• Эхлэл
  • Х.Баттулга Ираны бөхөд иргэншил өгөхдөө хэнээс зөвшөөрөл авсан бэ?

Х.Баттулга Ираны бөхөд иргэншил өгөхдөө хэнээс зөвшөөрөл авсан бэ?

2023/03/03

ОХУ-аас Казакстан улсаар дамжин Монголд ирсэн халимаг эр Баатарыг лхагва гаригт 12.40 цагт “Хүннү Эйр” компанийн онгоцоор Монгол Улсаас гаргасан тухай Чингис хаан нисэх онгоцны буудлын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Жавхлантөгс мэдээлжээ.

Мөн өдөр Гадаад хэргийн сайд Э.Батцэцэг уг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр буцаасан гэж хэлэв. Сайд энэ тухай “Манай хууль, хяналтын байгууллагууд, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын алба уг иргэнийг “Баримт бичгийн зөрчилтэй учраас хуулийн хувьд Монгол Улс руу нэвтрүүлэх боломжгүй” гэж үзсэн. Гадаад харилцааны яам НҮБ-ын гишүүн зарим орон, олон улсын байгууллагуудад хандсан. Хувь хүний хүсэлтийн дагуу Монгол Улсаас гаргасан, хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Өөрөө нууцлахыг хүссэн” гэдэг тайлбарыг хийжээ.

Гэвч бодит байдал дээр Монгол Улсаас улс төрийн орогнол хүсч ирсэн Халимаг улсын (ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг) иргэн Батыр Батыровыч Боромангнаевыг АНУ руу дамжуулан гаргахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АНУ-д төвтэй Дэлхийн монголчуудын холбоо голлох үүрэг гүйцэтгэсэн тухай эх сурвалжууд хэлж байв.

Батыр Батыровыч нь Казакстан улсаар дамжин хоёрдугаар сарын 23-ны өдөр “Хүннү Эйр” компанийн нислэгээр Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хилийн зурваст саатуулагдаж, нисэх буудлын сандал дээр зургаа хоносны дараа Монгол Улсаас гарч явав. Монгол Улсаас улс төрийн орогнол хүсч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргасан боловч уг хүсэлт нь хаягласан эзэндээ хүрсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч нааштай хариу аваагүй гэсэн үг.

Өмнөх өдөр нисэх буудалд ажиллаж, Баатартай утсаар ярилцсан сэтгүүлчийн мэдээлснээр Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-наас түүнийг “Буриад улс, Эрхүү муж, эсвэл Ростовын бүс руу нисэх гурван сонголтыг тулгасан” гэсэн байна. Тэгэхээр манай төрийн байгууллагууд, тухайлбал хил хамгаалахынхан уг иргэн манайхаас улс төрийн орогнол хүссэн талаар ЭСЯ-анд нь мэдээлсэн гэсэн үг.

Хилийн зурваст байхдаа ХЭҮК болон НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандсан. Ийм асуудлыг ХЭҮК-ийнхон 30 хоногийн дотор судалж шийдэх ёстой гэнэ. Тэгэхээр халимаг Баатарын хувьд Ерөнхийлөгчийн гаргах шийдвэр сүүлчийн найдвар байж.

Сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчид гаргасан хүсэлтээ хэн нэгэн УИХ-ын гишүүнээр дамжуулж өгөхийг хүсч байгаа” гэсэн. Өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа ирж уулзаад, зураг хөргөө хамт татуулаад, өөрийн гараар Ерөнхийлөгчид бичсэн захиаг нь хүртэл соошилд тавьсныг бид харсан. Тэгэхээр хүсэлт бол эзэндээ хүрээгүй гэж итгэхэд бэрх. Чингис хаан нисэх онгоцны буудлаас хэд хоног явж Их тэнгэрт хүрэв гэж дээ.

За яах вэ, манай төрийнхөн ингэж ажилладаг юм байж. Харин иргэд эндээс юуг ойлгох ёстой вэ?

Соошлаар сэвсэн мэдээллүүд дотор хамгийн түрүүнд “Хугацаа нь дууссан паспорттай яах гэж ирсэн юм. Бид ч гэсэн ийм паспорт бариад аль нэг улс рүү очвол хүлээж авах уу? Монгол Улс хуультай улс гэдгээ харууллаа” гэх солиорол. “Зориуд манайхыг сонгож ирээд АНУ руу цагаачилчихаж байгаа юм, сохорсон биш завшив” гэх тавлал. Тэгээд сүүлд нь “Манайх дүрвэгчдийг авах конвенцид нэгдээгүй, хүлээж авах алба ч байхгүй. Хуулиа дагасан нь зөв” гэх эргүүтэл.

Жирийн иргэн байсан бол яах вэ, мэдээлэлгүй, мэдлэг багатай байж болно. Гэхдээ манайдаа нэлээд туршлагатай, соошилд идэвхитэй байдаг "од" сэтгүүлч нар дээрх гаргалгааг хийгээд, соошлаар гаргаж сэвээд байгаад гайхах, гутрах хоёр зэрэгцэв. Миний л мэдэхээр тэд хэзээ ч Оросын талыг баримтлагч байгаагүй. (Төрийн албанд, улс төрийн хүрээнд бол тиймэрхүү нөхөд ил, далд байж л байдаг) Сэтгүүлчдийн эгнээнд бол харж байгаагүй. Ялангуяа манай үеийнхэн болоод түүнээс хойших үеийнхэн дотор. Учир нь Орост боловсрол эзэмшсэн, Оросын талыг баримтлагчид, “ах нар” гэж хошуу дэвсдэг, эсвэл айж бэргэдэг үе бидний өмнүүр таслагдсан байдаг юм.

Харин өнөөдөр гаргаж байгаа манайхны байр суурь бол шууд улс төрийн хүрээнээс, эрх баригчдын талаас нийгмээ буллидаж байна л гэж харагдлаа. Өнгөрсөн намар дайчилгаанаас зугтсан буриад, тува, халимагууд, хил орчмын оросууд Алтанбулгийн боомт дээр чихэлдэж, Улаанбаатарын гудамжаар нэг хөлхөлдөж байхад лав тэд ийм байгаагүй. Оросуудын дайнд илгээсэн залуусын зууны нэгхэн хувь нь Москва орчмынх, олонхи нь буриад, халимаг, тува нар байна. Элэг нэгт монголчуудаа аварцгаая. Энэ залуусын визний хугацаа дуусахаар яана аа, ийнэ ээ. Эртхэн гуравдагч орон луу явуулаад өгөөч... л гэж байсан биз дээ. Баатар ч гэсэн тэдний л нэг. Дайн эхэлсний дараа эх орноосоо гарсан, Казакстанд амьдарч, Европын холбоо руу гарахаар виз мэдүүлж өчнөөн хугацаа алдсан. Тэр нь ч гэсэн бүтэмжгүй болж, эцэстээ Казакстанууд ч бас Оросын сөрөг хүчний хүмүүсийг хүлээж авахаас татгалзаж, буцаагаад эхэлмэгц нь Монгол руу дүрвэж ирсэн хүн.

Хоёрдугаар сарын 20-ны нислэгийн тийзтэй байсан боловч Казакстаны тал оршин суух зөвшөөрөлтэй холбоотойгоор 48 цаг саатуулснаас болж 22-нд паспортынх нь хугацаа дуусчихсан. 22-нд суллагдаад 23-ны орой Монголд ирсэн. Гэсэн ч Казакстануудад баярлах нь, ядаж л монголчууд шиг паспортын хугацаа дууссан байна гээд буцаахыг урьтал болгосонгүй. Хугацаа нь дууссан паспортаар, хоёр өдрийн өмнөх тийзээр нь Монгол руу явуулсан л байна.

Баатар Орост хэн байсан, яаж баатарласан тухай бүр ярихаа больё. Зүгээр л дайны хөлөөс дүрвэж яваа нэг монголыг албан ёсны Засгийн газарт нь бариад өгчихөлгүй ах дүү нарт нь авчираад өгчихсөн баярлаад байгаа юм.

Харин манайхан яав? Өмнөөс нь баахан хууль дүрэм, олон улсын гэрээ конвенци ярьж, энүүхэндээ тархи угааж, тэрүүхэндээ мохоож байгаад хөөгөөд гаргачихлаа. Монгол улсад дүрвэгсдийг авах хууль байхгүй, конвенцид нэгдээгүй л гэнэ. Хойд Солонгосын дүрвэгчид Хятадын нутгаар дамжаад явган нүцгэн хил зөрчөөд орж ирэхэд манайх хөөгөөд гаргаж байсан тохиолдол бий юу? Хятадын тал бол барьж аваад хоёр гарынх нь алгаар төмөр утсаар сүвэлж хооронд холбоод туугаад аваачаад өгдөг байсан юм гэнэ лээ. Цаадуул нь шууд бууддаг. Тэрнээс нь болоод Монголын хилчид хэзээ ч хойд Солонгосын хил зөрчигчийг буцааж байгаагүй. Тэгж яривал бүр соц үед, 1977 онд Монгол Улс "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгчдийг хамгаалах тухай" Венийн конвенцийн нэмэлт I протоколд нэгдсэн байдаг юм.

Бас дээр нь "Манайхан ийм нөхцөлд бэлэн биш байна, бэлтгэлтэй байх ёстой юм байна, эрх зүйн орчин байхгүй, хуулийн зохицуулалт алга" гэх шиг элгийн элгийн юм их ярьж байна. Олон улсын гэрээ конвенцийг хууль болгож бичдэггүй юм. Зүгээр биелүүлэх л үүрэгтэй. Тэр чинь өөрөө хуулиас дээгүүр үйлчлэлтэй эд. Хэрвээ Монгол Улсын хууль олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн бол олон улсын гэрээ, конвенцийг нь дагаж мөрддөг. 

Хоёрдугаарт дүрвэгч авах, улс төрийн орогнол хүсэх хоёр чинь хоёр шаал өөр асуудал. Нэг нь дайны хөлөөс дүрвэж яваа хүмүүсийг нутаг дэвсгэртээ авах тухай. Энэ бол тухайн улсад олон улсын гэрээгээр хүлээлгэсэн үүрэг, нэг төрлийн албадлага. Нөгөөх нь бол яг саяных шиг хүнд байдалд орсон, улс орондоо амьдрах боломжгүй болсон, амь нас нь эрсдэлд орсон хүмүүсийг хамгаалалтдаа авч, улс төрийн орогнол олгох тухай. Үүнийг бол хэн гуай ч хөндлөнгөөс зааж зурахгүй. Тухайн улс, Төрийн тэргүүн нь шийддэг асуудал. Х.Баттулга жишээ нь Ираны бөхөд иргэншил өгөхдөө хэнээс асуусан бэ? Ийм тийм юмаа ч ялгаж салгахгүй Гадаад хэргийн сайдтай (мэдэхгүйдээ ч биш, манийгаа л тавлаж байгаа юм) тэрийг нь өмнөөс нь ярьдаг, огшдог сэтгүүлчидтэй. Дээр нь нэмээд "соошл инфлүүзер" нэртэй улс төрийн троллууд...

Нэгдсэн улсыг үндэслэгчдийн нэг, АНУ-ын Үндсэн хуулийг бичилцсэн Жеймс Мадисон гэдэг хүн ингэж хэлжээ. Дарангуйлагчид байнгын арми, боолчлогдсон хэвлэл, зэвсэггүй хүн амтай болсон цагт дарангуйлж чадна гэж. Тэгвэл манайх чинь аль хэзээний дарангуйлалд шилжчихсэн юм бишүү? Төр нь хүнээ мартцан, хүн нь эрхээ мартцан, сэтгүүлчид нь хүртэл төрийн байгууллагынхаа өмнүүр ороод нийгмээ “буллидаад” явж байдаг. Улсаараа, нийтээрээ Оросын Элчингийн харьяат болчихсон ч юм шиг...

ЭХ СУРВАЛЖ: iNEWS

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин