• Эхлэл
  • Эрүүгийн хуулийн өөрчлөлт: Үг хэлэх байтугай үзэг барих ч эрхгүй болно

Эрүүгийн хуулийн өөрчлөлт: Үг хэлэх байтугай үзэг барих ч эрхгүй болно

2022/05/25

УИХ дахь АН-ын бүлгээс даваа гаригт Төрийн ордонд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа “доромжлох” гэмт хэргийн талаар сэтгүүлчид болон сонирхлын бүлгийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулав. Хууль зүйн яамнаас хуулийн төслийг анх өргөн барьсан даруйд нэг хэсэг шуугиад өнгөрсөн “доромжлох” гэмт хэргийг олны анхааралд дахин оруулж ирсэн намын бүлгийн ажлын албанд талархая.

Хэлэлцүүлгийн үеэр комедиан Д.Амартүвшин “Би уг нь “доромжлох” гэмт хэргээр бизнес хийе гэж бодож байсан юм. “Комедиан” гэдэг сертификат тараагаад “Та одоо албан ёсоор хүн доромжлох эрхэй боллоо” гэж хэлэх гэж байсан юм. Гэтэл та нар миний бизнесийг хаах гээд байна шүү” хэмээн хэлэлцүүлгийг зохион байгуулсан гээхээсээ хуулийн төслийг санаачлагчид хаягласан үг байв.  

“Доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өргөн барьсны дараа манай сэтгүүлчид эсэргүүцлээ нэг хэсэг хүчтэй илэрхийлсэн. Дараахан нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар “энэ гэмт хэрэгт сэтгүүлчид, комедианууд хамаарахгүй” гэдэг тайлбар хийсэн. Товчхондоо, сэтгүүлч, комедиан хоёр хүнийг доромжлох нь тэдний мэргэжлийн онцлог болон давуу байдал юм гэж хэлсэнтэй ялгаагүй. Харин бусад хүмүүсийн хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх явцдаа хэн нэгнийг доромжилсон утгатай үг, хэллэг хэрэглэвэл шууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн болж, 4500.000 хүртэл төгрөгөөр торгох юм уу зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгүүлнэ. Ингэхэд торгуулийн ял ч гэсэн ял шүү дээ. Насан туршдаа “эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн” гэдэг пайзтай үлдэнэ гэсэн үг. Харин сэтгүүлч, комедиан хоёр бол доромжлох эрхтэй. Гахай илүү эрхтэй гэдэг шиг.

Гэтэл ардчилсан нийгэмд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрт олгогдсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө. Үүнийг нь төрөөс хязгаарлах, ажил мэргэжил болон нийгмийн байр сууриар нь ялгаварлаж, гадуурхах эрхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдын хийсэн тайлбар нь хуулийн үйлчлэлтэй огт холбоогүй зүйл. Хуульд ямар нэг тайлбар, зүүлт байх ёсгүй. Хууль батлагдсан л бол хэнд ч ялгаваргүй, нэг мөр үйлчлэх ёстой. Энэ үүднээсээ “сэтгүүлч, комедианд хууль үйлчлэхгүй” гэсэн зүгээр хүмүүсийг хооронд нь хагаралдуулах гэсэн хэрэг юм. Сэтгүүлч, комедиан хоёр нь "Бид хамаагүй юм байна" гээд нүдээ аниад өнгөрнө гэж тооцсон уу, эсвэл бусад нь нөгөө хоёр луугаа "та нар яахаараа хамгаалагддаг юм" гээд дайраг гэж бодсон уу? 

Хоёрдугаарт “доромжлох” гэмт хэргийг бусад гэмт хэрэгтэй адил хэмжиж болдоггүй гэдгийг хуульчид хэлж байгаа. “Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг жишээ нь “тэдэн хавирга хугарсан, тэдэн шүдийг нь хугалсан” гэх мэтээр хэмжиж болдог бол доромжлох гэдэгт ийм хэмжүүр байхгүй. Өөрөөр хэлбэл нотлох боломжгүй, субьектив шинжтэй зүйл гэсэн үг. Намхан хүнийг “тагжгар, атигар” гэж хэлэх нь доромжлол мөн үү, биш үү гэдгийг хэлсэн, хэлүүлсэн хоёр хүн л шийддэг. Асуудлыг хүлээж авч байгаа хүнд төрсөн, төрүүлсэн сэтгэгдлээс хамаардаг гэсэн үг. Хууль зүйн шинжлэх ухаанд үүнийг “субьектив эрх” гэж үздэг аж. Тиймээс Эрүүгийн хуулиар шийдэх боломжгүй. Иргэний хуулиараа зохицуулаад, хохирсон, гомдсон иргэн нэр төрөө сэргээлгээд явдаг. Төр дундаас нь оролцож болохгүй. Манай Иргэний хуульд ч мөн энэ зохицуулалт бий. Гэтэл заавал яагаад Эрүүгийн хууль руу чихэх гээд байгаа нь тодорхой зорилготой.

Соц нийгмийн үед төрийн байгууллага, үйл ажиллагаа, албан тушаалтныг шүүмжлэхийг “доромжлох” гэмт хэрэгт тооцож, хатуу хүнд ял шийтгэдэг байж. Р.Чойном яагаад гудамжинд үхсэн, Тангадын Галсан нутаг заагдсан нь ийм шалтгаантай. Одоо МАН засаг барьж байгаа үедээ үүнийг гэмт хэрэгт тооцож, дахин хуульчлах гэж байна л даа.

"Монголыг шоронжуулсан" гэгддэг 2002 оны Эрүүгийн хуульд “Гүтгэх” гэмт хэрэг (111-р зүйл) гэж бий. Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай. Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан. Гүтгэх, доромжлох хоёр нэг хэрэг болоод явж байсан гэсэн үг. “Олон нийтэд тараах” гэдэгт нь хэлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа багтаад цөөнгүй сэтгүүлч ял авсан байдаг. Гүтгэсэн нь баримтаар нотлогдсон эсэх чухал биш, "алдар хүндийг гутаасан" гэж үзээд ял оноодог байсан.

Тиймээс 2015 онд “Гүтгэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасч, Зөрчлийн хуульд оруулсан. Эрүүгийн хуулийн энэ заалт нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдэх эрхэд саад учруулж байна. Энэ нь ардчилсан нийгмийн мөн чанарт харшилна гэж үзээд эрүүгийн ял, хариуцлагаас чөлөөлсөн хэрэг л дээ. Хуулийн заалт нь, "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" (Зөрчлийн тухай хуулийн 6.21)

Гэтэл 2020 онд эрх баригч нам хуулийн энэ заалтыг Эрүүгийн хуульд дахин оруулж ирсэн. Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргийг “худал мэдээлэл тараах” гэж нэрийг нь өөрчлөөд гэмт хэргийн тодорхойлолт нь яг хэвээрээ. “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр” заасан (ЭХ-ий 13-ын 14).

Харин одоо хуулийн 13.15, 16, 17 дээр “Доромжлох” гэмт хэргийг тусад нь бичиж, байгаа юм байна. 2015 онд Эрүү, Зөрчлийн хуулийн өөрчлөлт дээр ажилласан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн профессор О.Мөнхсайхан хуулийг хэрэглэх явцад гарсан алдааг залруулахаар “Гүтгэх, доромжлох үйлдлийг хоёуланг нь агуулсан тохиолдолд зөрчилд тооцно” гэж тайлбарлаж байсан. Тэгтэл Засгийн газар хоёуланг нь салгаад, ар араас нь цувуулаад Эрүүгийн хуульд оруулаад ирэх жишээтэй.

Хэрвээ энэ хууль батлагдвал иргэд нэгдүгээрт “худал мэдээлэл тараасан” зүйл ангиар ял сонсох юм байна. Аймгийн засаг даргыг “13 удаа гадаадад аялсан” гэж бичсэн сэтгүүлчийг “12 удаа аялсан байхад 13 гэж худал мэдээлсэн” гээд торгосонтой адил юм болно. Хоёрдугаарт, “доромжилсон” гэдэг зүйл ангиар нийгмийн сүлжээгээр үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүр гэмт хэрэгтэн болно. Нөгөө УИХ-аар дүүрэн “боов", "боорцог", "бохь" хочтой гишүүд чинь гомдлоо бариад цагдаагийн гадаа дугаарлана. Цагдаа нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахын оронд дарга нарын өргөдөл, гомдлыг барагдуулдаг ажилтай болно. Н.Учрал гишүүнийг тойргийнхоо ахмадуудад боов тараасны дараа комеди дээрээ “Боов” гэж ярьсан комедиан залууд цагдаагийн байгууллага эрүү үүсгэсэн гэсэн. Тийм л ажлыг манай цадаагийнхан хийх юм байна. Тэр цагт үг хэлэх байтугай, үзэг барих ч эрхгүй болно...

Сэмүүн

inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин