• Эхлэл
  • Олон Улсын балетын II уралдаан Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Олон Улсын балетын II уралдаан Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2022/06/10

Монголын Балетын хөгжлийн сан, Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооноос зохион байгуулж буй "Монголын Олон Улсын Балетын II уралдаан” оролцогчдоо бүртгэж дууслаа.

Уралдааныг энэ сарын 13-15-ны өдрүүдэд УДБЭТ-т цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Оролцогчид таван насны ангилалд сонгодог, орчин үеийн бүжгийн гоцлол болон багийн төрлүүдээр өрсөлдөх бөгөөд Олон улсын балетчид хэдийнэ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. 

Тухайлбал, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын Л.П.Сахьянова, П.Т.Абашеев нарын нэрэмжит "Буриадын Бүгд Найрамдах Улсын бүжгийн коллеж"-оос Александр Базаров, Чингис Монгуш нар "Өсвөр 2" ангилалд, Тамир Цыбиков, Екатерина Мирлусова нар "Өсвөр 1" ангилалд өрсөлдөхөөр Монголд иржээ.

Мөн олон улсад нэр хүндээрээ тэргүүлдэг тус сургуулийн захирал Доржо Дугаржапов тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тус уралдаан өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж буйн нэг илрэл юм. 

Олон улсаас ОХУ-ын "Улаан Үд хотын Театр", БНСУ-ын "JIN ART CENTER", Өмнөд Африкийн "Mzansi Ballet School" болон "Twirlz Dance Academy", Куба улсын “Escuela Nacional de Ballet Fernando Alonso” сургууль, БНСУ-ын “Korea Youth Ballet Stars” академийн бүжигчин болон оюутнууд оролцож байна. 

Харин Монгол Улсаа төлөөлөн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Монголын балетын үндэсний сургууль, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Монголын их эзэн хааны театр, “Сильфида" балет, төгөлдөр хуурын сургууль, ”Классик" балет, төгөлдөр хуурын сургууль, “Аврора балет”, “UB балет”-ийн уран бүтээлчид оролцох бол орон нутгаас Дархан-уул аймгийн “Гладнесс" сургалтын төв", Дорнод аймгаас “Дорнын бүжиг" клубын бүжигчид, сурагчид тус тус оролцохоор бүртгүүлжээ.

Монголын Олон Улсын Балетын II уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал Зургаадугаар сарын 13-ны Даваа гаригт 12 цагаас УДБЭТ-т болох бөгөөд Соёл, урлагийн сэтгүүлчид та бүхнийг Хэвлэлийн хуралд урьж байна.

Хэвлэлийн хуралд МУГЖ, Монгол Улсын Соёлын элч, "Монголын балетын хөгжил сан"-гийн тэргүүн Д.Алтанхуяг, Монгол Улсыг төлөөлөн балетын уралдааныг дэнслэхээр сонгогдсон эрхэм шүүгчид, Өмнөд Солонгос, Буриад, Герман, Өмнөд Африк зэрэг орноос уригдан ирж буй хүндэт зочид, Олон Улсын нэр хүндтэй балетын шүүгчид оролцоно.

Та бүхэн Монголын сонгодог урлагийн салбарт тохиож буй энэ зуны гол үйл явдал, Олон Улсын уралдаан, уран бүтээлчдийн талаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм.

Холбоо барих утас: 77070808


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин