• Эхлэл
  • Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой

Монголын дараагийн "Оюу толгой" метаны нөөц байх боломжтой

2022/06/21

“Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн нөөц баялаг” сэдвээр Туушин зочид буудалд 2022.06.15-нд семинар зохион байгуулагдав.  Тус семинарыг Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-өөс санаачилжээ.

Энэ хөтөлбөр нь эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан сайжруулах зорилготой аж.

Семинарын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газар 2019-2021 онд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр Австрали Улсын эрх зүйн орчны сайн туршлагыг танилцуулах, бодлого зохицуулалтыг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нүүрсний давхаргын метан хийн болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай холбоотой эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, “Монголын нүүрсний давхаргын метан хий-Татварын зохицуулалтын харьцуулсан үнэлгээ” зэрэг судалгааг хийж оролцогч талуудад танилцуулав. Семинарт УУХҮЯ, АМГТГ болон Үндэсний геологийн албаны холбогдох албан хаагчид болон төслийн зөвлөх, ажилтнууд оролцлоо.

 Семинарт “Сайфер” зөвлөх компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Куинсландийн Технологийн их сургуулийн профессор Тим А Мүүрэ “Нөөц, баялгийн үнэлгээний зорилго”, нүүрсний давхаргын метан хийн баялгийн үнэлгээний хамрах хүрээ ба зорилго”, “Нөөц, баялгийн ангилал ба Аналоги үзүүлэлтүүд”, “Баялгийн үнэлгээ хийх арга, аргачлал” сэдвээр үндсэн ойлголт өгсөн бол “Сайфер” зөвлөх компанийн зөвлөх, Австралийн Куинсланд мужийн “РДМГидро” компанийн захирал Райн Ди Моррис “НДМХ-ийн гидрогеологийн нөхцөл”, “Олборлолтын үед усыг яах вэ” судалгааныхаа ажлыг танилцуулав.

Нүүрсний давхаргын метан хийн салбар нь манай улсад шинэ салбарт тооцогдоно. Монголд өдгөө гадаад, дотоодын арваадхан компани энэ талын судалгаа, хайгуулын ажил эрхэлж байгаа гэнэ. Гэхдээ энэ салбар удахгүй дэлхийн эрчим хүчний томоохон тоглогч болно. Учир нь тархац өндөртэйгээс гарна. Олборлолт, технологийн зардал харьцангуй бага. Төслийнхний урьдчилсан таамгаар өнөөдөр Монголд долоон тэрбум шоо метр нүүрсний давхаргын метан хий бий. Нөөц цаашид нэмэгдэх магадлал өндөр. Мэдээж дэлхийн хамгийн том эрчим хүчний хэрэглэгчтэй хөрш гэдэг нь манай метан хийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Зөвхөн өмнөд хөршөөр зогсохгүй дэлхий дахинаар энэ эрчим хүчний эх үүсвэр рүү хошуурч байгаа нь бидний амьдралд сайнаар нөлөөлөх аж.

Дэлхийн баян орнуудын инфляцид нэрвэгдэж байгаа их хэмжээний мөнгө энэ салбарт цутгахад бэлэн байгаа гэнэ. Харамсалтай нь манай хууль эрх зүйн орчин энэ их мөнгийг татахад бэлэн үү гэдэгт семинарт оролцогчид эргэлзэнгүй байгаа нь анзаарагдсан. Бид олон сайхан зүйлс амалж хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байгаа ч сүүлийн хэдэн жил дорвитой хөрөнгө орж ирээгүй л байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах орчин сул. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа муу, хууль, мэдээлэл ил тод биш ойлгомжгүй зэрэг нь хоёр дахь Оюу толгой болох магадлалтай метан хийн салбар хөгжихөд саад болох магадлалтай.   

Нүүрсний давхаргын метан хий нь   эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн манай улсын хувьд Засгийн газрын анхаарлын төвд байгаа ч олон тохиолдолд орон нутгийн “эх орончид” давуу эрх эдэлсээр удаж байгаа. Мөн цөөнгүй тохиолдолд тэдгээрийн ард Засгийн газрын төлөөлөгч болох сумын Засаг дарга байдаг тухай яригддаг.

Өнөөдөр метан хий дэлхийн олон газар байдаг ч, өөр өөр үнэтэй. Гэхдээ дунджаар нэг шоо метр метан хий долоо орчим доллар байгаа аж. Метан хийг орчин цагт бүх салбарт ашиглана. Түлш, дулаан үйлдвэрлэл, эрчим хүч, металлург, аж үйлдвэрийн аль салбарт ашиглах боломжтойгоор ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэж үзэж байна.

Дэлхий өнөөдөр нүүрсний хэрэглээнээс татгалзаж байгаа. Гэхдээ манайх жилд хэдхэн тонн нүүрс түлдэг орон хаа байсан хэдэн зуун тэрбум тонн нүүрс түлдэг АНУ, БНХАУ, Энэтхэг зэрэг орныг дуурайж нүүрсний хэрэглээнээс татгалзах мунхаг санал гаргах шаардлагагүй. Бидний түлж байгаа нүүрс озоны цоорхойг нэмэгдүүлэх бүү хэл нийслэлийн 100 айл, телевиз орчмоос өөр хэнийг ч хорлодоггүй. Харин том гүрнүүдийн тоглоомонд орж, хэдхэн ногоон зуслах гэж нүүрснээс татгалзах мэтээ түр орхих хэрэгтэй.

Харин энэ хооронд метаны хийн хайгуул, олборлолт, ашиглалтыг түргэвчлэх нь ирээдүй хойчид маань хэрэгтэй болов уу. Дээрх хөтөлбөрийн судалгааны ажлыг Австралийн Засгийн газрын санхүүжилттай байгууллага хийсэн. Өмнө нь гадны татвар төлөгчдийн ихээхэн хөрөнгө, хугацаа зарцуулж хийсэн судалгааны ажлууд үр дүнгүй байсан түүх байдаг.

Ийм явдал гаргуулахгүйн тулд “Та ерөнхий сайдтай уулзах боломж гарвал юу захих вэ” хэмээн “Сайфер” зөвлөх компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Куинсландийн Технологийн их сургуулийн профессор Тим А Мүүрэгээс асуухад “Монголд байгаа энэ том боломжийг дэлхийн том хөрөнгө оруулагчдын анхааралд Засгийн газрын баталгаатай оруулж чадвал энэ төсөл Монголын эдийн засагт томоохон түлхэц болно гэж бодож байна” гэв.

Энэ төслийн дотоодын давуу тал нь метан хийний эх үүсвэр өнөөдөртөө 100 хувь төрийн мэдэлд байна. Мэдээж хөрөнгө оруулагч нартай хувь тохиролцоно. Оросын хийн хоолойн хувь заяаны талаар хятадуудаас эцсийн шийдвэр ирээгүй, нефтийн үйлдвэрийн түүхий эдийн хангалт шийдэгдээгүй, Эгийн голын цахилгаан станцын ирээдүй бүрхэг зэрэг нь Монголын мега төслүүдийг бүрхэгдүүлж байгаа. Харин энэ төсөлд барууны хөрөнгийн акулууд орох сонирхол өндөр гэнэ. Орон нутгийн “эх орончид”, Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нар энэ төсөлд нэг чигтэй зүтгэвэл ойрын хугацаанд хэрэгжих үр дүнгээ өгөх хамгийн өндөр магадлалтай. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 Хуваалцах  Жиргэх


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин