• Эхлэл
  • "Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг улс орнууд анхаарч байна"

"Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг улс орнууд анхаарч байна"

2022/09/28

НҮБ-ын хурал болоод Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын асуудлаар Олон улсын харилцааны судлаач-профессорД.Баярхүүтэй сэтгүүлч Ш.Оюунчимэг ярилцсаныг хүргэж байна.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Мөн гадаад бодлогын эксперт, ахмад Элчин сайд Д.Баярхүү төлөөлөгчөөр оролцов. НҮБ-ын хурал болоод Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын асуудлаар Олон улсын харилцааны судлаач-профессорД.Баярхүүтэй сэтгүүлч Ш.Оюунчимэг ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы нээлтэд та оролцоод ирлээ. Энэ удаагийн чуулганы онцлог, Таны мэргэжлийн нүдээр харах өнцөг юу байв?

-Олон орны Төр, Засгийн тэргүүнүүд өөр өөрсдөд болон даян дэлхийд тулгамдаж буй олон асуудлаа ярилцлаа. Даян дэлхий тун хямралтай, бүр аюултай нөхцөлд шилжсэн тухай үг хэлсэн болгон л амны уншлага мэт давтаж байлаа. Ертөнцийг бужигнуулсан хоёр үйл явдал байх ба тэр нь ковид хэмээх цар тахал, нөгөөх нь Оросоос Украинд явуулж буй дайн гэж ярьж байгаа нь олон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн адил өөрийн байр сууриа илэрхийлж, уриалга гаргалаа, гэхдээ арай өөр өнцгөөс. Дэлхийн улс орны тэргүүнүүд ОХУ, Украины дайны асуудал дээр олон шүүмжлэл, санал илэрхийллээ. Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа гэдгийг маш их шүүмжиллээ. Тэр дундаа G-7 гэгддэг аж үйлдвэр өндөр хөгжсөн тэргүүлэх дэлхийн 7 гүрний 4-ийнх нь удирдагч ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдөр ОХУ-ыг маш хурцаар шүүмжлэхийг би харлаа. Олон улсын харилцаанд шударга ёс тогтохгүй байна, НҮБ дэлхийд шударга ёс тогтоож чадахгүй байна, НҮБ-ыг үндэслэгч, Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг нь хөрш жижиг улсдаа түрэмгийлэл үйлдэж хаяагаа хадарч байхад НҮБ ямар ч хариуцлага тооцохгүй, олон улсын эрх зүйг зөрчүүлээд байж байна гэхчлэн Оросыг нэр заан шүүмжиллээ. Ажаад байхад энэ жилийн хувьд ОХУ-ыг маш олон талаас нь хавчих хандлагатай байна. Францын ерөнхийлөгч Э.Макроныг тийм айхтар хурцаар шүүмжилнэ чинээ төсөөлөөгүй байж байлаа. Уламжлалаа дагавал Өрнөд дотроо Франц нь Оростой өвөрмөц харилцаатай, Оросыг хатуу цээрүүлэх тухай яримааргүй юмсан. Гэтэл энэ удаа олон улсын харилцааны асуудлаар Францын Төрийн тэргүүн иж бүрэн, хурц, маш их логиктой шүүмжлэл тавьж байв. Яагаад ОХУ-д хариуцлага тооцохгүй байна вэ, хариуцлага тооцох ёстой гэсэн санаагаа бараг л түрүүлээд хэлчих шиг болсон. Орос-Украинтай дайнтай холбоотой аливаа саналд түдгэлзэж байгаа улс орнуудыг хатуу шүүмжилсэн. Ийм түрэмгийлэгчдэд хатуу хариуцлага хүлээлгэж, сануулга өгөх ёстой гэсэн байр сууриа дахин дахин илэрхийлсэн. Энэ мэт Итали, Герман, Япон, Польш, Словак, Румын, Литва, Финланд зэрэг улсын төрийн тэргүүнүүд эхний өдрийн хуралдаанд ОХУ-ыг маш ширүүн шүүмжилж байв. Ерөнхий санал шүүмжлэлийн дийлэнх нь ОХУ-ыг онилсон санал шүүмжлэл байлаа. Хаа байсан Номхон далайн арлын жижиг улсын Төрийн тэргүүн гэхэд л дэлхий дахины эдийн засгийн хямралын буруутнаар Украинд түрэмгийлсэн Оросыг нэрлээд ч байх шиг. Миний хувьд эмзэг хүлээн авахаар шүүмжлэл Кыргыстаны Ерөнхийлөгч С.Жапаровын амнаас уналаа. Түүний ярьснаас үзвэл ШХАБ ба ОДКБ эвслийн өөр нэг гишүүн, олон жилийн түнш хөрш Тажикистантайгаа үхэх сэхэхээ үзэлцсэн дайнд татагдаад орчихсон, Тажикистан нь Кыргыстаны нутаг дэвсгэр рүү байнга өнгөлзөн, хилийн дайн дэгдээгээд байгаа гэлээ.Кыргыстан нь бусад орны хилд өнгөлзөхгүй, гэхдээ өөрийн газар нутгаас нэг сөөмийг ч бусдад алдахгүй, газар нутгийнхаа төлөө хатуу зогсоно хэмээн НҮБ-ын индрээс сануулж, бараг тангараглаж байв. Чуулганд Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцож, харин Гадаад хэргийн сайдаа чуулганд илгээсэн, ОХУ-ын хувьд Гадаад хэргийн сайд С.Лавров оролцсон. Орос руу чиглэсэн хатуу шүүмжлэлийн дор С.Лавров Аюулгүйн Зөвлөлийн хуралд оролцож үгээ хэлээд шууд гараад явчихна лээ. Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба НҮБ-д ихээхэн хүндтэй заларч, бүр америкийн алдартай ТВ-ийн ток-шоунд оролцож алга ташуулж ч байх шиг. Юм юм л өрнөж байлаа. Базаж хэлбэл энэ удаагийн чуулган өмнөх чуулгануудыг бодвол илүү их түгшүүр, айдас дагуулсан, халуухан маргаан мэтгэлцээн дунд өрнөх шинжтэй байна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уриалга, шүүмжлэлийн онцлогийг Та юу гэж дүгнэх вэ?

-Дайн, геополитикийн хурц зөрчил тэмцэлтэй, эсрэгцсэн, хуваагдсан энэ ертөнцөд энх амгалан хэрэгтэй байна, түүний төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн утгаар У.Хүрэлсүх даян дэлхийн энх тайваныг уриалж үг хэллээ. Ноён У.Хүрэлсүхийг үг хэлэхийн өмнөхөн түгшүүр аюулын тухай, Өрнөдөөс тавьсан шударга бус санкцын тухай, олон улсын харилцааг шударга ёсжуулах тухай Ираны Ерөнхийлөгч Э.Райси уртаас урт үг хэлнэ лээ. Түгшүүр төрүүлсэн үг байсан даа. Залгуулаад НҮБ-ын индрээс НҮБ-ын тэр том танхимд энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Төрийн тэргүүн үг хэлсэн нь танхмын уур амьсгалыг эргүүлчих шиг л санагдаж байв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн бидэнд оноосон “Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол Улс” гэдэг бол зүгээр нэг нэрлэсэн биш, цаанаа гүн утга агуулгатай, тэр хэрээрээ үнэ цэнэтэй, онцлогтой гэдэг утгаар Төрийн тэргүүний хэлснийг хүлээн авууштай. Монгол Улс бол даян дэлхийн энх тайванд санаа тавьдаг, түүний төлөө зовж шаналдаг, тэр хэрээрээ энх тайвны санал санаачилга дэвшүүлдэг гэдгийн илэрхийлэл гэх үү дээ, өмнөх өдрийн хуралдааны ширүүн шүүмжлэл, яг өмнө нь Ираны Ерөнхийлөгчийн хэлсэнтэй харьцуулаад огт өөр агуулгатай хэлсэн гэж үзэж байна. Даян дэлхийг хамарсан бүхий л асуудалд манай улс ямар байр суурь баримталж байна вэ гэдэгт иж бүрэн хариулт өгөхийг хичээсэн, бүгдийг хамруулсан өргөн дэлгэр үг гэх үү дээ. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн, цаашдаа ч тэгнэ гэсэн итгэлээ дахин нотоллоо. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц, манай улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанаас авахуулаад байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэл, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг гээд маш олон асуудлаар манай байр суурийг дэлхий дахинд хүргэлээ. НҮБ-ын 190 гаруй гишүүн улс орнууд дунд Монгол бол хүн амын тоо, эдийн засгийн нөөц бололцоогоороо жижиг улс. Гэтэл ийм жижиг улс энх тайванд ийм том санаачилга дэвшүүлж, түүнийгээ нотолж харуулна гэдэг нь өөрөө Монгол Улсын гадаад бодлогын нэг том ололт, улс орноо гадаад ертөнцөд сурталчлан таниулсан томхон алхам юм. Өнгөрсөн зун Улаанбаатарт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг Монгол Улс НҮБ-ын мандат дор зохион байгуулсан. Үүнийгээ цаашид 5 жил тутамд олон улсын бага хурал хэлбэрээр зохион байгуулж байх санаачилга гаргаж, Монгол Улс зочин нь улс болъё хэмээн зарлаж байгаа нь дэлхийн 190 гаруй улсад маш том мэссэж болж очно. Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилга анхаарал татах нь мэдээж. Зүүн хойд Азид олон улсын хүмүүнлэгийн тусламж-ийн төв байхгүй байж ирсэнийг ажил хэрэг болгоод Улаанбаатарт тэр төвийг нь байгуулахад бэлэн байна гэдгээ зарласан нь маш чухал мэссэж болж түгнэ. 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол санаачилж,батлуулсан нь гадаад бодлогын нэг том ололт юм. Нүүдлийн иргэншил, мал аж ахуйд экологийн том аюул тулгарлаа, үүнийг зохицуулахаар Монголын санаачилгаар НҮБ-аас бүтэн нэг жилийн зориулна гэдгийг би том ололт гэж нэрлэж байна. Энэ мэт хөгжил дэвшилд чиглэсэн маш олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгээ маш тодорхой хэллээ.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлснээр Монгол Улсыг олон улс орон “сонирхож” байгаа нь энэ чуулганы үеэр харагдлаа гэж хэлж байсан. Энэ чуулганд оролцсон хүний хувьд энэ уур амьсгалыг хэр их мэдрэв, Та?

-Би өмнө нь ТВ-үүдэд өгсөн болон ноён Гуттеришийн айлчлалын үеийн ярилцлагадаа тэмдэглэж байсан. 2022 он бол гадаад бодлогын арвин ургацын жил болно гэж. Монголыг зориод ирсэн гадаадын дээд өндөр түвшний зочид төлөөлөгчдөө эргээд нэг тооцоод үз. Ганц жил, тэгэхдээ 1-2 сарын дотор Улаанбаатар руу ийм олуулаа цувраад цувраад айлчлаад ирсэн тохиолдол бий юү? Хоёр хөрштэй, хоёр хөршийн дунд, гуравдагч хөршүүдтэй гадаад бодлогын тэнцвэрийг хангаж ажилласан байдлаа эргээд нэг харахад л миний хэлсэн яг нотлогдоно. 

-Covid-19-ийн цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын гадаад бодлогын асуудал хүнд байлаа. Монгол Улсын хувьд ч гадаад харилцаа хаалттай байсан. Одоо харин сэргэж байх шиг байна?

-Сэргэх нь бүү хэл оволзож байна гэж би хэлэх байна. Манай гадаад бодлого маш идэвхтэй явж байна. НҮБ-ын гишүүн 193 улс орны дунд 3.5 сая хүн амтай, жижиг эдийн засагтай, геополитикийн өвөрмөц байдалд хашигдсан улс хэрнээ маш идэвхтэй гадаад бодлого явуулдаг гэдгийг 2022 оны турш харуулж чадаж байна. Бид өөрсдөө харлаа шүү дээ. Он дуустал дахиад гурван сар байна. Гадаад бодлого энэ эрчээрээ урагшилна гэдгээр би тэгж хэлж байна. Гадаад бодлогын хувьд маш их арвин ургац хураасан жил гэдгээ дахиад тэмдэглэе. Энэ байдлаар бол Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг дэлхийн улс орнууд анхаарч тооцохоос өөр аргагүй. Яагаад Монгол руу хошуурч байна вэ, яагаад сонирхол татаж байгна вэ гэдэг асуулт л өөрөө хариулт нь юм биш үү. Олон улсын тавцанд Монголын нэр хүнд автоматаар өсч байна.

-Цар тахал, геополитикийн асуудал гээд улс орнуудад шинэ сорилтууд их тулгарлаа. Улс орнууд тулгарч буй шинэ сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ямар санал, санаачилга гарав?

-Шинэ сорилтууд гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгэнд их тодорхой зааж өгсөн. Дан ганц цар тахал гэлтгүй байгаль орчин, геополитик, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээний шинэ сорилтууд бий боллоо гэсэн. Дээр би дурдсан даа. 

Чуулганы санал шүүмжлэлээс үзвэл хамгийн их хохирсон салбараар нийгмийн салбарыг нэрлэж байна билээ. Даян дэлхий дайн байлдаан, байгаль орчны хямрал, эдийн засаг, санхүү, пандемик гээд олон асуудалтай тулгарч байгаагаас дэлхий дээр хамгийн их хэлмэгдэж байгаа салбар нь нийгмийн асуудал мөн гэж зааж байна. Тэр дундаа боловсрол хамгийн ихээр хохирлоо гэдгийг НҮБ өндөр хэмжээнд авч үзэж, “Хувьсаж буй боловсрол” сэдэвт хоёр өдрийн дээд түвшний уулзалт зохион байгууллаа. Боловсрол бол хүн төрөлхтөнийг аврах хамгийн том зэвсэг юм байна гэж үзсэн. Хувьсаж буй боловсрол сэдэвт хурал дээр Монгол Улсын туршлагыг онцолсон. Сovid-19-ийн үед боловсролоо цахимжуулж, сургалтаа таслаагүй гэдгээр өндөр ач холбогдол өгч байна билээ. Тийм ч учраас боловсролын системээ зөв авч явсан гэж үзэж, тусгай өдөрлөг зохион байгуулах урилга манай улсад өгсөн. Дижитал боловсролыг Монгол Улс өндөр хэмжээнд авч явж байна гэж НҮБ дүгнэсэн. Энэ бол бас том ололт амжилт мөн шүү. Бид бахархах хэрэгтэй. 

-ОХУ-Украины асуудалд Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлж байгаа. Сая НҮБ хурал дээр ч В.Зеленскийг үг хэлэх саналд түдгэлзсэн байр сууриа илэрхийлсэн. Түдгэлзэж буй байр суурийг иргэд буруу, зөрүү ойлгох тохиолдол их байна. Энэ талаар Та нэг тодорхой мэдээлэл өгөөч?

-Анхнаасаа л түдгэлзсээр ирсэн шүү дээ. Монголын өвөрмөц байршил, Монгол-Оросын хамтын ажиллагаа, Оросоос хамааралтай байгаа бодит нөхцөл гээд ярьвал энэ талаар их гүрнүүд, гуравдагч хөршүүд маань бүгд л ойлгоно доо. 

-Ерөнхийлөгчийг НҮБ-ын хуралд оролцож байхтай зэрэгцээд ОХУ-ын цэрэг татлагатай холбоотой Буриад иргэд Монголыг зорих нь нэмэгдсэн. НҮБ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын гадаа ч Буриад иргэд жагссан. Энэ асуудалд та ямар дүгнэлт хийх вэ?

-Энэ талаар миний хувийн дүгнэлт нэг их сонин биш. Төр, засгийн бодлогод нөлөөлөхгүй. Энэ асуултаа холбогдох яамдад нь шууд тавьж хариулт авбал зөв болов уу. Ямар ч гэсэн ажлын хэсэг гарсан дуулдсан.

-Төгсгөлд нь Танаас НҮБ-тай хамааралгүй өөр нэг асуулт тавья. ШХАБ-ын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох тухай гэнэт зарлаж, дараа нь эх орноо элсүүлэх нь гэсэн шуугиан, зарим нэг эсэргүүцэл ч цухалзсан. Тэр талаар Та юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Самарканд хотноо 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно гэсэн мэдээ тавьсан байсан даа. Монголчууд уншсан, анзаарсан байх. Хэрэв лавшруулаад ажвал “ажиглагчаар” гэдэг ганцхан үгэнд Таны тавьсан бүх асуултын хариу тусчихсан болов уу. “Ажиглагчаар” гэсэн энэ үг юуны өмнө монголчууддаа зориулсан мэссэж байсан байх. ШХАБ-д жинхлэхгүй ээ, ажиглагчаараа үргэлжлүүлэн ажилланаа гэсэн утга илэрхийлэгдэж байна. Өөрөөр хэлбэл ШХАБ-д эх орноо барьж өгөх гэлээ гэсэн хардлага хийрхэлд нэг ёсны хариу өгчихөж байна. Нөгөө талаасаа “ажиглагчаар” гэсэн нь ШХАБ руу Монголыг уриалдаг, шахдаг хөрш гүрнүүдэд хандсан мэссэж байсан. Дахин дахин бүү уриалаад шахаад бай, Монгол бол ардчилсан, ард иргэд нь нийтээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргадаг эрх зүйт төртэй улс мөн гэсэн мэссэж. Цаашлаад хоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүд, дэлхий нийтэд “ажиглагчаараа үлдэнээ” гэсэн бас нэг мэссэж гэж ойлгож болно. Мэдээж ШХАБ бол олон улсын нээлттэй том индэр, талбар учраас Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон нь зөв алхам болсон. Тэр дундаа хамгийн онцлох нь цар тахлын улмаас хоёр жил завсарласан Монгол-Орос-Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит VI уулзалтад оролцож, стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, хамгийн чухал нь тийм хийг БНХАУ хүлээн авахад бэлэн байна гэсэн үгийг Хятадын удирдагчаар зөвшөөрүүлсэн нь онц ач холбогдолтой. Монгол Улс ШХАБ-ыг ямар нэгэн эвсэл, холбоо гэж үзэхгүй, харин олон талт хамтын ажиллагааны чухал суваг хэмээн үздэг, 2004 онд ажиглагчийн статустай болсноосоо хойш жинхэнэ гишүүдтэйгээ мөр зэрэгцээд дээд түвшний бүх уулзалтад идэвхтэй оролцож ирсэн, тэгэх тусмаа энэ том боломжийг ашиглаад гурван улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний байнгын механизмтай болж авсан нь гадаад бодлогын бас нэгэн ололт юм даа.

-Ярилцсан Танд баярлалаа.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин