• Эхлэл
  • Д.Баясгалан: Дөрөв биш, хоёр гэрээ нь л манайтай хамааралтай

Д.Баясгалан: Дөрөв биш, хоёр гэрээ нь л манайтай хамааралтай

2022/12/19

 

“Бодь интернэшнл” групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэт өндөр өртгөөр гүйцэтгэж, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой төмөр зам" компанийг алдагдалд оруулсан гэдэг асуудал хөндөгдөж буй. Энэ талаар "Бодь интернэшнл" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан өнөөдөр /2022.12.19/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ингээд түүний мэдээллийг хүргэж байна.


Тэрээр:

-“Энержи ресурс” 2012 оны тавдугаар сарын 9-нд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах нөхцөл бүхий концессын гэрээг батлуулсан. Төслийг тухайн үед эхлүүлэхдээ санхүү, хууль, ТЭЗҮ-ийн гэх мэт маш олон төрлийн судалгаа хийлгүүлсэн байдаг. Энэ төслийн анхны зөвшөөрлийг 2008 онд С.Баярын Засгийн газрын үед, дараагийнхийг нь 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын үед олгосон юм билээ.

Гэвч 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар энэ гэрээг цуцалж, төрийн өмчийн “Монголын төмөр зам”  компани руу шилжүүлсэн.  Ингээд энэ компани "Энержи ресурс" компанитай хэлэлцээр хийж, өмнө гүйцэтгэсэн ажлуудад нөхөн төлбөр олгосон. Мөн зардлыг олгож, "Хөгжлийн банк"-наас 400 хүртэлх сая ам.долларын санхүүжилт авахаар эхний 200 сая ам.долларын санхүүжилтээ аваад ажлыг үргэлжлүүлсэн.

Ингэхдээ "Монголын төмөр зам" төрийн өмчит компани, "Энержи ресурс" компанийн эхлүүлсэн тэр бүх ажлыг хөндөхгүйгээр "Самсунг" ХК-ийг үргэлжлүүлж ажиллуулсан, шинэ тендер зарлаагүй. Үүний дараа энэ ажил 2014 оноос санхүүжилтгүй болоод зогссон. Улмаар хөрөнгө мөнгө завшсан асуудал үүссэн байж болзошгүй гээд хэрэг үүсгэн, шалгалт оруулсан.

Дараа нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар гадаадын хамтрагчтай хамтрах шаардлагатай гээд холбогдох гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Шинхуа энержи ресурс” компаниар төслийг үргэлжлүүлэхээр болж шалгаруулсан ч Монголд илт хохиролтой байна гээд цуцалсан.

Дараа нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан ч огт шийдвэр гаргаагүй, ажил ч хийгээгүй. Ингээд энэ төсөл 2015-2019 он хүртэл зогссон.

Үүнээс болоод Засгийн газраас гаргасан 270 гаруй сая ам.доллар нь дууссан, овоолсон шороо нь үлдсэн юм байна гэдэг ойлголт төрөөд үлдсэн. Бүх ард түмнээрээ тийм ойлголттой байгаа. Үнэн хэрэгтээ 76 сая ам.доллар нь улсын төсвөөс гарч, “Энержи ресурс”-д, 200 сая ам.доллар нь “Самсунг”-д очоод инженерийн байгууламжид зарцуулагдсан. “Самсунг” компани энэ ажлыг хийж, 2000 хүн ажиллаж байхад хууль хяналтын байгууллагаас шалгах нэрээр зогсоогоод,  гүйцэтгэх захирлыг нь 514 хоног саатуулсан. Бүх туслан гүйцэтгэгчдийнх нь ажлыг зогсоож, шалгасан. 2018 онд Солонгосын компанийн захирлыг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр торгоод явуулсан.

Түүний дараа буюу 2019 оны сүүлээр биднийг энэ төслийг дуусгаж өгөөч гэсэн. Бид долоон жилийн өмнөх буюу 2013 оны үнээр гэрээ байгуулсан. ТЭЗҮ-д бид ямар ч өөрчлөлт оруулаагүй, анхны ТЭЗҮ бол хил рүү очоогүй ТЭЗҮ. Манайд 213 сая ам.долларын ажил нэмж өгөөд ажлын нийт өртөг нь 1 тэрбум таван доллар болсон. Дангаараа төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг км төмөр зам нь 1 сая 460 мянган долларын ТЭЗҮ-ийн өртөгтэй. Үүгээр гэрээ байгуулсан. Зургаан багц ажил болох  төмөр зам, дохиолол холбоо, эрчим хүч, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмжийн нийт өртөг нь  896.1 сая ам.доллар. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” гэдэг компани.

Биднийг маш үнэтэй төмөр зам барьсан, 5 сая ам.долларын өртөгтэй гэж шуугиулсан. Гэвч төмөр замын бодит өртөг 1 км нь 1 сая 460 мянган ам.доллар. Бидний барьсан төмөр зам нэгдүгээр зэрэглэлийнх. Бусад төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх.

Бид 2013 оны төсвөөр энэ төслийг дуусгаж байгаа. Одоо манай төсөл 82 хувьтай явж, тэнд олон зуун хүн ажиллаж, өдөр болгон нүүрс тээвэрлэж байна. Гэхдээ одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод манай төсөл бүрэн дуусахгүй байх эрсдэл үүсэхээр байгаа. Бид хямд үнээр нүүрс аваагүй, зах зээлийн үнээр л авсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёр дахь асуудал нь нүүрсний гэрээтэй холбоотой. Энэ төслийг санхүүжүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” компани, захиалагч нь “Тавантолгой төмөр зам” компани. Манайхыг 30 сарын дотор төмөр зам барьж өг, санхүүжилтийг 60 сарын дараа өгнө гэсэн, бид хүлээж авсан. Бид нөхцлийг хүлээж авахдаа “Та нар бидэнд урьдчилгаа 15 хувийг өг, үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаанд нүүрсээр өг” гэсэн.

2019 оны нөхцөл байдлыг та нар бодож үзээрэй, “Эрдэнэс Тавантолгой” компани гадаадаас санхүүжлит босгох гээд чадаагүй. Ази, АНУ, Европ руу явсан ч бүтээгүй. Гашуунсухайтын төмөр зам  хамгийн чухал төсөл гэдгийг хүн бүр мэднэ. Нүүрсээ зардаг ч орлогыг нь төр авдаг, өчнөөн дарамттай. Дотоодоосоо мөнгө босгох гэж оролдсон. Хөрөнгийн бирж дээр 400 орчим тэрбум төгрөг босгосон, ихэнхийг нь Монголбанк худалдаж авсан. Хүү нь хамаагүй өндөр. Яагаад “Эрдэнэс Тавантолгой” компани гадаадаас мөнгө босоогүй вэ гэхлээр олон улсын аудитын санхүүгийн тайлан байхгүй. Хоёрт,  зээлжих зэрэглэлийг огт хийлгэж байгаагүй. IPO хийх гэж оролдсон, бүтээгүй.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн цорын ганц боломж нь нүүрсээ л өгөх. Ийм л учраас нүүрсний гэрээ хийсэн. Биднийг маш хямдхан нүүрс авсан гэж байгаа.

Хэрвээ бичиг үсэг тайлагдсан хүнд 60 ам.долларын нүүрсний гэрээний үнэ индексээр гарсан. Бид ч үнэ гаргадаггүй, энэ томъёогоор гаргаж байгаа. Одоо ч гэсэн энэ томъёог л ашиглаж, нүүрсний үнэ гаргана. Энэ хугацаанд нүүрсний үнэ унаж ч байсан, өсөж ч байсан. Улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг, тэр үнээр л бид авдаг.

Манайхаас хямд нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч олон байгаа. Бид хамгийн хямд худалдан авагч нь биш.

Улирал бүр нүүрсний үнэ зарладаг, гэсэн ч тэрийгээ мөрддөггүй. Нүүрсний үнийн хөнгөлөлт зэрэг нь амьдралд хэрэгждэггүй.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах долоон оффтейк гэрээг нууцаас гаргасан. Манай дээр дөрвөн гэрээ байгаа гэж яриад байгаа ч хоёр л хамаарна. Эхнийх нь Гашуунсухайтын, нэг тэрбум  5 сая ам.долларын гэрээ. Нөгөө нь, Богд хан төмөр зам  төсөл. Одоо энэ төсөл царцчихсан.  Бусад төслүүд яасан бэ, ил болгоогүй. Засгийн газраас гэрээг ил болгосон шийдвэр гаргасан хэрнээ тайлбар тавиагүй. Тайлбар тавьж байж манайхтай харьцуулж үзнэ гэсэн тайлбар өглөө.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрх төлөөлөгчийн мэдээлснээр энэ төслийг хэрэгжүүлэх шатанд гарсан ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” компани үүрсэн байгаа. Тэгсэн хэрнээ танай компани нүүрс авахдаа 17 хувийн хөнгөлөлт эдэлсэн гэсэн?

-Гэрээг доллараар байгуулсан учраас ханшийн эрсдлийн тухай асуудал байхгүй. Угаасаа бүтээн байгуулалтын 90 хувь нь доллараар буцаад гарч байгаа. Нүүрсээр байна уу, доллараар байна уу. 17 хувийн хөнгөлөлт эдлүүлсэн гэдэг өөр гэрээ, худлаа шүү.  Ийм хөнгөлөлт манайд  байхгүй.

-Энэ төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр нууцын зэрэглэлд оруулсан. Яаж явж байгаад оров?

-Бидэнд байгаа эрх зүйн мэдээллээр бол манайхыг сонгосон тухай “Тавантолгой төмөр зам”-ын ТУЗ-ийн шийдвэр л байгаа. Төрийн нууцад авсан, төр дээр ямар шийдвэр гарсан талаар бид үнэндээ огт мэдэхгүй.

Миний санаж байгаагаар 2018, 2019 онд энэ төмөр замыг барихаар Засгийн газар, холбогдох байгууллагууд  маш олон хүмүүстэй уулзаж байсан. 49 хувийнх нь хөрөнгө гаргаад хамтарч төмөр зам эзэмшье гээд маш олон хүмүүст санал тавихад хөрөнгө гаргах хүн олдоогүй. 2019 оны дөрөвдүгээр сараас Хятадын тал руу захиа явуулж байсан, бидэн дээр бас санал ирсэн, хариуг нь өгч, энэ төсөл рүү орсон.

-“Бодь интернэшнл” энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Гашуунсухайт төмөр замыг барихад зарцуулж  800 сая ам.доллар, Богдхан төсөл рүү 400 сая ам.доллар оруулсан мэдээлэл байгаа. Голомт банк дээр бодит эрсдэл ирэх үү. Ямар шалтгаанаар та бүхэн “Эрдэнэс Тавантолгой” компани 20 хувийн торгууль төлөхөөр гэрээндээ тусгасан юм бэ?

-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт төслийн хэрэгжилт 82 хувьтай. Энэ төсөлд 800 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Төрөөс авсан санхүүжилт нь 400 орчим сая ам.доллар, нүүрс болон бэлэн мөнгөөр авсан.  Одоо бид төрөөс авах авлага нь 225 сая ам.доллар. Хэрвээ төр мөнгөө өгч чадахгүй бол 20 хувийн торгуультай байгаа шиг бид ажлаа хийж чадахгүй бол 20 хувийн торгуультай.

Гашуун сухайтын ТЭЗҮ нэг тэрбум 5 сая ам.долларын бүтээн байгуулалтын гэрээ одоо хүртэл вэб сайт дээр тавигдаагүй байна. Тавигдаж байж, энэ төсөл дотроо зургаан багц ажилтай юм байна гэдэг нь ойлгогдоно.

200 сая ам.долларыг гадаадын компани, банкуудаас босгож, энэ төсөл рүү оруулсан. Одоо бид тэдэнд өглөгөтэй. Энэ төсөл рүү Голомт банк огт ороогүй, гэрээнд ч оролцоогүй, санхүүжилт дээр ч оролцоогүй.

-Төмөр зам 20 гаруй км-ын наана очоод зогсчихсон, гүүр барих шаардлагатай. Хоёр жилдээ гүүр барьж чадахгүй гэж Хууль зүй дотоод хэргийн сайд мэдэгдсэн. Цэг нь зөрөөд байгаа ч гэл үү, яагаад ийм төмөр зам барьчихсан юм вэ?

-Залруулга хийе, бидний барьсан Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд Монгол Улс БНХАУ-тай хил боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Миний ойлгож байгаагаар хятадууд “Монголчууд хэзээ ч төмөр зам барих юм билээ, барьж чадахгүй” гэсэн хандлагатай байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд ярьж эхэлсэн. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос ч өөр арга байхгүй. Газар дээр нь очиж үзэх юм бол Ганц мод боомт гээд Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр ирээд тулаад зогссон байгаа, түүгээр л холбогдохоос өөр ямар ч арга байхгүй. Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөр дээр галт тэрэг барьчихсан, төвшний зөрүү гарсан юм шиг буруу ойлголт байдаг. Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг. Төмөр зам нь уулыг сэтлэж тавигдсан, Монгол хил рүү орж ирэхдээ сайр болдог. Энэ бол зохиомол төвшний зөрүү биш, монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засгийн газартай эцсийн цэгээ тохирсон. Гэрээ хэлцэлдээ оруулсан, одоо энэ цэгээр холбогдоно.  Хятадын тал гүүр , төмөр замын өртөө зэргийг хийж байгаа.

Хил холболтын төмөр зам бол заавал баригдах ёстой. Зарим нь бол тэнгэрийн тоо ярьж байна лээ, тийм том тоо гарахгүй байх. Маш хурдан хийхгүй л бол төмөр замын хил нэвтрэх чадвар саарна.

-Одоо тэгвэл мухар төмөр зам баригдчихаад байгаа гэсэн үг үү?

-Гашуунсухайтын төмөр замаар нүүрс тээвэрлээд хилээс наана 3 км-т шилжүүлэн ачих тээвэр гэдэг дээр буулгаад, тэндээсээ машинаар ачиж, хил гаргаж байгаа.

-Яагаад энэ төсөлд та гэж, өөр хүмүүс яагаад энэ төсөл рүү орж болоогүй юм.  Яагаад та сонгогдсон юм бэ. Нүүрсийг нэг тонныг нь хэдээр тооцож авахаар болсон юм бэ?

-Ил болсон нүүрсний гэрээн дээр үнэ, хувь зэрэг нь байгаа, индексийн үнээр нүүрсээ авч байгаа. Нүүрсний үнэ өсвөл бага нүүрс авна,нүүрсний үнэ унавал их нүүрс авна. Баримтаа ухаж олоод та нар авна биз. Байнгын 60 ам.доллараар нүүрс авна гэж ойлгоод байгаа нь буруу. Нэг тонн нүүрсийг 140 гаруй ам.доллараар ч авч байсан. Баримтаар миний хэлсэн нотлогдоно.

Энэ төслийг,  төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Хэрвээ ингэж хийгээгүй бол одоо хүртэл энэ төмөр зам баригдахгүй байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байгаа. Маш олон компани руу хандсан, 2013 оны төсвөөр барьж өгөөд, мөнгөө 60 сарын хугацаанд барих нэг ч компэни олдоогүй шүү. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ. Нууцад аваад үнийг хямдруулсан зүйл байхгүй.

Намайг нуух шаардлага байгаагүй, маш олон сэтгүүлчдийг бид бүтээн байгуулалттай танилцуулж байсан. Бүх мэдээллийг тухай бүрт өгдөг байсан. Ийм үнээр нүүрсээ авч байгаа шүү, ийм зургаан багц ажил хийнэ шүү гэдэг мэдээллийг өгч байсан. Би нуугдаж бариад байдаг хүн биш. Яагаад энийг нууцад аваад байгаа юм болоо гэж эхлээд би гайхдаг байсан. Ийм хямд үнээр хийлгэчээд, тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулсантай л холбоотой юм шиг байна лээ.

Та энэ гэрээг сонгуулийн өмнөхөн байгуулсан. МАН-д хандив, шан харамж өгсөн үү?
-Бид энэ гэрээг 2020 оны сонгуулийн өмнө байгуулаагүй. 2019 оны аравдугаар сард байгуулсан. Харин 80 км зам нэмж барих гэрээг 2020 оны зургаадугаар сард байгуулсан. Энэ замын өртөг 213 сая ам.доллар. Бидэнд сонгууль хамаагүй. Бид 2020 оны гуравдугаар сарын 1-нд ажлаа эхэлсэн ч 14-нд нь хил хаачихсан. Гэхдээ төрийн байгууллагууд бүх талаар дэмжин ажилласан.         

-Энэ төмөр замыг өргөн царигаар барих УИХ-ын тогтоол гарсан ч “МТЗ”-ын захирал Н.Удаанжаргал Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гарган, тогтоолыг хүчингүй болгосон. Тухайн үед Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны гишүүн байхдаа эсэргүүцсэн ч гишүүдийн олонх зөвшөөрсөн тул цэцийн тогтоолыг хүлээн авсан юм билээ.
-Бид төмөр замаа өргөн царигаар барьсан. БНХАУ нарийн царигийн төмөр замтай. Тус улс аюулгүй байдлын үүднээс нутаг дэвсгэр рүүгээ гаднын хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлдэггүй. Бид төмөр замаа нарийн царигаар барилаа гэхэд манай галт тэрэгнүүд урд хөршийн нутгийн гүн рүү нэвтрэх боломжгүй. Боомтуудад нь зогсоход манай галт тэрэгнүүд олон улсын төмөр замын гэрээгээр өдөрт 20-25 швейцар франк төлөх үүрэгтэй. Энэ нь санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Мөн нарийн царигаар барьсан бол бид улс дотроо вагоноо шилжүүлэхэд хэцүү, зардал өсөх байсан. Тэгэхээр өргөн, нарийн царигийн алинаар нь барих нь тийм ч чухал биш.        


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 12 сарын 20
Сонин хачин