• Эхлэл
  • ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧЭЭР НЭМЖ ЗУРГААН КОМПАНИЙГ БҮРТГЭЛЭЭ

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧЭЭР НЭМЖ ЗУРГААН КОМПАНИЙГ БҮРТГЭЛЭЭ

2022/10/10

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр /2022.10.10/ боллоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан нийт 10 компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаа хуралдаанаар зургаан компани буюу “Нэйшнал трэйшир бит секьюрити”, “Икс Мета”, “Комплекс Дижитал Экосистем”, “Чойжин Алтекс”, “Зоос Дижитал Эксчэйнж”, “Корэкс” зэрэг ХХК хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчлагдсан. Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Дижитал Эксчэйнж Монголиа”, “Ай Дакс”, “Койн Хаб” зэрэг гурван компанийг тус тус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 9 компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна. Харин хуульд заасан хуулийн хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй компаниудын хувьд дээрх төрлийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд хэрэв виртуал хөрөнгийн үйлчилгээг Хороонд  бүртгэлгүй эрхэлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл үүсэх юм.

ЭХ СУРВАЛЖ:Санхүүгийн зохицуулах хороо.

Нэмэлт мэдээлэл:

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ 2021 оны 12-р сард батлагдсан. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390242606091

Уг хуульд

4.1.1."виртуал хөрөнгө" гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;

Виртуал хөрөнгийн үйлчилгээг:

6.1.Хүн, хуулийн этгээд гэрээ, хэлцэлд оролцогчийн нэрийн өмнөөс, тэдгээрийн захиалгаар, эсхүл тэдгээрт зориулан үзүүлэх виртуал хөрөнгийн үйлчилгээнд дараах үйл ажиллагаа хамаарна:

6.1.1.виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;

6.1.2.нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;

6.1.3.виртуал хөрөнгийг шилжүүлэх;

6.1.4.виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;

6.1.5.виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.

10.13.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй гэж заасан байдаг юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин