• Эхлэл
  • Хүүхдийн мөнгийг бууруулж болох ч ялгаварлал гаргах ёсгүй

Хүүхдийн мөнгийг бууруулж болох ч ялгаварлал гаргах ёсгүй

2022/10/03

Төсөв хүндрэх болгонд гарч ирдэг, эргүүлж тойруулж ярьдаг хүүхдийн мөнгөний тухай асуудал дахиад л хурцдаж эхэллээ. Энэ удаагийн хүндрэлтэй нөхцөл байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асны хариуцлагагүй мэдэгдэл сайхан аян шалтаг болох шиг боллоо.

Үүнээс болоод “Улны” гэж нэрлэгдсэн айл өрхөд халамж өгөх нь угаасаа буруу, угаагаад ч уг нь хар гэдэг болж байна. Ерөөсөө энэ хавтгайрсан халамжийг зогсооё” гэсэн цэцэрхэл нийгмийн сүлжээгээр нэг. Монгол Улсын 3,3 сая иргэний 2,4 сая нь (үүний нэг сая орчим нь 0-18 насны хүүхэд) ямар нэг хэмжээгээр халамжийн мөнгө авдаг гэхээр арга ч үгүй биз. Хамгийн эгзэгтэй нь энэ “хавтгайрал” дунд хүүхдийн мөнгө хавчуулагдаад хасагдаж, танагдах дээрээ тулж байгаа юм шиг байна. Ингэхэд хүүхдийн мөнгө халамж мөн үү, биш үү? гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Уг нь бол хүүхдийн мөнгийг анх гаргаж ирсэн шалтгаан нь ядуу чадуу өрхийн хүүхдийг хооллох, эцэг, эхчүүдийг нь архинд оруулах явдал огтоос байгаагүй гэдгийг эхлээд сануулчихъя. Одоогоос даруй арав шахам жилийн өмнөх явдал учраас сүүл үеийн хүмүүс мэдэхгүй, эсвэл мартсан байж болно. Тухайн үед Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг батлахдаа “Хүүхдийн мөнгө бол хүн амыг өсөлтийг, төрөлтийг дэмжих бодлого юм” гэж хэлээд айл өрхийн амьжиргаанаас хамааралгүйгээр хүүхэд бүрт 18 нас хүртэл нь сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор хуульчилсан. 2004 оны УИХ-ын сонгуулиар АН, МАН-ын аль нь ч олонхи болж чадаагүй (36:38) сонгуулийн үр дүнг "Хаан сонголт" гэж нэрлээд хамтран засаг барьж байсан үе.
Мөн энэ мөнгийг уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоос хуваарилах юмаа гээд нөгөө алдарт “68 хувийн” татварыг тогтоож, Хүний хөгжил санг улсын төсвөөс тусад нь байгуулж байлаа. Н.Батбаяр гишүүн санаачилсан "Гэнэтийн ашгийн" татвар л даа. Дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэд хязгаар тавиад “зах зээлийн үнэ тэдээс дээш гарвал үнийн өндөр өсөлт гэж үзнэ” гээд илүү гарсан ашгаас нь 68 хувийн татвар авч байлаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яам. Дараа жил нь улс орны эдийн засаг сайжирсан гэж үзээд учраас хүүхдийн мөнгийг 20 мянга болгож нэмэгдүүлсэн байдаг.

Одоо хэдийгээр 68 хувийн татвар байхгүй болсон ч “Хүн амын өсөлтийг дэмжих” төрийн бодлого үргэлжлээд явж байгаа гэж ойлгож байгаа. МАН засаг аваад Хүний хөгжил санг Ирээдүйн өв сан болгож өөрчилсөн нь ч өмнөх бодлого өөрчлөгдөөгүй гэж ойлгодог. Тиймээс хүүхдийн мөнгө халамж мөн үү, эсвэл хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого уу? гэж маргах нь зүй.

Хэрэвзээ халамж юмаа гэж үзээд өрхийн орлогод хязгаар тогтоогоод, зөвхөн зорилтот бүлэгтээ өгнө гэвэл хуулиа өөрчлөх хэрэгтэй болно. Халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэвээрээ үргэлжилнэ гэвэл хүүхдийн мөнгөн дээр ялгаварлал гаргах ёсгүй болж байна.

МАН эрх авсны дараа төсөв, эдийн засгийн хүндрэлээс болоод хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн удаа хязгаарлалт тавьж үзсэн. Хорооны Засаг даргаар судалгаа хийлгээд айлуудын зурагт, хөргөгчийн тоолж байсан ч удаатай. Тэгээд “зөвхөн орлого багатай өрхийн хүүхдэд” гэдэг хязгаар тавьсан гэж нэрлэсэн боловч 0-18 насны нийт хүүхдүүдийн 60, 80 хувьд хүртэл хүүхдийн 20 мянгыг олгож байлаа. Харин 2020 оны сонгуулийн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэгт бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх” нэрээр хүүхдийн мөнгийг өрхийн орлого хамаарахгүйгээр хүүхэд бүрт олгох, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгохоор Засгийн газрын тогтоол баталсан байдаг. Сарын дараа сонгууль болоход МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан даа. Одоо ч гэсэн хүүхдийн мөнгө 100 мянга хэвээрээ байх. Төсөвт  тодорхой хэмжээгээр дарамт үзүүлж байгаа нь үнэн ч байх. Иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дортож байгаа нь бүр ч үнэн.

Уг нь бол хүүхдийн мөнгийг 20 мянга болгох үед ам.долларын ханш 900 төгрөг байсан гэж бодвол өнөөдөр 4500 төгрөг давчихаад байгаа үед 100 мянган төгрөг байгаа нь дүндээ дүн л юм.  

Хэдий тийм ч, хүүхдийн мөнгөний төсвийг бууруулж болох ч өрхийн орлогоор ялгаварлал үүсгэх ёсгүй юм. Ингэхэд хүрвэл хуульдаа өөрчлөлт оруулж, “хүүхдийн мөнгө” гэдэг нэрийг нь гэсэн өөрчлөх ёстой болно.

Б.СЭМҮҮН


Сэтгэгдэл (1)

  • Тэгш орчинд з үе тодрохгүй
    2022 оны 10 сарын 05
Сонин хачин