• Эхлэл
  • Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт: Мөрөөдөж суухад мөнгө хүрэлцэхгүй болов

Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт: Мөрөөдөж суухад мөнгө хүрэлцэхгүй болов

2023/02/13

Нийтлэлч Б.Сэмүүний нийтлэлийг хүргэж байна.

Өнгөрөгч арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолын хэрэгжилт төгсгөл шат руугаа орж байна. Маргааш буюу хоёрдугаар сарын 14-нд Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат буюу нэгдсэн хэлэлцүүлэг эхэлнэ. Төрийн ордны “Их Монгол” танхимд /хуучнаар АИХ-ын танхим/ хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн хэлэлцүүлгийн дараа хоёр дахь санал асуулгыг явуулж, тэндээс гарсан үр дүнг УИХ-д зөвлөмж болгон хүргүүлэх учиртай.

Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд 1570 иргэн оролцож, түүнээс 820 гаруй хүн хоёр дахь шатны санал асуулгад оролцох хүсэлт илэрхийлсэн юм байна. Тэд өмнөх удаа улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудын хүрээг тодорхойлж, дөрвөн багц сэдвийн хүрээнд бэлтгэсэн 22 асуултад хариулсны эцэст хоёр дахь шатны санал асуулгад оролцохоор болжээ. Санал асуулгын асуултыг өнөөдрийг хүртэл нууцалж байгаа шалтгаан нь тэдгээр иргэд ирэх хоёр хоногт үргэлжлэх хэлэлцүүлгийн дараа өмнөх асуултуудад давтан хариулт өгөх ёстой учраас санал асуулгад хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүйн тулд юм.

Урьдчилсан байдлаар таницуулахад иргэд, 

-Иргэний болон улс төрийн эрх,

-Парламентын ардчилал,

-Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах,

-Нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдвээр багцалсан 22 асуултад хариулсан. Ирэх хоёр хоногт эдгээр сэдвээр иргэдийг тухайн сэдэвтэй холбоотой мэдээллээр “цэнэгэлэж”, тэнцвэртэй мэдээллээр ижил тэгш хангасны дараа өмнө хариулсан асуултууддаа дахин хариулт өгнө гэсэн үг.

Зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд “Санал асуулгаар шалтаглаж шинэ Үндсэн хууль батлах гэж байна” гэдэг шуугиан дэгдэж, ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсныг бид мэднэ. Ингэх шалтаг ч бас байсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн “Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга” нэрийн дор шинэ Үндсэн хуулийн төсөл бичээд Монгол Улсад суугаа Элчин сайд нарт шуудангаар илгээсэн нь баримттай зүйл. Гэвч энэ асуудал Зөвлөлдөх санал асуулгатай огт холбоогүй, Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан улс төрийн намуудын ажлын хэсгээс гарсан нэг л санал гэдэг нь тодорхой болсон. Харин Зөвлөлдөх санал асуулгын сэдэв болон хамрах хүрээний талаарх албан ёсны мэдээлэл, ярилцлагыг өнгөрөгч баасан гаригт УИХ-ын Тамгын газрын дарга С.Батбаатар хэвлэлд өгсөн байдаг.

Бидний мэдэж байгаачлан хамгийн тулгамдаад байгаа асуудал бол иргэний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх буюу сонгох сонгогдох эрхийн тухай асуудал. Өнгөрсөн олон удаагийн жагсаал, цуглаан, тухайн үед хууль сахиулах байгууллагуудаас явуулсан баривчилгаа, яллагаа, торгууль, шийтгэл нь Монгол Улсад хүний эрхийн асуудал хэр их хурцадсаны тод жишээ, хөдөлшгүй нотолгоо юм. Үүний улмаас манай улс хүний эрхийн асуудлаар дэлхийн улс орнуудаас сүүл мушгих болсон билээ.

Удаах нь хүний улс төрийн эрх буюу сонгох, сонгогдох эрхийн тухай асуудал. Монгол Улсад сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан боловч бодит амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болсон. Энэ нь нөгөө л сонгуулийн тогтолцоотой холбоотой. Парламентын баталсан хууль буюу жижиг мажоритари тогтолцоонд улс төрийн авилга, мөнгөний хүчин зүйл нэвт явсан учраас жирийн иргэд сонгуульд өрсөлдөх бүх боломжийг хаасан. Улс төрийн намууд өөрсдийгөө санхүүжүүлэхийн тулд 76 жижиг тойргийг мөнгөөр үнэлж зардаг, үүнээс нь болоод тойрог худалдаж авсан том “феодал” маягийн нөхөд засгийн эрхэнд гарч, иргэдийн эрх, эрх ашиг гэдэг зүйл адагт орсон билээ.

Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах нь эхний асуудал болчихоод байгаа. Үүний хамгийн боломжит хувилбар нь хувь тэнцүүлсэн буюу пропорционалийн элементийг оруулж ирэх, сонгуулийн хуулиа өөрчлөх нь хамгийн тулгамдсан асуудал гэдгийг аль ч нам нь хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч иргэдийн оролцоо, шахалтгүйгээр энэ асуудал урагшаа алхахгүй болсныг туулсан цаг хугацаа бүрнээ нотолж байна.

Хоёрдугаарт, сонгогчийн сонгох эрхийн асуудал. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөлд УИХ-ын гишүүн хэн байх, хэн нэр дэвшихийг сонгогчийн оролцоогүйгээр улс төрийн нам дангаараа шийдэж байгаа. Намын даргад хамгийн ойр, эсвэл хэн өндөр “такс” төлсөн нь нэр дэвших эрхээ авдаг. Харин сонгогч тухайн тойрогт нэр дэвшиж байгаа 2-3 хүний хүрээнд л сонголтоо хийдэг, өөр сонголт байхгүй. Энэ нь дахиад л жижиг мажоритари тойргийн гай, гамшиг юм. Үүнийг тухайн тойрогт дэвшиж байгаа нэр дэвшигчдийн тоог олон болгох замаар шийдэх ганц гарц бий. Жишээлэхэд, Монгол Улс нэг том тойрог болчихвол тэнд нэг намаас 76 нэр дэвшигч өрсөлдөх болно, сонгогчдын сонголт ч бас тэр хэрээр олширно гэсэн үг. Хөвсгөл аймгийн иргэн Дулмаа Хөвсгөлийн тойрог нэр дэвшсэн Дорж, Дондог хоёрын нэгийг л сонгох ёстой гэсэн албан тулгалт байхгүй болно.

Эрх баригч намын ярьж байгаа нэг хувилбар нь одоо байгаа 76 гишүүний тал хувийг нь /39 гишүүн/ пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгуулиар, үлдсэн тал хувийг нь жижиг мажоритари тойргоос сонгоё гэж байна лээ. Нэр дэвшигчдийн тал нь нийт улс орны хэмжээнд өрсөлдөж, үлдсэн тал нь тухайн орон нутгийн төлөөлөл болон жижиг тойргоос сонгогдоно гэсэн үг. Ингэвэл УИХ-ын гишүүдийн ядаж 50 хувь нь намын бодлого, улс  орны нөхцөл байдал, эдийн засгийн өсөлт хөгжил, нийгмийн шударга ёсны тухай ярьдаг болох юм даа. Үлдсэн тал хувьд нь тойргоо яриад, орон нутгийнхаа асуудлыг хэлэлцээд явна биз. Үүнийг нь манай зарим улстөрчид санаатай, санаандгүй ямар нэг байдлаар гуйвуулж, хоёр танхимтай парламент руу чирээд байгаа болохоос биш, зүгээр сонгуулийн хуулиараа зохицуулчих асуудал. Харин хоёр танхимтай парламент гэдэг бол холбооны улсад л байдаг систем шүү, манайх шиг нэгдмэл улсад байдаггүй жишиг шүү гэж Үндсэн хууль судлаачид, мэргэжилтнүүд нь хооойгоо хаттал яриад байхад л дүлий дүмбэ царайлаад зүтгэдэг. Энэ дундаас нь эрх барьж байгаа нам л хожлын нүүдэл хийж, хоёр танхимтай парламентаар “айлган” тогтолцооны өөрчлөлтөөс зугтаж өдийг хүрлээ.

Гурав дахь нь, жижиг мажоритари тойргийн хамгийн том дутагдал нь сонгогчийн санал хамгийн ихээр гээгддэг. Яг үнэндээ бол нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналы авсан нэг нам өнөөдөр төрийн бүх эрх мэдлийг авч хэмжээгүй эрх мэдэл эдэл байгаа. Үлдсэн 60 хувийн төлөөлөл парламентад огт байхгүй гэсэн үг. Харин пропорциоаль сонгууль нь сонгогчдын өгсөн саналыг хамгийн бодитойгоор тусгадаг схем юм. МАН-д сонгогчийн 50 хувь саналаа өгсөн бол парламентад 50 хувийн л суудал авна. АН 40 хувийн санал авсан ол 40 хувийнхаа суудлыг авна. Тиймээс процорциональ сонгууль нь парламентад олон намын төлөөллийг оруулж ирэхээс гадна улс төрийн намуудад бодлогын өрсөлдөөнийг бий болгодгоороо давуу талтай. Мөнгөний нөлөө хамгийн бага, саналын худалдан авалт явдаггүй. Хичнээн баян, том нам байлаа гээд 2,1 сая сонгогчийг тэр чигээр нь худалдаж авч чадахгүй биз дээ.

Тийм болохоор энэ мэт асуудлуудаар иргэдийнхээ саналыг сонсох, төрийн бодлого шийдвэрт тусгах нь энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгын амин чухал ач холбогдол юмаа. Ингэхгүй л бол, хоёр тийшээ харж суучихаад хоосон мөрөөдлөө яриад амьдарна гэвэл мөнгө төгрөг ч, цаг хугацаа ч хүрэлцэхгүй болов.

inews.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин