• Эхлэл
  • Ядаж хориглолтод сууя гэтэл аль хэдийн эзлэгдсэн байв

Ядаж хориглолтод сууя гэтэл аль хэдийн эзлэгдсэн байв

2022/06/15

Нийтлэлч Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Даваа гаригт Сүхбаатарын талбай “гэнэтийн зочид” ихтэй өнжив. Сэтгүүлчдийн зохион байгуулсан жагсаалтай зэрэгцээд уяачид, Цагдаагийн ар гэрийн холбоо хүртэл талбай дээр гарчээ. Нэг нь монгол морио наадамд уралдуулахыг, нөгөө нь цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь халж хэлмэгдүүлэхийг эсэргүүцэж жагссан аж. Эдэн дундаасаа хамгийн ойлгомжгүй бөгөөд зорилго бүрхэг болсон жагсаал нь манай салбарынхны зохион байгуулсан “сэтгүүлчдийн тайван жагсаал” гээч байлаа даа.

Тодруулбал, одоогоос зургаа хоногийн өмнө буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Хотын захиргаанаас Зайсангийн аманд явуулсан “чөлөөлөлтийн” явцад цагдаагийнхан сэтгүүлчийн биед халдаж зодсон, хүч хэрэглэн дарамталсан (цагдаагийн машинд чихэж оруулаад нүүр нүдэн дээр нь гутлаараа гишгэлсэн) болон сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээллийг устгасны улмаас даваа гаригт сэтгүүлчид Сүхбаатарын талбай, Төрийн ордон, Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаар болов оо. Үүнийгээ зарлаж хэвлэлийн бага хурал энэ тэр ч зохион байгуулсан, ЦЕГ-ын дарга генерал Ж.Болд болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нараас хариулт шаардаж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ бол баасан гаригт болсон үйл явдал. 

Хачирхалтай нь даваа гаригт болсон жагсаал дээр огт тийм зүйл болсонгүй. Бүр “Ер нь бол цагаа, сэтгүүлч хоёр нэг тал. Хоёулаа нийгмийнхээ сайн сайхны төлөө яваа. Бид буруутныг цагдаагаас хайхгүй” энэ тэр болоод явчихсан. Буруутан нь тогтолцоо юм гэнэ ээ. Тогтолцоо нь тэгээд хэн юм гэсэн хэлэх үг байдаггүй. Ийм нэг эсэргүүцлээр эхлээд тайвшралаар дууссан “тайван жагсаал” хоёр өдрийн өмнө болоод өнгөрөв өө.

Уг нь ням гаригт сэтгүүлчдийн төлөөлөл /ТВ5, Дэнс.мн, iNews.mn, Парламент ТВ, МСНЭ/ уулзаж ярилцахдаа “Эсэргүүцлийн жагсаалыг ЦЕГ-ын дарга, Хууль зүйн сайд нарыг огцруулах хэмжээнд зохион байгуулна, энэ шаардлагаа Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газарт тавина. Олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлнэ” гэж тохиролцсон, сэтгүүлчид ч дэмжсэн байв. Гэтэл Даваа гаригт болох жагсаал дээр сэтгүүлчдийн өмнөөс шаардлагаа бичиж ирэх ёстой байсан МСНЭ өглөө нь “Асуудлыг улс төржүүлэхгүй, МСНЭ оролцохгүй. Удирдах зөвлөл ийм чиглэл өглөө” гээд нэрээ татсан. Тугаа алдсан арми давшилтанд орно гэж юу байхав. Ядаж хориглолтод сууна даа гэж найдаж очтол аль хэдийн эзлэгдсэн болж таарав. “Олонхиороо” гэдэг нэрээр салбарын сайд, цагдаагийн удирдлага хоёрыг огцруулахаас татгалзаж, “Огцруулах ёстой” гэж хэлсэн ганц сэтгүүлчээ буланд шахаад гаргачихсан, хөөж туугаад зогсож байх нь тэр. Одоо араас нь “Сэтгэцийн эрүүл мэндийн төв өвчтөнөө хайж байна” гэсэн мэдээлэл фэйсбүүкээр явуулаад эхэлчихсэн, “мэдрэл муутай авгай” гэх мэтээр цоллоод, доромжлоод явж байдаг. Ийм сэтгүүл зүй, сэтгүүлчид гэж хаа байсан юм. 

Бидний энэ байдалд сэтгүүлчдээс илүү энгийн иргэд санаа зовниж байгаа нь бүр ч эмзэг байлаа. Жагсаалд нэгдэхээр очсон иргэн “Монголын сэтгүүлчид өрцөө өрлүүллээ” гэж хэлж, “Иргэнийхээ эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөж, үзгээ хурцлах ёстой сэтгүүл зүйн салбар нь өөрсдөө гудамжинд гарч жагслаа. Энэ бол хүний эрхийн асуудал хэр их хурцадсаны том дохио” хэмээн лайв дамжуулж байхыг бид зүгээр л хажуунаас нь хараад зогсоход хүрсэн нь эмгэнэл юм даа. 

Жагсаалын дараа, өчигдөр хэвлэлээр гарсан мэдээллүүдийг шүүрдэж хартал time.mn “Цуглаанд ирсэн зарим сэтгүүлч сүүлийн хоёр жил үргэлжилсэн хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хүчирхийлэлд буруутай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарыг огцрох ёстой гэж үзэж байв. Харин цугласан олонхийн зорилго Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсан явдлыг олон улсын байгууллагууд анхаараасай, Монголын Засгийн газар энэ явдалд дүгнэлт хийж, ажлаа сайжруулаасай гэдэг дээр нэгдэв” хэмээн бичсэн байна. Одоо харахад хэвлэлийн эрх чөлөө ингэтлээ дордсон, хумигдсанд Хууль зүйн сайд, цагдаагийн дарга нараас илүү сэтгүүлчид өөрсдөө буруутай юм байна гэж дүгнэхэд хүрэв. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл ашгийн төлөө явж болно. Тэнд ч гэсэн хүмүүс ажилладаг, хоол идэж, хувцас өмсдөг, ардаа ар гэр, амьдрал ахуйтай (бид үргэлж ингэж ярьдаг) гэдэг нь ч үнэн. Гэхдээ эрх чөлөөгөө, мэргэжлийн үүрэг хариуцлагаа худалдах хэмжээнд мөнгөнд сохорч болохгүй. Нэгдсэн эвлэлийн төлөөлөгч нь нөгөө талд оччихсон уулзалт хийгээд явж байсан, Нямбаатар нь мөнгө тараасан, яасан ийсэн ч гэнэ үү. Энэ хоёр хоногт юу ч болоод өнгөрсөн юм...

Жагсаалын дараа зарим нь “Огцруулах шаардлагаас болоод сэтгүүлчид цуглаанд ирсэнгүй. Ийм шаардлага гаргаж тавиагүй бол илүү олон сэтгүүлч ирэх байлаа” гэж  нийгмийн сүлжээнд бичсэн байна лээ. Дэргэдээс нь харсан хүний нүдээр бол өглөө нь "Огцруулах юм бол очихгүй шүү" гээд айлгаж туниад байсан нөхөд л “Огцруулж болохгүй шүү” гэж хэлэх гэж ирсэн нь олонхи байлаа. Мөнгөгүйгээсээ болж ийм байдалд орсон уу, мөнгөндөө цацаад ийм болов уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч энэ бүгдийн дараа “Худалдагдсан сэтгүүл зүй” гэдэг үгтэй хувь нийлэхэд хүрлээ, хөөрхий.

Жагсаалд оролцсон сэтгүүлчид “Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хоёрхон жилийн дотор 22 байраар ухарлаа” гэсэн плакат барьсан байсан. Тэр нь хууль, хүчний байгууллагуудаас сэтгүүлчдийн эсрэг явуулж буй мөрдлөг, хүчирхийлэлтэй холбоотой гэдгийг ч ярьсан. Сэтгүүлчдийг зодсон, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь халдсан, хүч хэрэглэж, айлгаж дарамталсан явдал эхнийх нь биш, эцсийнх нь ч биш шүү. Тэр тусмаа нэг хүн, нэг хэсэг албан хаагчийн асуудал биш, нийтээрээ цагдаа, хүчний байгууллагынхны мораль болоод төлөвшчихсөн байна шүү гэдгийг ч анхааруулж байсан.  Үүнийг тэгээд тэр байгууллагыг удирдаж байгаа цагдаагийн генерал, салбарын бодлого, хүний нөөцийг тодорхойлж байгаа Хууль зүйн сайдтай биш, өөр хэнтэй ярьж, хэнээс хариуцлага нэхэх ёстой вэ?

Маш олон сэтгүүлчид бичсэн, нийтэлсэн мэдээллээсээ болж цагдаад дуудагддаг, хавчигддаг, гадуурхагддаг. Иргэд улс төрчид, албан тушаалтнуудыг шүүмжилсэн, жагсаж цугласан, үг хэлснийхээ төлөө хоригддог, эрүүдүүлдэг болсон. Хорин жилийн өмнө цагдаа ийм байгаагүй, арван жилийн өмнө ч ингэж байгаагүй. Яагаад, ямар хуулийн үндэслэлээр ингэж болов оо? Гэхэд бүгд “дээрээс үүрэг өгсөн, дарга тушаасан” гэж хэлдэг. Даргын тушаалаар биш, хуулийн үндэслэл шаардлагаар ажлаа явуулдаг болгох гэсэн сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, огцруулах асуудлыг нь УИХ руу оруулж ирж л байсан. Арай ч одоогийнх шиг жирийн иргэд, сэтгүүлчдийн эсрэг “бичлэг задалдаг” байгаагүй. Тэр нь ч гэсэн тушаалтай л байж таарна. Тушаалгүйгээр, толгой мэдээд ийм зүйл хийх зүрхтэй хүн цагдаад  нэг ч байхгүй. Тушаалаар хөдөлдөг, босоо удирдлагатай газар шүү дээ. 

Сэтгүүлчидтэй зэрэгцэж жагсаал зохион байгуулсан Цагдаагийн ар гэрийн холбооныхон “Тушаал гүйцэтгэсэн цагдаа буруутан болох ёсгүй” гээд манайхан дээр ирж байна лээ. Сэтгүүлчид ч гэсэн “Нэг хоёр хүнийг ажлаас нь халснаар асуудал шийдэгдэхгүй, бид үүний төлөө яваагүй” гэж хэлж байна. Тэгвэл юуны төлөө явсан хэрэг вэ? Зүгээр л  Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарсныг олон улсын байгууллагууд анхаараасай, Монголын Засгийн газар энэ явдалд дүгнэлт хийж, ажлаа сайжруулаасай гээд хараад суугаад байх уу? Эрх чөлөөг гуйж авдаггүй, тэмцэж хүрдэг биш билүү?

inews.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин