• Эхлэл
  • Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

2025/06/27

 

 

Б.ГАРЬД

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй зэрэгцээд нэр бүхий гишүүд танхимаас “тоосго сугалах” ажил өрнүүлэв. Энэ жилийн ЭЕШ эхлэх үеэс УИХ-ын анх удаа сонгогдсон голдуу 4-5 гишүүн Боловсролын сайд П.Наранбаярыг онилж шүүмжлээд эхэлсэн. Удалгүй, ЭЕШ-аас ч хэл ам гараадахав. Тэгмэгц, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Ерөнхий сайд Н.Занданшатарт хаяглаж байгаад Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа зарлав.

Тэд “…Уг нь, бид Г.Занданшатарын Засгийн газрын танхимыг дэмжинэ. Тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа” гэв. Тэгээд цааш нь “…Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байна” гэсэн юм. Эрхэм гишүүд шаардлагынхаа шалтгааныг тус тусдаа тайлбарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “…Нэгт, 2024 оны есдүгээр сарын 9-ний тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд нэг ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн” гэв. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ жил 42 мянган хүүхэд шалгалт өгсөн юм байна. Гэтэл Дархан-Уул аймгаас ирүүлсэн мэдээллээр тааруухан үнэлгээ авсан хүүхдийн оноог өсгөсөн байна. Энэ бол сайдын өгсөн чиглэлийн дагуу хийсэн байж болзошгүй үйлдэл” гэсэн бол УИХ-ын гишүүн  Н.Батсүмбэрэл “…ЭЕШ-ын зохион байгуулалтыг алдаатай хийсэн. Шалгалтын зарим мэдээллүүд алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Төсвийн хөрөнгийг өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын удирдлагуудтай хуйвалдаж, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй ийм баримт байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцаахдаа өсгөж, өөрчлөлт оруулахыг оролдсон оролдлогууд байна” гэжээ.

Тэгвэл, өчигдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гарч ирэв. Тэрээр “…Өнөөдөр боловсролын сайд П.Наранбаярын хийсэн “…Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэдэг гөлөг төөрүүлсэн мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье. Миний эхлүүлсэн боловсролын зургаан шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даанч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна. 2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил” болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.

Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ-руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчихээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ.

Цаашид П.Наранбаярын боловсролын  зургаан шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно.  

Намайг ажиллаж байх сүүлийн  жилүүдэд ЭЕШ-тай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит пакт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга н.Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье. Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд хүнийрхүү бүү ханд гэж ХҮН намын удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье” гэлээ. Эх сурвалжуудын мэдээллээр, П.Наранбаярыг огцруулаад оронд нь Боловсролын сайд болох гээд зүтгэж байгаа хүн нь энэ Л.Энх-Амгалан гишүүн юм байна. Тэрээр өмнөх Засгийн газарт ГБХНХ-ын сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн, хэдхэн хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн даргад өрсөлдөөд ялагдсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна