• Эхлэл
  • Д.Сосорбарам: Би АН-даа эргэн ирлээ. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байна. Би үхэн үхэтлээ хань, бараа болъё!

Д.Сосорбарам: Би АН-даа эргэн ирлээ. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж байна. Би үхэн үхэтлээ хань, бараа болъё!

2022/05/12

Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус Болгохгүй!" цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр "Босоо Хөх Монгол" бүлгэмийн зарим гишүүд Д.Сосорбарам руу гурил цацаж, бусдын эрхэнд халдсан хэрэг гарсан билээ. 

Тэгвэл өнөөдөр болсон Ардчилсан намын ээлжит хэвлэлийн хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцож, байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Би 2016 оны 12 дугаар сард миний нам улаан соцалист болсон юм байна гээд намаас гарч байсан. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. Би Ардчилсан намдаа эргэн ирж байна. Эргэж ирэхгүй бол горьгүй нь. Би дүү нараа урьж байна. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж, урьж, хүндэтгэлтэгээр залж байна. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоод өгөөч. Одоо хурдан ир. Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна. Би хань, бараа болъё!

Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Үндсэн хууль бол төрд олгосон эрх дарх ямба биш. Харин төрийн хүчирхийллээс иргэдээ хамгаалах ёстой. Алдаж байж онодог. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна" гэлээ. 

Дашрамд, "Босоо Хөх Монгол" бүлгэмийн нэг гишүүн "Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ ч оршин тогтнож чадахгүй. Манжийн дарлалаас Оросгүйгээр 1921 онд чөлөөлөгдөж чадах байсан уу. Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан уу. 1961 онд дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байхад Оросууд туслаж байж Монгол Улс гэж зарласан. Эдгээр зүйлсээ бодох хэрэгтэй. Мөнхийн найрамдалт харилцаатай улс байх ёстой. Хоёр орны хооронд ийм байдлаар хагарал үүсгэж болохгүй. Цагдаа нар энэ жагсаалыг зогсоохгүй ёстой. Энэ хүмүүс жинхэнэ террористууд" гэсэн юм.

Харин иргэдийн зүгээс энэхүү цуглааныг эрх чөлөөт оронд байх ёстой нэгэн хэлбэр, иргэн хүн өөрийн үзэл бодлоо чөлөө илэрхийлэх нь ардчилсан нийгмийн тулгуур хэмээж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин