• Эхлэл
  • Үндсэн хуулийн философи

Үндсэн хуулийн философи

2022/06/30

ҮНДСЭН ХУУЛИЙН ФИЛОСОФИ

Баабар ийн өгүүлэв.

1992 оны Үндсэн хууль нь гадны оролцоогүйгээр монголчууд өөрсдөө хийсэн анхны бүтээл юм. Энэ Үндсэн хууль өнөөгийн дэлхий ертөнцийн үндсэн чиг хандлагад таарч тохирсон, ардчилсан үзэл санаатай, хүний эрхийг дээдэлсэн хамтын бүтээл болсон билээ.

Тус Үндсэн хуульд хэд хэдэн удаа тодотгол хийж засвар оруулсан. Гэвч өөрчлөлт болон шүүмж бүр хуулийнхаа механик талаас нь хандаж байсан болохоос философи утгыг нь хайсан шүүмж бараг гарч байгаагүй. Хүний эрхийг дээдлэх гэдэг утга санааг өдий болтол философи талаас нь ойлгож тайлбарласан явдал туйлын хомс.
Энэ нь эрх ашгуудыг эрэмбэлэхдээ хувь хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьж байна гэдгийг хууль тогтоогчид, хууль хэрэгжүүлэгчид, шүүн таслагчид ба тэднээс бүрдсэн төрийн инстүүцүүд зөв ойлгодоггүйгээс буруу шийдвэр болон шийдэлд хүрэх нь туйлын элбэг. Францын хувьсгалаас үүдэлтэй энэ ойлголт нь чухамдаа хувь хүний эрх ашиг бусад эрх ашгаас илүү тодорхой байдгийг нотолсон зарчим юм.
Улс орны, нийгмийн, ард түмний гэх эрх ашгууд үүнийг тодорхойлогчийн субъектив үнэлэмжээс хамаардаг, тэр хэрээрээ шударга дүгнэлт болж чаддаггүй, үүнээсээ болоод олныг хамарсан хүчирхийлэл гажуудалд хүргэдэг түүхийн урт удаан гашуун сургамж дээр буй болсон дүгнэлт юм. Ард түмэн, улс орны эрх ашгийг тодорхойлогч нь үргэлж төр, төрийн төлөөлөгч, эрх баригчид, ноёлогчид байсаар ирсэн учир тэд үүнийг өөрсдийн эрх ашгийг хамгаалахад хандуулдаг. Харин хувь хүний эрх ашиг маш тодорхой, хүмүүс өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хуулийн хүрээнд бүхий л арга чаргыг хэрэглэх эрхтэй. Нийгэмд хэчнээн хүн байна, төдий тоогоор хувь хүний эрх ашиг бий. Бүх хувийн эрх ашгууд хоорондоо тэнцүү эрхтэй. Иймээс аль ч хувийн эрх ашиг бусад өөр хувийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Чухам энд л хувь хүний эрх ашгийн хязгаар бий. Чухам энэ л Үндсэн хуулинд суурь болгон авсан хувь хүний эрх ашгийг дээдэлсэн заалтын философи тал нь юм.

Эрх чөлөөний тухай асуудал бий. Дарангуйллын төр хуулиар эрх чөлөө олгодог бол, ардчилсан төр хуулиар эрх чөлөөг хязгаарладаг. Тодорхойлбол дарангуйлах төрд иргэдэд бүх үйлдэл нь хориотой, харин төрөөс тодорхой үйлдлүүдэд зөвшөөрөл олгодог. Гэтэл ардчилсан, чөлөөт, нээлттэй нийгэмд иргэдэд бүх үйлдлийг нь зөвшөөрсөн байдаг, харин тодорхой үйлдэл хийхийг нь хуулиар хориглодог. Эндээс дарангуйлалт төр иргэдэд зөвшөөрсөн зүйлийг нь хийх эрх олгодог бол ардчилсан төр хориглосон зүйлийг нь хийхийг зөвшөөрдөггүй. Чухам эндээс эрх чөлөө гэсэн ухагдахууны гаргалгаа философи үүдэлтэй.

Шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх тухай асуудал байна. Чөлөөт нээлттэй нийгэмд иргэн бүр шашин шүтэх, бусадтай эвлэлдэн нэгдэх, үзэл санаагаа илэрхийлэн үг хэлж хэвлэн нийтлэх эрхээр хангагдана. Гэтэл энд маш олон төрлийн шашин зэрэгцэн оршиж буй тул шашин гэсэнд нэгдмэл нэг утга байхгүй. Шашин болгон өөрийгөө тэргүүлэх эрхтэй гэж ойлгох хандлагатай. Төрөөс аль нэг шашныг дээдлэх аваас бусад шашны зүгээс эсэргүүцэл гарч улмаар нийгэмд хагарал үүсгэх аюултай. Иймээс бүхий л шашинд эн тэнцүү хандахын тулд төрөөс шашныг тусгаарлана гэдэг нь төр ерөөс шашныг хориглосон болон дэмжсэн шийдвэр гаргахаас татгалзана гэсэн үг юм. Гэхдээ энэ нь дээр өгүүлсэн хувь хүний эрх ашгийг дээдэлнэ гэсэн заалттай холбогдон бусдын эрх ашигт хохирол үзүүлэхүйц шашны бүлэглэлийг төрөөс хориглоход саад болохгүй. Яг ийм зарчим эвлэлдэн нэгдэх, үг хэлэх эрхийн заалтад ижил үйлчилнэ.

Хүний амьд явах эрхийн тухай зарчим байна. Энэ нь төрөөс хүний амьд явах эрхийг хүндэтгэнэ гэсэн үг. Энэ нь цаад утгаараа төрийн хууль хүний аминд хүрэхгүй гэсэн санаа юм. Чөлөөт ардчилсан нийгэмд алив бүхий л өмчийн хэлбэрийг тэгш эрхтэй гэж үздэг. Тиймээс төр бүхий л өмчийн хэлбэрт эрх тэгш хандаж алийг нь ч өмгөөлөн хамгаалах эрхийг өөртөө хүлээдэг. Чөлөөт нийгэмд бүх иргэд нийгэм болон шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ нь тухайлбал шүүх зөвхөн иргэдээс гомдол хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл шүүхэд гомдол гаргагч нь хэзээ ч төрийн болон олон нийтийн төлөөлөл байж болохгүй. Ийм төлөөлөлтэй бол түүгээрээ шүүхэд хандахгүй, зөвхөн иргэний нэрээр гомдоллоно.

Хэрэв Үндсэн хуулийн гол заалтуудад зарчмын талаас нь хандахгүй дан ганц заалтын механик талаас нь харах ахул Үндсэн хуулийн зарчим нийгэмд хэрэгжиж чадахгүй. Үүнийг л философи тал нь гээд буй хэрэг.

2022.3.15


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин