• Эхлэл
  • Дарханы зам биш ээ, Чойрын зам?

Дарханы зам биш ээ, Чойрын зам?

2023/03/07

Нүүрсний хэмээх хэрэгтэй холбоотой дуулиан тарьсан мэдэгдлүүдийн зэрэгцээ өмнө шалгахаар үүрэг өгөгдсөн хэргүүдийг хэрхсэн талаар дахин нягтлах шаардлага тавигдаж буй.

Тухайлбал, Засгийн газрын долоодугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

Энэ дагуу тухайн үеийн сайд Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж эхэлсэн билээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн:

-ЗТХЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Өнөөдөр ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр, бусад шаардлагатай гэх нийт 30 гаруй объектод нэгжлэг хийж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй учир прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг өгөх учиртай. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт байгаа гэж үзэж байгаа учир нэгжлэг хийж байгаа юм. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгана” гэж 2022-08-14-нд албан ёсоор мэдээлсэн.

Гэхдээ энд зөвхөн Дарханы замын асуудал бус Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойр хүртэлх  470 км автозамын асуудлаар мөн шалгалтын ажил эхэлсэн бөгөөд Б.Энх-Амгаланг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу орон нутгийн чанартай замыг улсын чанартай хэмээн “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-д зам арчлалт хамгаалалтыг хариуцуулах тушаал гаргасан асуудал хөндөгдөж байгаа гэгдсэн боловч хэсэг хугацаанд сураг алдраад байв.

Энэ талаар Л.Халтарын үед ч мөн дуулиан шуугиан дэгдэж,” Баянзам тээвэрчдийн холбоо” болоод орон нутгийн малчид эсэргүүцлийн жагсаал хүртэл хийж байсан.  Тухайн үед сайд Л.Халтар:

-Өмнөх сайдын үед буюу 2019 онд гаргасан сайдын тушаалыг 2020 оны 4-р сард хүчингүй болгосон шүүх дээр процесс явагдсан. Ингээд энэхүү шийдвэрийг 6 сараар түтгэлзүүлэх Дээд шүүхийн шийдвэрийг 2021 оны  4-р сарын 6-нд манай яам хүлээн авсан \Видеог ЭНД дарж үзнэ үү\ гэж мэдээлж байсан юм.

Мөн тэрээр энэхүү ярилцлагадаа замын арчлалт хийдэггүй мөртлөө нэг машинаас 11 мянган төгрөг, нэг компаниас 120 сая төгрөг нэхдэг, орон нутгийнхан болон малчдаас удаа дараа гомдол гаргаж байсан. Тийм учраас 11 мянган төгрөгийг жолооч, тээвэрчдэд, 120 сая төгрөгийг компаниудад өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа гэсэн байна.

Мөн энэхүү видеод уул уурхайн бүтээгдэхүүнийг хатуу хучилттай замаар тээвэрлэх ёстой атал шороон замаар тээвэрлэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, малчид гомдол гаргадаг хэмээн Л.Халтар сайд ярьж байсан юм.

Сануулахад: Б.Энх-Амгалан сайд байхдаа гаргасан 2019.05.03-ны өдрийн 134 тоот "Авто замын ангилал тогтоох тухай" тушаал нь хууль зөрчсөн. Үүнд: Авто замын тухай хуульд аймгийг төвийг нийслэлтэй, аймгийн төвүүдийг хооронд нь, аймгийн төвийг хилийн боомттой холбосон замуудыг улсын чанартай зам гэж тогтоосон атал Б.Энх-Амгалан Цогтцэций-Чойрын нүүрс тээврийн замыг дур мэдэн улсын чанартай зам хэмээн тушаал гаргасан гэсэн маргаан дэгдсэн.

Үүнээс хойш ч нүүрсний хэмээх хэргийн талаар мэдээлэл байнга сөхөгдөж байсан ч говийн малчид хийгээд, тээвэрчдийн шаардлага тавьж байсан “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ хийгээд сайд асан Б.Энх-Амгалантай холбоотой асуудал ямар шатандаа шалгагдаж байгаа нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгаланг Дарханы зам болон, Гашуунсухайтын төмөр зам болон бусад асуудлуудаар шалгаж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 3-нд АТГ-аас мэдээлсэн. Үүнд мөн Чойрын шороон замын асуудал ч багтаж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

\Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

АТГ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь улс төрд нөлөө бүхий албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал олгосон нь ТОГТООГДСОН  

ЗТХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг АТГ-аас шалгаж эхэлжээ\

Ингээд ямартаа ч Чойр хүртэлх замыг там болгосон өмнөх сайдуудтай холбоотой асуудлууд хуулийн байгууллагуудаар шалгагдаж байгаа хэвээр байгаа юм байна. Харин “Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-тэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа эсэх талаарх мэдээлэл болон үйл явцын талаар АТГ-аас тодруулахад Б.Энх-Амгалан болоод тус ТББ-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа бөгөөд албан мэдээлэл удахгүй тодорхой болно гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин