• Эхлэл
  • Газар хөдлөлтөд Монгол хүн өртсөн эсэх талаар тодруулж байна

Газар хөдлөлтөд Монгол хүн өртсөн эсэх талаар тодруулж байна

2023/02/06

Турк болон Сирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2023.02.06/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 520 хүн нас бараад байна. Нэг минут орчим үргэлжилсэн газар хөдлөлтийн чичиргээ Египет, Ливан, Киприйн арлуудад ч мэдрэгдсэн байна. Мөн Италийн эрх баригчид цунамийн сэрэмжлүүлэг зарлав.

Газар хөдлөлтийн төв цэг нь Туркийн зүүн урд хэсгийн Газиантеп хотод байсан. Энэ нь Сирийн хилээс 100 хүрэхгүй км зайд байдаг. Тус бүс нутагт Сирийн дүрвэгсэд олноор оршин суудаг.

Газар хөдлөлт Туркийн долоон мужийг хамарсан бөгөөд 284 хүн нас барж, 440 хүн шархадлаа. Харин Сири улсад 237 хүн амиа алдаж, 639 хүн шархдав. Хохирогчдын ихэнх нь Алеппо, Латакиа, Тартус, Хама хотод байсан гэж Сирийн албаны хүмүүс мэдэгдэв. Аврах багийнхан нурангийг зайлуулж, эрлээ үргэлжлүүлсээр байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Дор хаяж 1000 сайн дурын ажилтан аврах багт ажиллаж байна.

Эхний газар хөдлөлтийн дараа дор хаяж зургаан удаа газар хөдөлсөн. Тиймээс эрсдэлээ тооцоолж, эвдэрсэн барилга руу эргэж орохгүй байхыг хүмүүст анхааруулжээ.

Гадаадын орнуудын удирдагчид газар хөдлөлтөд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан твиттерт сэтгэгдлээ илэрхийлсэн. “АНУ өнөөдрийн Турк, Сирид болсон газар хөдлөлтөд маш их санаа зовж байна. Бид бүх талаар туслахад бэлэн байна. Туркийн албаны хүмүүстэй би холбоотой байгаа” гэж тэр бичжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар ч бас туслана гэдгээ илэрхийлэв.

Тус газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим хуудаст гараад буй. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Газар хөдлөлт монгол иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яам үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин