар ч гэсэн бүдүүлэг ч цагаан цайлган нүүдэлч малчдын талаар тэд элдэв мууг санаагүй байх аа. Хүний данснаас хасагдсан тэднийг өчүүхэн харш үйлдэл гаргавал шууд л буудна. Ийм л үйл лайтангууд байж дээ хөөрхий.
Улирах цаг үе ихийг мартуулах юм даа. Власов, Власовчууд та нар хэн бэ? Эдүгээгийн рок залуучууд энэ нэрийг ч сонсоогүй, эрх чөлөө, ардчилал, зах зээл, дойлуур энээ тэрээ гэж цээжээ дэлдээд бас хажуугаар нь улс төржөөд л мэдэн будилж яваа. Хэрэв тэдэнд ийм нэгэн үйлийн үр тохиовол яах байсан бол доо гэж бодсондоо энэхүү нэгэн гунигтай бас тун ээдрээтэй түүхийг өгүүлье.
Большевикуудын асаасан иргэний дайны галд хатаагдсан жирийн цэргээс эхлээд ерөнхий цэргийн болон артиллер, хуягт танк, нисэх хүчин, улс төрийн академи, жанжин штабын зэгсэн боловсролтой, Бүх холбоотын коммунист (большевик) намын улаан батлах өвөртөлсөн мэргэжлийн офицер, генералууд хүртэл бүхэл бүтэн арми, хороо, дивизээрээ нэг л өдөр нэгэн зэрэг “эх орноосоо урваж” шөвгөн жадныхаа үзүүрийг дайсанд биш, газарт хатгаж тэргүүнээ гудайлган гараа өргөсөн иймэрхүү тохиол урьд хожид ер гарч байсангүй.
ХХ зууны цэрэг дайны түүх хийгээд коммунизм, фашизмын амь өрссөн тулалдаанд гал маналзуулан тэр  дуулиан! Өчигдрийн дайснууд өнөөдрийн нөхөд болцгоож хас тамгалсан "миссершмидт", ган нудрага зангидсан "Барс" танкны гинж зэвэнд идэгдэж, жанжин баатрууд дэлхийн хөрстэй тэгширчээ. Олон ч юм мартагдах янзтай, амьдралын их мөрөн халгин давалгаалсаар нэг л мэдэхнээ шүтээн хэмээн нандигнаж явсан сахиусаа авсандаа хийчихээд үгээгүйчүүд эрхээ эдэлсэн коммунизмын үлгэр өндөрлөв. Гэхдээ власовчуудын тарьсан их дуулиан ороо бусгаа цагийн хад мөргөн, улс төрийн люмпен-пролетаруудын бэхийг дэвтээж, хохимой толгойтны гайхаш төрүүлэн эдүгээг хүрчээ.
Оньсого мэт энэхүү үйл явдлын тухай өрнөдийн орнуудад тусгайлан судалж, ажилчин тариачны улс, пролетарын дарангуйлалт Зөвлөлт гүрэн сүйрэн бутрахын анхны шинж тэмдэг, зөн совин, муу ёр болсон большевизм, сталинизмд дургүйцсэн олон түмэн, үе дамжсан хур хөрөнгө, эдэлбэр газар, үйлдвэр, орд харшаа хураалгасан удамт тайж, нударган, бэлтнүүдийн үр сад, шашин шүтлэгээ доромжлуулсан лалын мөргөлтнүүд, 37 оны улаан хядлагыг мартаагүй хэлмэгдэгсдийн гомдол хорсол энэ эмгэнэлт явдлын эх суурийг нь тавьсан гэдэг дүгнэлт хийсэн аж.
ХБНГУ-ын Цэргийн түүхийн судалгааны төвийн захирал Хофманы бичсэнээр “1943 он гэхэд Германы талд 600 000 оросын “сайн дурынхны” хорооны зохион байгуулалттай 140 байлдааны анги байсан бөгөөд тэд Югославын ууланд Титогийн партизануудтай, Польшид үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй, хойт Африкт Роммелын армийн бүрэлдэхүүнд орж англичуудтай тулж, Украин, Беларусьт харгис цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан аж.
Ер нь түүхийг нэгэнт улиран өнгөрсөн хойно нь хар цагаанаар дэнслэн тогтооно гэдэг хялбар. Харин нэгэн үе түүний даваа нугачаа, өвдөл цөвдөлийг нь элдвээр өнгөлөн засаж улс төржүүлсэн жүжиг болгон хувиргаж байсан. Власов, Власовчууд гэхэд л тэд урьдаас бэлтгэгдсэн урвагчид, “5-р цувааныхан” байв уу? аль эсвэл тэднийг Канарисын тагнуулын албаныхан, Гитлерийн Гестапо тэгж амархан элсүүлчихэв үү?

1940 оны “Красная звезда” сонины дугааруудад генерал Власовын удирдлаганд байсан мотобуудлагын 99-р дивизийн талаар хөөрөгдсөн магтаал, жанжин штабын дарга маршал Тимошенкогоос тус ангийн бие бүрэлдэхүүнд ирүүлсэн сүржин үгтэй талархал, Украины цэргийн тойргоос тэргүүний анги нэгтгэлүүдэд өгдөг шилжин явах байлдааны улаан туг гардуулсан тухай мэдээ бий. Улаан армийн цэргийн жанжнуудын дотор тодорч улс төрийн талаар ямар ч өөв сэвгүй шалгарсан коммунист гэгдэж 37 оны баривчлага хардлаганд өртөөгүй нэр цэвэр үлдсэн цөөн генералуудын нэг нь Власов байсан юм.

Тийм ч учраас залуу дарга Власов богино хугацааны дотор тушаал дэвшиж ерөнхий цэргийн академи, жанжин штабын академийг онц дүнтэй дүүргэж герман, англи хэлийг гаргууд эзэмшин хороо бригад, дивиз, корпус, арми командлан захирагч болж амжжээ.

Эх орны дайны тун хүнд жил 1941 оны зун, намар, өвөл Москвагийн босгонд болсон удаа дараагийн тулалдаанд түүний удирдсан 20-р арми бусдаас шалгарч дайсны давуу хүчийг тогтоон барьж, сөрөг давшилтанд орж Сталины тушаалд хүртэл сайшаагдан тэмдэглэгдэж, Лениний одонгоор шагнагдаж байлаа.
Тэр үед нэрт нийтлэлч, зохиолч Илья Эренбург “Правда” сонинд ингэж бичсэн байх юм. “Би ялгуусан 20-р армийн командлагч эрэлхэг генерал Власовтой уулзлаа. Цэргүүддээ эцэг мэт түшигтэй, германы фашистуудад улаан аянга болсон энэ жанжин бараг хоёр метр өндөр, гоолиг тэгш нуруутай, энгүүн эвлэг зантай, мятаршгүй зоригтой, Суворовын барилтай, тэгсэн атлаа профессорын гүн сэтгэлгээтэй жинхэнэ орос хүний нүнжигийг илтгэсэн хэний ч нүдэнд дулаахан харагдах тийм л хүн дээ! Яг л ийм хүмүүс Гитлерийн яргачдын омрууг огтолж, орон гэрт маань ялалтын баярт мэдээг авчрах вий” гэжээ.
Харин генерал Власов армийнхаа хамт Германы давуу хүчинд бүслэгдэн сар гаруй тулалдсаны эцэст штабтайгаа олзлогдсоны дараа Оросын ард түмэнд хандаж бичсэн “Би яагаад большевизмтай тэмцэх замд оров?” гэдэг илгээлтдээ:

  • Би аугаа их Оросын ард түмнийг Сталин болон түүний гар хөл бологчид, улс төрийн бэртэгчингүүд, комиссарууд тэдний тогтоосон цуст дэглэмийн эсрэг, яргачин большевик хийгээд мөлжигч капиталистууд, помещикгүй шударга шинэ нийгэм байгуулах тэмцэлд уриалан дуудаж байна.
  •  
  • Би улаан армийн эгнээнд жирийн байлдагчаас эхлээд арми командлагч, фронт командлагчийн орлогч хүртэл 24 жил цэргийн алба хаахдаа Зөвлөлт засаг гэгчийн цаана ямар аюул гамшиг зовлон үгүйрэл, сүйрэл нуугдаж байгааг биеэрээ сэтгэлээрээ таньж мэдлээ.
  •  
  • Ахан дүүсээ алан хядсан иргэний дайныг хэн өдөөж Оросын нутагт хэн цусан далай бялхуулав? Большевикууд! Ард түмний амин зуулгыг хөсөр хаяж өмч хөрөнгийг ичгүүр сонжуургүйгээр дээрэмдэн булааж, удамт тариачдыг “колхоз” хэмээх гуйлгачингуудын хуаранд хэн хашив. Мөн л большевикууд!
  •  
  • Ямар ч гэм зэмгүй номхон ард иргэдийг үй олноор нь хоморголон баривчилж, бага буурай үндэстэн ястнуудыг аймаглан устгаж, ангийн дайсан гэдэг утга учиргүй хаяг зүүлгэн, шорон гянданд хорьж, манай Оросын үнэн алдарт шашныг бузарлаж ариун гэгээн сүм хийдүүдийг шатааж, өв ихт соёлыг хэн үрэн таран хийв? Нөгөө л большевикууд!
  •  
  • Улаан армийн тархи мэдрэл шилдэг дарга, офицер, генерал, маршалуудыг хэн устгав? Мэдээж большевикууд! Хаана л бол хаана тэдний шивэгчин, тагнуул, улс төрийн панзчин, доншуур, ховч, улс төрийн намын аппаратын хүнд сурталтнууд эх орныг маань зай завсаргүй торлож гүйцжээ.
  •  
  • Бидний тэсвэр тэвчээр маань барагдлаа. Ямар ч утгагүй “Интернациональ”, Марксын суртал, дэлхийн хувьсгалын солиорлоос ангижирч Орос орноо аврахын төлөө Босогтун! Сэрэгтүн! гэжээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс харахад генерал Власовын энэхүү илгээлтийн цаана жинхэнэ эзэд нь хэн байв? Чухамдаа тэрбээр ямархан санаа зорилго өвөртөлж байсныг янз янзаар тайлбарлах байх л даа. Генерал Власов үнэхээр Сталинизмын аюул уршгийг үзэн ядагч түүний эсрэг зэвсэг барин тэмцсэн анхны баатар нь байж чадав уу? Ямар ч атугай тэрбээр герман цэргийн дүрэмт хувцас өмсөж улаан армийн эсрэг цэрэглэн байлдсан нь үнээн!
1942 оны өвөл түүний арми бүслэлтэнд орж, маш хүнд нөхцлийн дунд 43 хоног хориглон байлдаж, төвөөс өгсөн захирамжийн дагуу амиа хорлолгүй штабтайгаа олзлогджээ. Дараа нь түүнийг Берлин, Мюнхен, Варшавын тусгай лагеруудад хорьж “нэлээд боловсруулалт” хийснийхээ дараа “СС”-ийн рейхсфюрер Генрих Гиммлертэй уулзуулж тусгай болзлын дагуу зөвлөлдсөний эцэст 1944 оын 9-р сарын 16-нд Оросын чөлөөлөх арми (ОЧА) гэгчийг байгуулахаар тохиролцсон байна. Уг хэлэлцээний болзолыг үзэхэд, “Дайны дараа большевизмгүй, тусгаар тогтносон эрх чөлөөт шинэ Орос улс байгуулах. Герман үндэсний социалист улс, Оросын ардын социалист улсын хооронд удаан жилийн цэрэг эдийн засгийн түншлэлийг тогтоож, дэлхий дахины хөгжлийн чиг зорилгыг тийш нь хандуулах” гэх мэтчилэн 14 зүйл бүхий заалтууд оруулсан байна.
Власовын армийн бүрэлдэхүүнд 20-р армийн цэрэг офицеруудаас гадна Германы талд бууж өгсөн анги нэгтгэлүүд, хорих лагераас элсүүлсэн олзлогдогсод, Октябрийн эргэлтийн дараа хилийн чанадад дүрвэн гарсан цагаан гвардийнхан зэрэг 300 гаруй мянган хүн байжээ. Тэд Вермахтын (германы армийн) зохион байгуулалттай явган цэрэг, танк, нисэх дивиз, хорлон сүйтгэх отряд, морин цэргийн казак корпус, их бууны дивизион, сапёр, тусгай зориулалтын батальон, тагнуулын ангиудаас бүрдсэн байв.  Тэдний дунд Зөвлөлтийн 19-р армийн штабын дарга байсан хошууч генерал Малышкин, жанжин штабын академийн профессор, цэрэг байлдааны нэрт онолч, 21-р корпусыг командлан захирагч Закутный, 32-р армийн цэргийн зөвлөлийн гишүүн, бригадын комиссар, Москва хотын нэгэн дүүргийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Трухин, улаан армийн танкийн 389-р дивизийн командлагч хошууч генерал Буняченко, ЗХУ-ын баатар, нисгэгч хурандаа Бычков, иргэний дайны морин цэргийн нэрт жанжин маршал Будённыйн шавь хэмээн алдаршсан Домано, Балтийн цэргийн тойргийн штабын дарга агсан генерал Жиленков нар байжээ.
Германчууд анхандаа тэднээс бага зэрэг сэжиглэж цэрвэж байсан нь ч удалгүй мартагдав. Зөвлөлтийн нутагт болсон тулалдаануудад тэд үнэхээр эрэлхэг зоригоо илтгэн харуулж, үхэх эсвэл эцсээ хүртэл улаан армийн нэг нутаг усныхантайгаа эрэгчин эмэгчингээ үзэлцэх тэр чадвараа байлдааны талбайд батлан харуулжээ. Магад энэ бүхэнд цаад талаас нь Сталины улигт 270-р тушаал нөлөөлж тэднийг ийнхүү шуудруулсан ч байсан юм билүү.

Тэр тушаалд Власовчуудыг амьд, шархадсан, ямар ч байдлаар олзолж авлаа гэхэд өчиггүйгээр газар дээр нь шууд буудан алах ял оноосон байдаг. Мэдээж хаана ч алагдахаас хойш тэд ингэж шийдсэн байж болох юм л даа. Бас уг тушаалд алхам ч бүү ухар! гэсэн муйхар заалт бий. Аргагүй эрхэнд түрэгдэн ухарсан, ашигтай байршлыг олохын тулд маневр хийсэн цэрэг офицерууд энэ тушаалд өртөгдөн дайны хажуугаар дайсны суманд биш өөрсдийнхөндөө бууны амны золиос болж байсан удаатай.
Ер нь олзлогдох явдал бишгүйдээ л гарч байсан бөгөөд Германд олзлогдсон 8 сая хүний 3.8 сая нь эхний таван сард оногдож байв. Энэ бүхнээ  аргалахын тулд ийм л утгагүй тушаал гаргасан юмсанжээ. Хэн ч гэсэн үхлийн ирмэгт тулахад утсан чинээ улаан аминдаа хайртай. Үүнийг ойлгон ухаарах тэнхээ Сталинд хомсдсон хэрэг байж л дээ.
Цэрэг бол цэрэг! Энхийн цагт ч дайны үед ч дарга нарын тушаалыг зөвхөн үг дуугүй даган биелүүлэх л үүрэгтэй гэсэн хатуу хууль үйлчилдгийг хэн бүхэн андахгүй мэднэ.
Хороо дивиз, армийн захирагчид нэг л өдөр зэвсгээ хураалгах тушаал өгвөл жирийн нэгэн цэрэг түүнийг сөрөн зогсож чадна гэж үү? Биелүүлэх л хэрэгтэй. Зөрчвөл бас л сумны амт үзнэ. Аль аль талдаа үхлийн золиосонд гарсан власовчууд гэдэг ийм л хөөрхийчүүд байжээ.
1945 оны 1-р сарын 28-нд Гитлерийн тушаалаар генерал Власовыг Бүх Оросын зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилж, “зориг баатарлагийн төмөр загалмай” одонгоор шагнан Германы армийн фельдмаршал цол хүртээжээ. Үүнээс хойш Власовчууд төрсөн нутгийнхаа хөрс шороон дээр биш, хүний нутаг, гүний газар, Берлин, Будапештийн хамгаалалтанд байлдаж нөгөө заналт большевикуудад эр зоригоо харуулах л үлдэв.
Германы тал ч тэдэнд юугаа ч харамлаж хаасангүй шилдэг шинэ зэвсэг, танк эсэргүүцэх “фауст-патрон”, тийрэлтэт хөдөлгүүр, алсын тусгалтай “бүдүүн Берта” хэмээх их буу, “Фердинанд” танкаа өгөв. Тэд Одерийн эрэг, Кенигсбергийн босгонд амь хайргүй тулалдсаар л байв. Төд удалгүй өрнөд этгээдээс холбоотны цэрэг Германы нутагт цөмрөн орж дайн ч төгсөх тийшээгээ ханджээ.
Одоо яах вэ? Хэрэг явдал нэгэнт хожимдсон байлаа.  1945 оны 5-р сарын эхээр Власовын армийн тархай бутархай ангиуд улаан армид зэвсгээ хураалган 200 гаруй мянган олзлогдогсод хугацаагүй ял заагдан, Сибирийн ГУЛАГ-уудад туугдав. Генерал Власов өөрийн итгэлт генерал офицеруудын хамт Швейцарь зугатах замдаа Зөвлөлтийн тусгай ангийнханд баривчлагдан Москвад хүргэгдэж төд удалгүй цаазаар авахуулах ял сонсон дүүжлэгджээ. Олон зуун мянган хүний амь насаар тоглоом тохуу хийсэн ХХ зууны дуулиан сүүлчийн цэгээ ийнхүү тавьсан... (Энэ номоос дэлгэрүүлж үзнэ үү)


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин