• Эхлэл
  • Намууд засаглахын төлөө бус ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН төлөө өрсөлддөг

Намууд засаглахын төлөө бус ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН төлөө өрсөлддөг

2022/12/21

Манай соошил инфлүүзэрүүдийн нэг “либерти” Амараа нэг удаа ингэж хэлж байсан юм. Манай улс төрийн намууд засгийн эрхийн төлөө бус, "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой"-д эзэн суухын төлөө өрсөлдөж байна аа гэж. Нүүрсний хулгайн хэрэг илрэхээс бүр өмнө, 2022 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьсны дараа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудад эрх мэдэл атгуулдаг ганц зүйл нь төрийн өмчит компаниуд юм байна. Төрийн өмчит компаниудын мөнгөөр сонгуульд ордог, сонгуулиар олж авсан эрх мэдлээ хамгаалахын тулд дахиад нөгөө компаниудаа тонон дээрэмддэг гэсэн үг. Энэ үнэн болохыг одоо илрээд байгаа нүүрсний хулгайн хэргээс бид тов тодорхой харж байна. Хулгай хийгээд байгаа нь хүндээ биш, тогтолцоондоо байна аа гэсэн үг.

Тиймээс өнгөрсөн удаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ААН-үүд дээрээ IPO гаргаж, олон нийтийн хяналтанд оруулна” гэвэй. Үүний бэлтгэл ажлыг Засгийн газар жил зургаан сар хийж байна гэсэн. “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон нүүрсний хулгай, түүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанаас болж яаруу сандруу хийсэн мэдэгдэл ч гэлээ энэ бол Засгийн газар ард иргэдийхээ өмнө авч байгаа амлалт юм.

Сануулахад, 2020 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компаниас хурааж авахдаа У.Хүрэлсүхийн Засгийн газар ч гэсэн ийм амлалт авч байсан. Хураагдсан 49 хувийг хувьцаа болгож, иргэддээ эзэмшүүлнэ гэсэн. Гэвч хувийн компанид байсан 49 хувь хувьсгалд очсоны дараа Засгийн газрын зан ааш өөрчлөгдсөн байдаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН хамгийн баян нам байлаа шүү дээ. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхийн тулд дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө нэхэн намаа тарааж байхад МАН-ын дарга “Манай нам бол нэр дэвшигчдээсээ мөнгө авдаггүй, өгдөг нам” хэмээн монцойж байлаа.

Төрийн мөнгөөр сонгуульдана гэж үүнийг хэлдэг юм. Түүнээс биш төр өөрөө мөнгө үйлдвэрлэдэг юм биш. Тэгээд одоо төрийн мөнгөөр эрх мэдэлд хүрсэн хонгио толгойнууд нь “Би энэ насандаа нүүрс гэдэг юмыг барьж үзээгүй. Тавантолгой хаана байдгийг ч мэдэхгүй” гээд мангартаж сууна.

Тиймээс нүүрсний хулгайг таслан зогсоох ганц арга нь төрийн өмчийн компаниудыг хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох явдал. Түүнээс биш нэг захирлыг нөгөөгөөр солих, нэг намыг нөгөө намаар солисноор хулгай тасрахгүй.   

Хоёрдугаарт, парламентад нэг нам хэт олонхи байх нь төрийг яаж самууруулдаг, хяналтгүй эрх мэдэл юунд хүргэдгийг бид сүүлийн хоёр сонгуулиар харлаа. Бид байтугай эрх барьж байгаа нам, намын дарга нар өөрсдөө энэ тогтолцооноосоо айж эхэлж байна. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, пропорциональ системийг оруулж ирье, олон намын системтэй, олон урьгальч үзэл бодлыг уралдуулсан ардчилсан парламенттай болъё, үүний тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж ярьж эхэлж байна. Ингэж чадахгүй бол парламентын засаглалын нэр хүнд нүдэн дээр унаж байна. Төрийн эргэлт гэдэг юм руу явж, нэг намын биш, нэг хүний засаглал руу ч гулсаж мэдэхээр байна.     

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.ЗАЯА


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин