• Эхлэл
  • Баярын өмнөх эмэгтэйчүүдийн хүсэл

Баярын өмнөх эмэгтэйчүүдийн хүсэл

2023/03/06

“Ээж, аав нар аа, хэчнээн завгүй байсан ч хүүхдүүдээ сонсч байгаарай” гэж О.Нандин-Эрдэнэ охин аминчлан гуйв. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий  ч Зэс хэмээх брэндийг үүсгэн байгуулсан Зэс-Эрдэнэ бүсгүй өөрийгөө хэрхэн ялан дийлэх тухай чин сэтгэлийн үгээ хуваалцав. Тайзыг дуугаараа эзэгнэдэг МУГЖ Т.Ариунаа энэ удаа “Оршихуйн талбар” хэмээх гайхалтай илтгэлээ охид, эмэгтэйчүүдтэй хуваалцав...

Энэ бол “Эмэгтэйчүүд ба Ирээдүй” хэмээх МЗХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан чуулганы халуухан уур амьсгалын нэгээхэн хэсэг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр цэцэг барин, баяр бялхуулан алхах бүсгүйчүүдийг харахад гайхах зүйлгүй. Гэвч баярын хэмээн нэрлэгдэх гуравдугаар сарын 8-нд гэлтгүй өдөр болгон охид инээж, ээжүүд амар тайван, бүсгүйчүүд баясгалантай байхын тулд юу хийх, яах ёстой вэ гэдгийг ярилцахын тулд МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс энэхүү чуулганыг зохион байгуулжээ.

Анх удаа зохион байгуулж байгаа учраас тэд  400 орчим төлөөлөгч оролцоно гэж тооцоолсон ч  470 гаруй бүсгүйчүүд цуглан танхим дүүрэн хайр бялхав. Энд дүрэмт хувцастай сурагч охиноос эхлээд үндэснийхээ хувцсаар гоёсон ахмад настнууд, дуучид, жүжигчид, эрдэмтэн судлаачид, хуульч өмгөөлөгч үе,үе, салбар болгоны төлөөлөгчид хуран чуулсан байлаа. МЗХ хэмээх социализмын үед МХЗЭ хэмээх нэртэй 100 гаруй жилийн түүхтэй байгууллагын хувьд орон нутгийн болон нийслэлийн салбар, клубуудын төлөөлөл оролцсон. Тийм ч учраас тус холбооны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар баяр хүргэн үг хэлж, Удирдах зөвлөлийн залуучууд ирсэн байлаа.

Гэхдээ энд зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг ч хөндсөн бус МУГЖ Т.Ариунаа гэр бүлээ хэрхэн нандигнахыг, гэр бүл судлаач Ж.Баясгалан “эрчүүд яагаад эхнэрийнхээ үгийг сонсдоггүй тухай”, Жендэрийн үндэсний хорооны Д.Батхишиг хүйсийн харьцааны ойлголтын талаар санал бодлоо солилцлоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй, хэцүү асуудлуудыг тоочвол олон, энэ бүхний шийдэл гарцыг хэлэлцэхийн зэрэгцээ “Гэр бүлийн хууль ба одоогийн хэрэгцээ шаардлага” сэдвээр хуульч Б.Буянжаргал илтгэл тавин, оролцогчдын саналыг сонссон.

“Улс нийгмийн үндэс гэр бүл” гол хэлэлцүүлгийг МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ж.Нямаа хөтлөн явууллаа.  

Баярын өмнөх бараан бодол гэдэг шиг уг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр гэдэг ч монголчуудын олонх нь баяр хэмээн тэмдэглэдэг болсон энэ өдрийг угтуулан эрхийн хамгаалалт, тулгамдсан асуудлыг гуравдугаар сарын 6-нд хэлэлцэх болсон нь ч учиртай биз.

Баяр хэзээ ч илүүддэггүй болохоор баяраа угтуулан бараан асуудлаа хэлэлцэн шийдэл, гарцыг хамтдаа хэлэлцсэн нь ч бас учиртай. Чуулганыг зохион байгуулагчид оролцогч болгоны санал бодол, цаашид хийх ажлын талаар санал асуулга явуулж, тэр дор нь нэгтгэн танилцуулж, дараа жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгахаар болов. Үүнд:

-Хувь хүний хөгжил

-Гэр бүлийн боловсролыг дэмжих

-Сэтгэл зүйн болон бие махбодийн эрүүл мэндийг дэмжих

-Ажлын байр бий болгох

-Охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх

-Ажлын бүтээмжийг шударгаар үнэлэх

-Уламжлалт ойлголтыг засах гэх мэт маш сонирхолтой санаануудыг дэвшүүлжээ.

Ингээд харахаар үнэхээр монголчуудад, Монголын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд мөн байгаа биз. Энэ бүхэнд анхаарал хандуулж чадвал үнэхээр ч нийгэмд тэр чигээрээ дэвшил гарахаар. Тийм учраас МЗХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөл эдгээр бүх санаануудыг нэгтгэн ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, ирэх жилийн мөн өдийд буюу Эмэгтэйчүүдийн баярын өмнө үр дүнгээ хэлэлцэнэ гэсэн шүү.

Амжилт хүсье.  

А.Туяа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин