Сонголт

2023/02/15

Баяр гуниг эсрэгцэн, жаргал зовлон өрсөлдөн байдаг хүний амьдрал ээдрээ будлианаар дүүрэн. Хүний жам ёсны үнэ цэнд жөвчөө оруулдаг сэтгэл зүй бол АТААРХАЛ.

Атаархал гэж юу юм бэ?

Өөрт нь тэр юм үгүй хүн л
Өрөөл бусдын гар дээр байгааг харчхаад
Өчүүхэн зүрх нь гинжтэй гөлөг шиг гасалж
Өвдтөл нь хазах юмсан гэхдээ тэсэж ядсан хуцалт юм.

Атаархал гэж юу юм бэ?…

Сайнтай тэр эн зэрэгцэх гэхээсээ хөнөөхийг урьдал болгодог
Саранд хүн нисэж гэнээ гэхээр ээ чааваас би байддаггүй нь юу вэ гэж бухимддаг
Зуун хулгана дотрыг нь мэрдэг
Зулайнаасаа улаа хүртэл буцалсан
Хорон горхи
Хорон зүрх

Ш Сүрэнжав найрагч ингэж хэлхсэн байна лээ.

Илүү яваадаа атаархаж, дутуу яваагаа дэвсэлж амьдрах нь адын зан.

Өөрийнхөөрөө байж чаддаггүйн шамшиг
Өөрийгөө үнэлж хайрладаггүйн гамшиг
Үнэн зөв үнэ цэнэтэй бүхнийг үгүйсгэх дон
Үүлгэртэн залхайрч хямхан амь зогоох дэв тусах нь атаач аашны нян юм.

Өөрийнхөө түрийвчийг өөрөө дүүргэхийн оронд өрөөлийн мөнгийг тоолж тархиа гашилгана.
Өөрийнхөө нөхцөлийг өөд нь татах байтал өрөөлийн бүтээснийг үгүйсгэн нулмиж дамшиглана.
Атаархана гэдэг нь амьдрал, аз жаргалын галаа өрдөхийн эсрэг өөрөө бөхөөнө.
Асан дүрэлзэх учиртай цогийг нурам болгож өөдтэй яваа бусдыг шившиглэнэ.

Амьтанд хал балгүй байна гэдэг
Асар том гавьяа шүүдээ та минь ээ…

Эрх чөлөө, хөгжилд атаархагчид хүний сэтгэн бүтээснийг устгадаг.

Эдүгээгийнхээ зорилгоо тод томруунаар тодорхойлж, эрдэм мэдлэгт тулгуурлан, үзэгдэл юмсад шинжлэхүй ухаанчаар хандаж, эд хөрөнгөө арвижуулан ашигтай, үр бүтээлтэй ажилсаг амьдарч аз жаргалаа цогцлооход садаа болдог гай бол зөвхөн АТААРХАЛ.

***

Бүхий л үйлдэл туршилт, сонголттой тулгарна. Туршлагатай, буурьтай, даруухан…гээд л суртаалын углуургатай үгэнд хүмүүс их дуртай ч яг тийм байж чаддаггүй. Учир нь хүн ерөөсөө туршлагаждаггүй, буурь суудаггүй, даруухан байж чаддаггүй, тийм байх үндэслэл ч байхгүй.

Яагаад гэвэл хүний бие сэтгэхүй өвчинд, эр нь эмдээ, эм нь эрдээ, ер нь хүн өглөө сэрээд л амьдралд туршигдана. Туршилтад тэнцэх эсэх нь хувь хүний оюун санааны чагтага хэр зэргийн чамбайгаас шалтгаална. Элдэв өнгийн үнэн, худал, зөв, буруу явдлууд хүнийг үргэлжид сорьж байдаг. Сорилтод тэнцэх эсэх нь хүний сэтгэлгээний цар хүрээ ид хав, өөрөөсөө урвахгүй байх чанараас хамаарна.

Туршлагаждаггүй учраас л хэн хүнгүй байнга хууртагдана, мэхлэгдэнэ, ашиглагдана. Амьдралын их сургуулийн туршилтад тэнцсэн хүн хаана ч хэний ч өмнө ажирдаггүй. Эрдэмтэд байнга л элдэв үзэгдэл юмсад туршилт хийж түүндээ бас туршигддаг. Туршигдсаныхаа хүчинд л шинэ нээлт хийж, ахиад л дараагийнхаа үйлс рүү туршигдахаар буюу туршихаар зүтгэдэг. Туршлага суулаа гэх юм бол туршилтад тэнцэхээ болино. Элдэв долоон туршлагатай хүмүүс хорвоогоор дүүрэн л дээ. Гэвч байнга туршигдаж байдаг өөрийгөө тэлж байдаг хүн л туршилтад ихэнхдээ тэнцдэг. Харин туршлагатай гэх хүмүүс л гай гамшиг таригчид, бусдыг хуулбарлагчид, өрөөлийн гавьяаг өндөлзөн луйвардагчид болдог...

***

…Туршилт..., сонголт...

 

Өглөө босоод л хүн бүр цоо шинэ сонголттой тулгардаг. Адаглаад аль замаар явах вэ, эхлээд ямар ажлаа амжуулах вэ, хэн хэнтэй хэдийд уулзах вэ, ямар хүнтэй яаж харилцах вэ гээд бөөн сонголтууд…

Хайр дурлал ч сонголт. Үзэсгэлэнтэйг нь үү,  хүнийг нь үү, ааш араншинг нь уу, үнэр танарыг нь уу, алийг нь вэ?…

Сонголт ихэнхдээ буруу болсон байдаг. Хүн ер нь зөн совингийн дунд билгийн мэлмийгээ сохолдог. Эр эм хэн ч бай хань ижлээ сонгохдоо эд хөрөнгөтэйг нь үү, зүгээр л өөрийнхөөрөө байх араншинтайг нь уу?…

Хүний хамгийн ёс зүйтэйг нь, үнэ цэнэтэйг нь ихэнхдээ хүн хардаггүй. Өнгөцхөн харснаасаа болж балардаг… Аль болох буруу буртагтайг нь, булай залхай, зальхайг нь сонгочхоод үйл лайгаа эдэлж үсүү зулгааж хэмлэлддэг.

Сонголт бол хүн өөрийнхөө тусгалыг л буй болгон бүтээж буй явдал суудал. Суудал нь ахадсан оюуны хоосролыг сонгоно гэдэг нь тэр хүн өөрөө сэтгэлгээний ядууралд өртөөд байна гэсэн үг.

Өмсөх зүүх гоёж гоодох ч сонголт. Хэр зохимжтой вэ, үнэтэй юу, хямдхан уу, гоё уу, муухай юу, хаана ямар үйлдвэрт ямар чанараар хийсэн бэ?… 

За цаашлаад өөрийгөө төлүүлж хэнийг сонгох вэ? Сонгосон хүн чинь хэн бэ? Эрүүл үү, эмгэгтэй юу?…

Нэгт сонгосон бол дуусаа… Хүнийг хэлэлтгүй би ч буруу сонголт хэд хэдэн удаа хийжээ. Адгийн ганцхан жишээг л дурдахад 2017 оны ерөнхийлөгчийн сонголтыг би оновчгүй сонгосон. Түүндээ би гэмшдэг.

Сонголт алдаатай байж болно гэхдээ алдаагаа оноо болтол тэмцэж зөврүү зүгшрүүлэх нь хэн хүний гарт хэний яанаагүй байгаа шүү дээ! Сонголтоо царай зүс өнгө мөнгө зусар бялдуу болгохгүй байх боломж хүн болгонд нээлттэй байгаа. Гагцхүү сэр! Шинээр хар!

Эдийн засгийн сонголт хамгийн чухал.

Хараат бус эрх чөлөө, чөлөөт зах зээл бол маш зөв сонголт. Эндээс л эдийн засгийн эрх чөлөө эрчээ авч, хүн өөрөө захиран зарцуулах эрхээ өөрийнхөөрөө эдэлнэ.

Тийм учраас сонголтоо ариунаар харж сонгох аваас аминд тустай.

Саруул ухаан бол зөв сонголтын ээж нь юм.

Ээжийгээ бүү гомдоо…!

Хатамжилж хандах хандлага бол бүх сонголтын аав нь юм.

Аавыгаа бүү бухимдуул…!

Д.Сосорбарам


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин