• Эхлэл
  • Загалмайн шашинт нүүдэлчин

Загалмайн шашинт нүүдэлчин

2023/02/06

Баабар ийн өгүүлэв.

 

ЗАГАЛМАЙН ШАШИНТ НҮҮДЭЛЧИД
 

Манийн сургаалын дараа Төв Азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэг том шашин бол загалмайн шашны нэсторын (Nestorian) урсгал юм. V зууны үед Александрын патриарх гэгээн Кирилл*, Константинополийн патриарх Нэстори* нарын хооронд Есүс бурхан байсан уу, бурхан-хүн байсан уу гэсэн онолын том маргаан дэгджээ. Сүэцээс баруун тал нь Кириллийг дэмжиж байхад, Сүэцээс зүүн тал нь Есүсийн бурханлаг ба хүнлэг тал нь холилдож байсан гэсэн Нэсторийн үзлийг баримталж байв. Эцэст нь 431 онд шуугиант хурал-шүүх болж Нэсторын талынхан ялагдсан боловч тэд нэг шинэ урсгал бий болгосон нь Сири бoлон Дорнын орнуудад олон зуун жил амжилт олжээ.[1] 

Нэсторын загалмайн шашин түгээгчид Дорнын орнуудаар сургаалаа түгээж явсны дотор Төв Азид нэлээд сайн дэлгэрүүлж, хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа. Загалмайн шашинтнуудыг буруу номтноос өмгөөлөн хамгаалах гэгээнтэн хаан Прэстэр Ионны домгийг анхлан Төв Азид орж ирсэн нэсторын шашинтнууд зохиожээ.[2] Хожим доминикан, францисканы шашин дэлгэрүүлэгч нар Төв Азид олон ирж байсан авч аль нь ч нэсторынхан шиг нөлөөлж чадаагүй. 

IV зууны сүүлчээр Перст заратустр шашинтнууд нэсторианчуудын эсрэг хавчлага үйлдсэн нь Христийн шашин дорно зүгт тархахад нөлөөлсөн. 448 онд одоогийн Киркук хотын ойролцоо 153 мянга орчим нэсторианчууд алагджээ. Хавчлагаас зугтсан нэсторианчууд өөрсдийн итгэл үнэмшлийг тээн дорнын бусад хэсэг рүү дүрэвлээ[3]. Мөн 498 онд I Шагийн шаг Кавад* өөрөө Персээс Төв Ази руу дүрвэн гарсан, энэ нь Цагаан Хүннүгийн нутаг аж. Түүнтэй хамт нэсторын тахилч нар сайн мэдээг уугуул иргэдэд авчирсан[4]. Эдгээр номлогчид итгэлийн зэрэгцээ бичиг үсэг, анагаах ухааны ололт амжилт, эртний Герегийн гүн ухаан гэх мэт зүйлийг авчирсан байна[5]. Ийнхүү V зууны сүүлчээр Персийн номлогчид Хүннү, Түрэгүүдийн дунд сайн мэдээг өргөнөөр түгээв. Лалын шашин үүсэхээс өмнөх хэдэн зууны туршид олон Түрэг, Хүннү, түүнчлэн Амударьягийн дээд хэсэгт нутаглаж байсан бусад ард түмэн нэсторын шашиныг хүлээн авсан. V-VI зуунд Төв Азийг бүхэлд нь хамарсан Эфталитын эзэнт гүрэнд Христийн шашныг төрийн шашин болгон зарласан[6].

Төв Азид нэсторианизм нь буддизм, заратустр шүтлэг, овог аймгуудын бөөгийн шүтлэгтэй зэрэгцэн оршиж, бүс нутгийн гол шашнуудын нэг болжээ. Түүнчлэн нэсторын шашинтнууд голчлон оршин суудаг бүхэл бүтэн хотууд байсан. Жишээлбэл, Бишкекийн зүүн хэсэгт Тарсакент хот байрладаг байсан бөгөөд түүний нэрийг "Христийн шашинтнуудын хот" гэж орчуулдаг. Үүнтэй ижил нэрээр Казахстаны Жэтисуй, Самаркандын ойролцоо өөрийн хийдтэй Христийн шашны Вазкэрд тосгон, Зүүн Туркестанд хоёр сүм хийдийн сүм байрладаг байв. Таш-Рабат хийд нь Киргизийн уулархаг нутагт баригдсан[7]. VII зууныг хүртэл Мерв хот нь Бухара, Самарканд руу удирдагчийн цувааг дамжуулсан номлогчдын чухал бааз хэвээр байв. Тэнд тэд бүхэл бүтэн христийн тосгонуудыг суурьшуулсан. Эдгээр бүлгүүд XIII зууны дунд үе хүртэл оршин тогтнож, Араб, Түрэг, Монголын эзэнт гүрний үед амьд үлджээ[8].

Нэсторын шашин 635 онд Хятадад нэвтэрч, ихэс дээдсүүдийн таашаалд нийцсэн бөгөөд Тан улсын анхны хаан Тайзун, түүний дараа хаан ширээнд суусан Гаозун* нар загалмайтнуудад ээлтэй хандаж, сүм байгуулахыг зөвшөөрчээ. 714 онд Сюаньзун* хаан Тан улсад буддын шашныг хориглох зарлиг гаргасан бол 745 онд загалмайн шашныг төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрчээ. Нэсторын шашин чухамдаа энэ үеэс эхлэн Тан улсын захиргаанд байсан Умрын нүүдэлчид рүү бага багаар дэлгэрч эхэллээ[9].

Загалмайн шашинтнуудын хувьд худалдааны замыг хянаж байсан нүүдэлчин овог аймгуудтай найрсаг харилцаатай байх нь маш чухал. Ингэснээр жин тээхэд аюулгүйн дээр зам зуур ус унд, хоол хүнсээр тасрахгүй байх давуу талтай.

“Нэсторын шашины номлогч, худалдаачдын ачаар Төв Азийн нүүдэлчин ба суурин иргэншилтэй түрэгүүд уг шашинд орж эхлэв. 644 онд митрополит Мерва Илияс Аму Дарья мөрний ай сав дагуу олон тооны загалмайн шашинтан суурьшиж байгаа тухай өгүүлсэн захиандаа түргүүдийг “Загалмайн шашинтай түргүүд мах идэж, сүү уудаг... Цэвэрхэн дадалтай, бидэнтэй л ижил уламжлалт итгэл үнэмшилтэй... Чинхүү сүжигтэй энэ хүмүүс асар гэр барин амьдардаг, хот суурин газаргүй, байшин барилгагүй... Загалмайн шашинтай эдгээр түрэг хүн өөрсдийн гэсэн номлогчтой, хуврагтай. Гэртээ мөргөл үйлддэг, хонх цохиж, манай ассири хэл дээр бичсэн ном уншдаг” гэж бичжээ.[10]

VI-VIII зуунд Евразийн төвийн өргөн дэлгэр нутаг дэвсгэрийг (өнөөгийн Монгол, Казахстан, Өмнөд Сибирь, Ижил мөрний доод ай, Хойд Кавказ) түрэгүүд эрхшээж байлаа. Нэсторынхнаас гадна буддын, лалын шашны номлогчид түрэгүүдийг өөрийн итгэл үнэмшилдээ урвуулах сонирхолтой боловч Түрэгийн хаан Тоньюкук (646-724) нүүдэлчдэд буддын болоод лалын шашин шүтэхийг хориглов. Тэрээр “Буддагийн сургаал номлол хүмүүсийг сул дорой, өрөвч нинжин сэтгэлтэй болгож байна” гээд халифын төлөөлөгчдөд хандан “Манай цэргүүдийн дунд үсчин, дархан, оёдолчин үгүй. Тэд лалын шашинтай болж, сургаал номлолыг нь дагавал амь амьжиргаагаа яаж залгуулах вэ” гэжээ. Түүний үзсэнээр загалмайн шашин ямар нэгэн эсэргүүцэх номлолгүй. Будда, лалын шашинтнуудтай харьцуулахад өөрийн гэсэн улс гүрэнгүй нэсторчууд Тоньюкукт аюул багатай санагдсан биз. 

Тухайн үед тал хээрт олон овгийн түрэг, монголчууд ноёлж байлаа. Тэд байнга өөр хоорондоо холилдож, бичиг үсэггүйн учир тогтсон хэлгүй, тиймээс яг тэр овог аймаг ноёрхож байсан гэж хэлэхэд бэрх. Алтайгаас зүүн тийш ерөнхийдөө монголчууд (түрэгүүд байсан ч) ноёлно. Аль алин нь бөө мөргөлтэй, өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн шүтдэг. Бөө мөргөл нь ягштал тогтсон заншил, бичгийн сургаал номлолгүй. Түрэгийн хаант улсын нөхцөл байдал, өвөр хоорондын тулаан тэмцэл нь бөө мөргөл тал хээрт нөлөөгөө алдахад хүргэж, шинэ шашин дэлгэрэх хөрсийг бэлтгэжээ. VIII зуунд өнөөгийн Монголын нутаг дэвсгэрийг эрхшээж байсан уйгарууд манихэйн шашинд орж, Хятад, Дундад Азид Гурван гэгээнтэн хэмээн нэрлэгдсэн бүлгэмтэй тэрсэлджээ. Энэ нь угтаа тал хээрийн загалмайтнууд. Манихэйн шашинд орсон уйгарууд хөрш зэргэлдээ аймгуудтай зөрчилдөж байсан нь уг шашинтай шууд холбоотой. Уйгарууд дарагдаж Шинжаан рүү шилжсэний дараа Монголын өндөрлөгт монгол хэлт овог аймгууд олноороо суурьшиж, энэ үед нэсторын шашин түгэн дэлгэрч эхлэв.

Өдгөө нэстори номлогчид яаж монголчуудын сэтгэлд хүрснийг ойлгоход бэрх. Чингис хаанаас хойш Монголын нутаг дэвсгэрээр явж өнгөрсөн жуулчид нэсторын шашны номлогчид юун түрүүнд монголчуудыг анагаах эрдмээр татсан гэж тэмдэглэсэн нь бий. Дундад зууны Сирид анагаах ухаан сайн хөгжсөн байсан учраас үүнд эргэлзэх явдалгүй. Номлогчид мөн сири бичиг зааж, гэрийн багш хийж байлаа. Тэд хийд байгуулаагүй ч (Чингис хаанаас өмнө) өөрийн гэсэн гэртэй. Монголоор Есүсийн нэрийг Ес буюу 9-ийн тоотой төстэйгөөр дуудна. Энэ нь Чингис хааны эцэг Есүхэй баатрын нэртэй мөн төстэйвтэр. Загалмайг монголчууд буюу загамтайн бус шашинтнууд монголчуудын эрх мэдэл дөрвөн зүг найман зовхист тархахын бэлгэдэл хэмээн үзнэ. Монголчууд нэсторын шашиныг тарз, аркагун хэмээн нэрлэж, номлогчдыг нь раббан аркагун буюу Библийн раввигаас эшлэн нэрлэнэ. 

Худалдаачид, улмаар номлогчидоор дамжин орж ирсэн нэсторын мөргөл 1000 орчим оны үед жишээ нь хэрэйдүүдийн хувьд гол шашин нь болжээ.1009 онд Багдадын нэсторын хамба Мэрв хотын хамбаас нэгэн захидал авсанд хэрэйдүүд христийн шашинд орж загалмайлуулахыг хүсэж байгааг илтгэжээ. Тоо нь тодорхой биш ч 20 мянга орчим хэрэйдчүүд тэр онд загалмайлуулсан гэнэ.[11]

1006-аас 1009 оны хооронд Хэрэйдийн хаан Буюрук* нэсторын шашинд оров. Домогт өгүүлснээр хаан талд төөрч гэгээн Сергиусд залбиран зам заахыг гуйжээ. Тэгэхэд гэгээн Сергиус түүнд замыг нь зааж өгсөн тул загалмайн шашинд орж, Маркус хэмээх нэр авсан гэдэг. Загалмайн шашны гэгээнтэнд залбирсан гэхээр урьд нь энэ шашны тухай тодорхой ойлголттой байсан гэсэн үг.

Монголын өндөрлөгт нутаглаж байсан монгол аймгууд уйгаруудыг дараад өөрийн гүрэн улсаа байгуулав. Хэрэйдүүд гол аймгаар тодорч, хаан нь бүх аймгуудын хаан цолтой болжээ. Тэрээр бусад аймгуудыг оюун санааны хувьд мөн эрхшээн захирна. Маркус хаан бусад аймгийг загалмайн шашинтай болгож чадаагүй ч зарим монголчууд нэсторын шашинтай болов. Шар мөрний ай сайваар нутаглаж байсан чинээлэг, соёлтой онгудууд загалмайн шашинд оржээ. Францын судлаач Поль Пеллио XIX зуунд онгуудууд загалмайн шашинтнуудын Шэн-Вэн (Симеон), Кеули-кису (Георгий), Паолусу (Павел), Юонан (Иван), Юаку (Яков), Юишо (Иисус), Лухо (Лука) нэр авч байсан тухай дурджээ. Үүнээс гадна өнөөгийн Буриад, Эрхүү мужаар нутаглаж байсан мэргэдүүд загалмайн шашинд оров. 

Хэрэйдүүдийн дунд нэсторын шашин ихээхэн дэлгэрч, хаад нь хоёр зууны турш Маркуз I, Уба (Увар), Маркуз II, Маркуз ІІІ, Хуржакус (Кириакос), Ван-хан Тоорил (үүнийг зарим судлаачид хятадын ван цол биш, харин Иоанн гэсэн нэр гэж тайлбарладаг), Эрх Хар (Хар Георг), Нялх Сэнгүм (Илья) зэрэг загалмайн шашинтны нэр авчээ. Хэрэйдүүдийн нэсторын шашинтай дээдэс монголчуудыг нэгтгэж чадсангүй. Кидан гүрэн эхэндээ хэрэйдүүдийн загалмайн шашинтай хоёр дахь хаан Убаг нүүдэлчдийн хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн ч хожмоо монголчуудын эсрэг дайн зарлаж буулгаж авчээ. 1092 онд Маргуз II хаан олзлогдож бие барснаар монголчууд Киданы вассал болж хувирчээ. 

1125 онд Кидан улсыг зүрчидүүд дарж Алтан улсаа байгуулав. Хэрэйдийн хаан бүх монголчуудын их хаанаар тодорсон боловч эрх мэдэл нь нэр төдий болов. Хүчтэй татар аймгийнхан Алтан улстай холбоотон болж, Хэрэйдийн хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөнгүй. Мэргэд, тайчууд болон жижиг аймгууд эрх мэдлийг нь хүлээн зөвшөөрсөн ч үнэндээ бие даасан байдалтай. Хэрэйдүүдийн хаанчлалыг хамгийн их эсэргүүцэж байсан нь монгол түрэгийн холимог найман аймаг. Найманууд мөн нэсторын шашинтай боловч хэрэйдүүдтэй эрх булаалдана. 1143 онд найманууд улсаа байгуулж Инанч Билиг Бөхийг хаанаараа өргөмжлөн хэрэйдүүдтэй тэмцэж эхлэв. Хэрэйдийн хаан Тоорил ах дүүсээ хөнөөж, Хэрэйдийн төр тун тогтворгүй болсон тул наймануудын тэмцэл үр дүнд хүрчээ. Тоорил хаан ширээнээс хэдэнтээ бууж байсан ч анд нөхдийнхөө ачаар (юун түрүүнд хожмоо Чингис хаанаас өргөмжлөгдсөн Тэмүжингийн ачаар) эрх мэдлээ сэргээжээ. Гэлээ гээд монгол аймгуудыг эрхшээж чадсангүй. Нас дээр гарсан Тоорил Тэмүжинтэй тэрсэлдсэнээр Хэрэйд аймаг мөхөж, Хамаг Монголтой нэгдэв. Найманууд Билиг Бөхийг өөд болсны дараа хагаралдаж, түүний хүү Таян хан, Буюрук хан нар хаан ширээгээ булаалдан хуваагдсан бөгөөд энэ хоёр аймгийг 1206 онд Чингис хаанаар өргөмжлөгдсөн Хамаг Монголын хаан Тэмүжин эрхшээжээ.

Чингис хааны эзэнт улсад аливаа шашныг хүлээн зөвшөөрсөн ч хаад нь тэнгэр шүтлэгтэй байх ёстой аж. Чингис хаан монголчуудыг нэгтгээд бусад шашныг хориогүй ч бөөгийн шашныг төрийн шашин болгожээ. Тоорилын охин, Чингис хааны отгон хүү Тулуйн эхнэр, их хаан Мөнх, Хубилай болон Ил Ханы хаан Хүлэгү, улсын хаан Аригбух нарын ээж нэсторын шашинтай Сорхугтани 20 жилийн турш (1232-52 онд) Монголын төрийг атгаж байсан гэхэд хэтрүүлсэн хэрэг болохгүй. Засгийн тэргүүн нь нэсторын шашинтай уйгар Татунга байлаа. Гүюг, Мөнх, Хубилай, Төмөр хааны ордонд загалмайн шашинтай, угсаа гарал нь тодорхойгүй оточ Ай Сюэ (герег, сири, итали гаралтай байх магадлалтай) албан хашихаас гадна Монголын эзэнт гүрний баруун хязгаарын Алтан ордыг эрхшээж байсан Батын хүү Сартаг загалмайн шашинтай байв. Бат хааныг хальсны дараа Бэрхтэй суудал булаацалдсан ганц хүн нь Батын ууган хүү Сартаг* байлаа. Бэрх Сарай нийслэлдээ суун лалуудын загалмайн эсрэг тэмцэж байгааг зүйл бүрээр хөхиүлэн өөртөө татахын зэрэгцээ алтан ургийн түшмэл, жанжин нарыг эд мөнгөөр худалдан авч өөрийгөө дэмжүүлэх болов. Ингээд Сартагийг дуудан хэлцэл хийе гэж урихад цаадах нь “Би загалмайн шашинтай, чи лал шүтлэгтэй. Лал хүний царайг харах нь надад муу ёр” гэж томорчээ.[12] Нэсторын шашныг өдий олон ихэс дээдэс шүтдэг байсан нь уг шашныг ихээхэн нөлөөтэй болгожээ. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин