• Эхлэл
  • О.Амартүвшин: Ашиг орлоготой байхыг сууриараа дэмжихгүй байна гэдэг маш аюултай

О.Амартүвшин: Ашиг орлоготой байхыг сууриараа дэмжихгүй байна гэдэг маш аюултай

2023/03/27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн О.Амартүвшингийн ярилцлагыг хүргэж байна.

-Танхимын тухай хуульд өөрчлөлт оруулна, хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдэг мэдээлэгдсэн. Анхны хууль нь 1995 онд анх батлагдсан юм байна. Яагаад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болов, ямар өөрчлөлтүүдийг хүсч байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Бид чөлөөт эдийн засгийн систем, зах зээлийн харилцааг сонгоод үндсэндээ 33 дахь жил рүүгээ орж байна. Энэ хугацаанд Монголд хувийн хэвшил бий болж, хөгжиж дэвшиж, өөрийн цаг үеийн туулж ирлээ. Нэг хоцрогдсон гэмээр институц бол хувийн хэвшлийн төлөөний байгууллагууд, эрх ашгийг нь хамгаалдаг нэгдлүүд байна.

Ер нь дэлхий даяар танхим яах гэж үүссэн юм бэ? Энэ байгууллага дэлхий дээр бий болоод 400 жил болж байна. Далайн тээвэр, далайн худалдаа бий болсноос үүсэлтэй. Тэр үед худалдааны хяналт шалгалт, зохицуулалт сул, эрсдэл их байсан. Далайн шуурганд өртөх, далайн дээрэм, эсвэл бараа бүтээгдэхүүн нь үнэгүйдэх гэх мэт. Энэ бүгдийг дангаараа шийдэх боломжгүй юм байна, нийлж ярих, эрсдлийг даван уулах ёстой юм байна, хэлэлцээрээ нэгдэж хийх ёстой юм байна гэдэг эрэлт хэрэгцээнээс болж анхны Арьс ширний танхим Марселд байгуулагдсан байдаг. Энэ жишгээр дэлхийн том боомт хотуудад худалдааг дэмжих, хамгаалах зорилгоор ар араасаа танхимууд байгуулагдсан. Америкт жишээ нь, далайн боомтыг нэвтрэхэд татвар хэт өндөр байсан. Үүнийг эсэргүүцэж компаниуд нийлээд хэлцэл хийх зорилгоор 1768 онд Нью Жерсид анхны танхим байгуулагдсан.

Нөгөө талаас бизнес тэлэхийн хэрээр хөдөлмөрийн харилцаа бий болдог. Ажил олгогч, ажилтан хоёрын харилцаа. Үүнийг шийдэхийн тулд ажил олгогч байгууллагуудын нэгдэл бий болсон байх жишээтэй.

Бидний хувьд Ардын хувьсгал ялах хүртэл, Манжийн үед Хятадын худалдааны пүүсүүдээр дамжуулж худалдаа хийж байснаас биш манайх өөрсдөө улс орон дамнасан худалдаа хийж байсангүй. Социализмын үед бол ЗХУ-ын нөлөөгөөр түүхий эд бэлтгэлийн систем, аж үйлдвэржилт явагдсан байдаг. Үндсэндээ чөлөөт худалдааны асуудал хөндөгдөж чадахгүй байсаар 1990 онтой залгасан. Тиймээс бидний хувьд шинэ тутам ойлголт. Тэгэхээр эвлэлдэн нэгдэх гэдэг ойлголт ч бас шинэ тутам байж таарна.

1995 онд Танхимын анхны хууль гарсан байдаг. Ерөнхийдөө Оросын танхимын хуулийг орчуулсан хууль. Оросын танхимыг хуулийг Америкчууд 1992-1995 онд бичиж өгсөн, холбооны улсын хууль байдаг. Америкийн танхим бол дэлхийн бусад орны танхимыг бодвол илүү өөр үйл ажиллагаа явуулдаг, төр засгаасаа өмнө байгуулагдсан зүйл шүү дээ. Төр засгаа хувийн өмч, бизнесийн үйл ажиллагааг хамгаалахад үйлчлүүлдэг байгууллага гэж ярьдаг. Ийм хууль өнөөдрийг хүртэл манайд үйлчилж ирсэн.

Өнөөдөр манайд 180 мянган компани бүртгэлтэй, бодитой үйл ажиллагаа явуулдаг 70 мянга. Бид өөрсдөө “ажлын байр бий болгож, татвар төлдөг” гэж ярьдаг боловч төрийн эрх мэдэл бүхий байгууллагын өмнө эрх ашгаа хамгаалахаас өгсүүлээд маш олон зүйл дээр сул байна. Асуудлаа дэвшүүлэх, эвлэлдэн нэгдэх алхам нь байдаггүй. Төрийн дарамт шахалтыг илүү ашиг сонирхлоороо шийдэх, бүр тодорхой хэлбэл авилга өгөх замаар шийдэх нь хялбар гэж ойлгож ирчихсэн.

-Тэгэхээр шинэ хуулиар Танхимын ямар хэлбэрийг сонгож байгаа вэ?

-Дэлхийн бүх орон танхимтай, үндсэндээ хоёр системд хуваагддаг. Нэг нь эх газрын буюу Герман тэргүүтэй улсууд, нөгөөх нь Англи Саксон буюу Англи, Америкийн загвар байна. Азийн зарим улс, дундад Азийн улсуудад бол холимог маягийн систем байна, аль алиных нь давуу талыг шингээсэн хуулиудтай. Хуучин ЗХУ-ын харъяа, хамааралд байсан улсуудад танхимын шинэчлэлийн процесс сүүлийн арваад жил явсан байдаг юм. Ихэнх нь Герман буюу эх газрын маягийн хуулиудыг авсан байдаг.

Монголд жишээ нь бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 3700 гаруй ТББ-ууд байна. Хүнсний салбарт 200 орчим, аялал жуулчлалын салбарт 50-60 гэх мэт. Эдгээрийн хоорондын уялдаа холбоо, бодлогын нэгдсэн байдал гэж манайд байдаггүй. Бүгд адил тэнцүү эрхтэй. Тиймээс бид Танхимын хуулийн үзэл санааг бизнесийнхэн өөрсдөө эвлэлдэн нэгддэг, газар нутгаараа, эсвэл эдийн засгийн салбараараа нэгдээд асуудлаа ярьдаг институц байх ёстой гэж үзсэн. Судалгаагаар ААН болгонд тулгамддаг нийтлэг 4-5 асуудал байгаа юм. Эрх ашгаа хамгаалах, боловсон хүчнийг бэлтгэх, төрийн хяналт шатгалт, сургалт сайжруулалттай холбоотой 4-5 асуудал байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудлууд дээрээ нэгдмэл уялдаа холбоотой явж ирсэнгүй. Танхимыг хуулиар үүнийг л хийх гээд байгаа юм. Асуудлаа зөв эрэмбэлдэг, судалдаг, төр засагтайгаа зөв хэлцэл хийдэг, үе шаттайгаар шийддэг, зах зээлээ хамгаалдаг, хамтраад хоршоод гадаад зах зээл, экспорт дээр амжилт олдог байх.

Жишээ нь, өнөөдөр уул уурхайн салбар Монголын эдийн засгийн авч явж байна гэж ярьдаг. Гэтэл орон нутгийн зорилготой босдог, тэмцдэг хүмүүст л дийлдчихээд байна шүү дээ. Энэ чинь бодлого, нэгдмэл байдал байхгүйтэй л холбоотой. Төрөлжөөд, урдах урдахаа хөөгөөд явчихдаг шиг байгаа юм. Алтныхан алтаа, зэс нь зэсээ яриад явчихдаг, бүхэлдээ уул уурхайг хамгаалах зөв менежментийн тухай нэгдмэл байдлаар ярьдаг хүн алга. Үүнийг Танхим ярих ёстой юм шиг байна. Аялал жуулчлалын салбарт орж ирж байгаа компаниуд нийлээд танхимаа байгуулах, одын үнэлгээгээ өгөх, тэрийгээ сайжруулах, боловсон хүчний сургалт, аялал жуулчны салбарын нэгдсэн бодлогоо ярих ёстой.

-Аялал, жуулчлалын асуудал эрхэлсэн яамтай болсон. Тэнд бодлого гарахгүй байна гэсэн үг үү?   

-Яам үүнийг хийж чадахгүй. Аж ахуйн үйл ажиллагаа, хоорондын зохион байгуулалтыг яам хийж чадахгүй. Яам оролцвол ямар нэг байдлаар хэн нэгэнд давуу тал бий болно. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрөө өөрсдийгөө удирдаж, асуудлаа зөв хардаг байх ёстой. Салбарын хөгжлөө зөв харж байж тухайн компанийн хөгжил салбарын бодлоготойгоо уялдана. Төр үүнд оролцох бүр утгагүй. Жишээ нь, Хөвсгөлд үйл ажиллагаа явуулж байгаа компанийг аймгийн Аялал жуулчлалын газарт хоёр жил болж байгаа нэг мэргэжилтэн үнэлж цэгнэнэ гэдэг өөрөө утгагүй. Хөвсгөлийн аялал жуулчлалын холбоо нь үнэлж дүгнээд, өөрөө өөрсддөө сайжруулалт хийгээд явах ёстой юм. Нөгөө талаас өрсөлдөгч нар учраас хяналтын систем нь зөв ажиллана. Мэргэжлийн хяналтын нэг нөхөр очоод хаадаг, зогсоодог байж болохгүй. Бусад улс орны жишиг бол тухайн компанид байгаа үл тохирлыг нь гаргаж ирээд, тэдэн кредит цагийн сургалт аваад ажлаа үргэлжлүүл л гэдэг. Мэдлэгтэй болчихвол хүн алдаа гаргахгүй шүү дээ, мэдлэггүй байгаа учраас алдаа гардаг. Гэх мэтчилэн явдаг. Энэ бол шинэ зүйл биш, бүхий л улс орон ийм загвараар явдаг. Хувийн хэвшил нь ийм хүчтэй, нэгдмэл байх нь улс орны эдийн засагт хамгийн чухал. Төрөөс буруу шийдвэр гаргуулахгүй байх, зөвийг дэмжих, төртэйгээ зөв хэлцэл хийгээд хүчтэй урагшлах хамгийн том суурь.

-Манайд бол огт байхгүй соёл юм байна?

-Манай төрийнхөн хувийн хэвшлийнхнийгээ байнга дорд үздэг. Байнга юм гуйдаг, гомдоллож байдаг л гэдэг. Гэтэл тэд хэнээс мандат авчихаад ингэж шийдээд байна вэ? гэж асуувал бас л уялдаа холбоогүй болно. Гучин жил тухайн салбарт ажилласан хүнийг өчигдөр томилогдсон сайд зөв, бурууг нь шүүгээд, загнаад явж байгаа шүү дээ. Гэтэл тэр Засгийн газар нь 1,7 жилийн настай, дахиад солигдохоор дахиад бүх зүйл эхнээсээ яригддаг. Ингэхгүйн тулд л Танхим гэдэг зүйл хуулийн хүрээнд ажиллах, түрүүн хэлсэн Эх  газрын системийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Танхим хүчтэй байх нь хувийн хэчшил хүчтэй байх суурь. Хувийн хэвшил хүчтэй байх нь улс орны эдийн засаг, ажлын байр найдвартай байх, ашиг орлого тэлэх суурь шүү дээ. Өнөөдөр уул уурхайн салбар жишээ нь, Хятад гэдэг гол худалдан авагч бидний хил дээр ойрхон байгаа тулдаа л явж байна. Магадгүй бид Австрали шиг хол байсан бол юу ч хийж чадахгүй. Энэ болгоныг тухайн салбарынхан нэгдэж, зохион байгуулалтад орж байж хамтын хүчээр хийдэг зүйл.

Өнөөдөр жишээ нь, дэлхийн зах зээлд гарч байгаа 2кг ноолуур болгоны 1кг нь манайхаас хамаарч байгаа мөртлөө бодит зах зээл дээр хэр амжилт олсон бэ гэвэл бас л хэцүү. Энэ мэт олон салбар байна. Хорших газраа хоршдог байх хэрэгтэй. Монгол ноолуур гэдэг брэндингийг аль нэг компани дангаараа хийж чадахгүй. Нийлж хийх ёстой байхгүй юу. Хамтарч шийдвэл хамаагүй илүү давуу талууд бий болно. Төсөв дээр жишээ нь хяналт сайн байж зарцуулалт нь зөв болно. Энэ дагуу аймаг орон нутгийн Танхимууд ажиллаад, өөр өөрийнхөө салбар дээр үгээ хэлээд яах ёстой. Үндэсний танхим бол улсын төсөв дээр үгээ хэлээд явна. Тэгвэл ядаж л төсөв эрүүл болох, татвар төлөгчдийн мөнгө зөв зүйлд зарцуулагдах алхам бий болно. Үр ашиг сайжирна.

-Танхим одоо гишүүн компаниудын татвар дээр тогтдог уу?

-Танхим аш олон талт үйл ажиллагаа явуулдаг. Уг нь бол сайн дурын гишүүнчлэлтэй ТББ учраас зөвхөн гишүүддээ үйлчлэх ёстой. Гэтэл танхимын үйл ажиллагаа зөвхөн гишүүдээр хязгаарлагддаггүй. Монголын бүхий л бизнес эрхлэгчид, бизнес эрхлэхийг зорьж байгаа хэсэгт хамаарч ажиллана. Гишүүдийн татвар бол танхимын нийт зардлын 7-8 хувь байдаг. Бид өөр олон талт үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд “Танхим бол байдаг л нэг ТББ" гэж олон удаа хэлсэн. Байдаг л нэг байгууллага биш л дээ, дэлхий даяар тогтчихсон институц. Хувийн хэвшлээ хамгаалдаг, төр засагтай хамтардаг, төрийн буруу шийдвэрийг эсэргүүцдэг, хувийн хэвшил, ажлын байрны хөгжлийг авч явдаг гол байгууллага. Ер нь улс өөрөө бизнес хийнэ гэж байдаггүй. Улс орнууд хоорондоо худалдаагаа дэмжих хэлцлүүдийг л хийдэг. Түүнийг нь гүйцэтгэдэг нь хувийн хэвшил. Тэгэхээр цаашдаа бид эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог тэлэх ёстой. Тэгж байж энэ улс орны аюулгүй байдал хангалдана. Аль болох хөрөнгө оруулалтыг татах ёстой. Тэгж байж үндэстний дархлаа, тусгаар тогтнол бий болно. Ингэхийн тулд зөв, эмх замбараатай, системчлэгдсэн Танхимтай байхыг эрх баригчид гарцаагүй дэмжих ёстой.

-Хуулийн төсөл маань Засгийн газраар дэмжигдсэн. Удахгүй хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын жагсаалтанд орж ирнэ гэж ойлгосон. Энэ хүртэл хэр их зүйл, цаг хугацааг туулсан бэ?

-Хууль анх 2021 оны хавар өргөн баригдсан. Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд өргөн барьсан. Үүнээс хойш хоёр жил болох гэж байна. Тухайн үед бид маш олон хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Танхим гэдэг ойлголт өөрөө тэр болгон хүн бүрт шууд хамаардаг харилцаа биш. Тухайн салбарууд, орон нутгийн танхимууд илүү хамаараад явах ёстой. Энэ утгаар нь бид мэргэжлийн холбоод, байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийсэн. Мэдээж 1995 оноос хойш бараг 30 жилийн дараа хөндөгдөж байгаа сэдэв учраас зарим хүмүүст шинэ тутам сонсогдсон байх. Гэхдээ үүний эерэг үр нөлөөг маш өндрөөр үнэлж байгаа.

Хэлэлцүүлгийг parliament.mn сайт дээр байршуулаад санал авсан. Дэмжих, дэмжихгүй асуудал, шүүмлэл нэлээд гарсан. Тэр болгоныг бид бүгдийг нь тусгаад явсан. Орон нутгийн түвшинд яаж зохион байгуулагдах, эдийн засгийн салбараараа яаж зохион байгуулагдах, хоорондын уялдаа холбоо, гаднын танхимуудтай яаж ажиллах, Монголын танхим гадаадад яаж ажиллах гэх мэт их зөв уялдаа холбоог бий болгоод, Засгийн газраар дэмжигдсэн. Тэгээд Эдийн Засгийн байнгын хороо руу орсон, сайд нар 2-3 үндэслэлээр шүүмжилсэн. Тэгээд төсөл санаачлагч гишүүд нь татаж аваад, дахин сайжруулалт хийгээд Хуул зүйн яамаар дамжуулаад дахин өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Та ч бас мэдэж байгаа байх. ФАТФ-ын хар жагсаалтад манайх орсон бас нэг шалтгаан нь “ТББ-ын сул байдал, авилгажих процессийг ТББ-ууд бий болгоод байна” гэдэг. Түүнийг засч залруулах маш том алхам нь энэ хууль байхгүй юу. Одоо хаврын чуулганаар орно.

-Зарим гишүүдийн яриад байгаа шиг маш их хэмжээний татвараар ААН-үүдийг дарамтлах гээд, бүх компанийг хамруулах гээд байгаа зүйл байна уу?

-Ж.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар гишүүд л тийм зүйл хэлсэн л дээ. Тийм биш. Хувийн хэвшилд тийм боломж ч байхгүй. Орон нутаг болон эдийн засгийн салбаруудаараа танхимууд нь байгуулагдаад, эдгээр танхимууд нийлээд Үндэсний танхимаа байгуулна. Төртэй холбоотой хэлцлээ Үндэсний танхим нь аваад эдгээр танхимуудаараа дамжуулж хэрэгжүүлэх тухай л систем байхгүй юу. Үүнийг “Бизнес эрхлэгчдийн эсрэг байна” гэж байгаа бол асуудалд маш субьектив хандаж байна гэсэн үг. Тавьж байгаа асуулт болгон нь өөрөө маш тодорхой хариулттай юм л даа. Бид 60 гаруй улсын танхимын хуулийг судалсан. Үүнээс Монголд тохирох хамгийн оновчтой бүтэц нь энэ юм байна гэж гаргаж ирээд байна. Мэдээж илүү сайжруулах, санал авах зүйл бий л байх. Ямар ч байсан гишүүдийн яриад байгаа шиг зүйл бол байхгүй. Танхимын татвар жишээ нь өнөөдөр сарын 8000 төгрөг л байгаа шүү дээ, гэтэл аяга кофе ямар үнэтэй билээ. Дээрээс нь “Бүх компанийг хамруулах гэлээ” гэж байна. Бүх компанийг хамруулж байж л бодитойгоор жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн эрх ашиг хамгаалагдана. Сайн дурын гишүүнчлэл дээр жишээ нь “Зөвхөн мэдээлэлд ойр, томоохон компаниуд хамрагддаг. Хамрагдахгүй үлдсэн бусад компанийн эрх ашиг төдийлөн хөндөгдөхгүй, бодлогоос гадуур үлддэг” гэдэг шүүмжлэл гардаг. Тиймээс бүх компани танхимын гишүүн байх, татвар төлөлтөөрөө саналын эрхээ авах юм бол Танхимаас гаргаж байгаа шийдвэр бүгдэд хүртээлтэй болно. Тэр нь тухайн компанийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

Жишээ нь боловсон хүчнийг компани өөр дээрээ хоёр жил бэлтгэж байхаар танхимаараа дамжуулаад МСҮТ-тэйгээ хамтраад бэлтгэвэл ямар үр ашигтай байх вэ? Ганц нэгээрээ хуулийн байгууллагын үүд сахих биш, нэгдмэл байдлаараа танхимаараа эрх ашгаа хамгаалуулбал ямар үр нөлөөтэй байх вэ? Үүнийгээ бодоод энэ нэгдэл, бодит хүчнийхээ төлөө саналын эрх өгөх ёстой байхгүй юу. Германд ч гэсэн гишүүнчлэлтэй нийт компанийн 60 хувь нь татвараа төлдөг, бусад нь төлдөггүй. Гэсэн хэрнээ танхимын үйл ажиллагаа бүгдэд хүртээмжтэй явдаг. Бизнесээ, орон зайгаа хамгаалахын тулд “Бид хамт байгаа шүү, бидний саналын эрх энд байгаа шүү” гэдгээ илэрхийлэх нь чухал байдаг.

-Ноолуур гэснээс өнгөрсөн онд угаасан ноолуур экспортод гаргахыг хориглосон УИХ, Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл хэрэгжиж эхлэхээс нь өмнө буцаагаад цуцалчихлаа. Компаниуд хэр их алдагдал хүлээсэн бол?

-Бид ноолуурын салбарт дэлхийн хэмжээний тоглогч байх боломжтой. Үүнийг дэмжиж өнгөрсөн оны аравдугаар сард зөвхөн самнасан ноолуур экспортод гаргах зохицуулалт хийсэн. Гэтэл дараа нь шинэ засаг бүрдэнгүүтээ мэргэжлийн холбоод, салбарынхаа яамныхаа шийдвэрийг үл тоогоод, хойшлуулчихлаа. Энэ чинь төрийн шийдвэр тогтворгүй байгаагийн маш том жишээ. Маш олон компаниуд гадна дотноос хөрөнгө оруулалт татчихсан байдаг, яг ажлаа эхлэх гэж байтал нөгөө зохицуулалтаа аваад хаячихсан. Бид түүхий эд бэлтгэлийн хувьд Хятадын компаниудтай өрсөлдөхөд хүнд. Яагаад гэвэл Монголын компаниудад урт хугацаатай, хямд эх үүсвэртэй мөнгө байдаггүй. Хэдий нэг нам засаглаж байгаа ч гэсэн ийм хариуцлагагүй, эргэж буцсан алхам хийж байна. Тогтоол хойшуулсан хугацааг нь харахаар 2024 оны долдугаар сарын 1 хүртэл гэж байгаа, сонгууль өнгөртөл гэсэн үг. Сонгуулийн санал авч байвал эдийн засагт юу болох, хэдэн компани дампуурах, хөрөнгө оруулагчид хохирно уу, байна уу бидэнд хамаагүй гэж байна. Та бод л доо. Ноолуурын салбарт ажиллаж байгаа 200 компани, ХХААХҮ-ийн сайдын саналыг үл харгалзаад ЭЗХЯ данаараа ийм шийдвэр гаргуулж л байгаа байхгүй юу. Тэгэхээр хаана нэгдмэл бодлого байна? Гадаад зах зээлээ ч ойлгож байгаа юм байхгүй.

-Малчдын ноолуурын үнийг буулахгүйн тулд ингэлээ гэж яриад байгаа?

-Малчдын орлогыг нэмэгдүүлэх гэхээр нэг талдаа сайхан сонсогдох байх. Үр дүн чинь үүнээс хамаарахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Үүнийг тайлбарлаж таниулдаг институц, мэргэжлийн холбоод нь байгаа боловч тэдний үйл ажиллагаа, зохион байгуулалт сул, нэгдмэл байдал алга. Ноолуурын үнийг монголчууд тогтоож чадахгүй. Дэлхийн зах зээлийн үнэ гэдэг ганц л үнэ бий. Тэр нь эрэлт, нийлүүлэлтээрээ тогтдог, өсч буурдаг. Харин бид тэр үнэд хүргэж, нэмүү өртөг шингээж зарах ёстой. Ингэж тооцож гаргасан шийдвэрээ буцаагаад цуцалчихлаа. Маш олон компани хохирлоо. Ноолуурын компаниуд өөрсдөө зөв зохион байгуулалттай ажиллаж, хамгаалж чадалгүй алдчихлаа шүү дээ. Ноос ноолуурын танхим нь байсан бол нэг яам дангаараа тэдний эсрэг шийдвэр гаргаж чадахгүй. 

-Танхим тэр үед ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид бүх талаар эсэргүүцсэн. Яамтайгаа хамтарсан, учир шалтгааныг тайлбарласан. Тэгсэн ч Засгийн газар эз дийлээд ийм шийдвэр гаргачихлаа. Одоо энэ арьс ширний асуудал дээр ч гэсэн “Техникийн зохицуулалт тавьснаас болоод Монголын арьс шир үнэгүйдлээ” гэж тайлбарлаж байгаа. Тийм биш л дээ. Ерөөсөө сүүлийн 10 жил дэлхий даяар арьс ширний үнэ унаж байна. Яагаад гэвэл арьс ширийг орлох маш олон төрлийн бүтээгдэхүүн бий болж байна. Хуванцар хаягдлаар хүртэл хиймэр арьс хийж байна. Хиймэл арьс нь илүү хямд төсөр, арьс ширийг оруулахуйц чанар, өнгө үзэмжтэй, илүү эдэлгээтэй болоод байна. Буйдангийн салбар арьс ширний том хэрэглэгч байсан бол өнөөдөр тэнд хиймэл арьс нэвтэрч байна. Гутал арьсан байх ёстой байсан бол одоо даавуу, хуванцараар бүрэн хийж байна. Түүхий эдийн өөрийнх нь хэрэглээ буураад байгаа байхгүй юу. Сүүлийн үед чинь арьс ширийг тэр чигээр нь хэрэглэхээсээ илүү каллоген болгох, өөр бэлдмэл хийх зах зээл тэлж байна. Энэ болгоныг тухайн салбарынхан мэдэх үү, өчигдөр томилогдсон сайд илүү мэдэх үү? гэдгээ л ялгаж салгах хэрэгтэй.

-Шинэ хуулиараа холбоодыг яаж өөрчлөх вэ?

-Бид өнөөдрийг хүртэл тэр холбоодтой хамтарч ажиллаж ирсэн. Шинэ хуулиар энэ холбоод илүү өргөжөөд танхим болох зохион байгуулалт руу орох ёстой. Тухайн салбарт ажиллаж байгаа тав, арван холбоо нийлж нэгдээд мэргэжлийн танхимаа байгуулах ёстой. Бид тэдний гишүүнчлэл рүү орохгүй. Оны өмнөхөн “Монголын мэргэжлийн харуул хамгаалалтын нэгдсэн холбоо” байгуулагдсан. Дөрөв, таван холбоо нийлээд, Танхимын хуулийн утга учрыг ярилцаад, судлаад “Бид нэг болох ёстой юм байна” гээд нэгдэж байна. Энэ алхам байхгүй юу. Ингэж чадах юм бол цаашдаа хууль эрх зүйн орчноо сайжруулах, боловсон хүчнээ сургах, салбараа хамгаалах, хүлээн зөвшөөрөгдөх дээр зөв алхам хийгээд эхэлнэ. Ингэж чадахгүй бол бие биенээ үгүйсгээд, боловсон хүчнээ булаацалддаг, эсвэл зах зээлээ булаацалдаад үнээ буулгаад бүгд амьдрах чадваргүй болдог тийм л зүй тогтол руу ордог. Нэгдэж ажиллахаар зохион байгуулалтаа зөв хийгээд эхэлдэг. Одоо бол энэ холбоо шинэ хуулийн дараа танхим болж хувираад, ерөнхийлөгч нь Үндэсний танхимынхаа Удирдах зөвлөлийн гишүүн болоод явчих байхгүй юу. Тэр ерөнхийлөгч нар дээр Үндэсний танхим суурилж ажиллана гэсэн үг. Тэгвэл Үндэсний танхим маань илүү бодлогын байгууллага болж хувирна.

-Хэд орчим танхим шинээр байгуулагдана гэж ойлгох вэ?

-Орон нутгийн танхим 21 аймаг, нийслэлд, дээр нь эдийн засгийн салбараараа задлахаар дахиад 34-35 орчим танхим нэмэгдэнэ. Манайх чинь 3,4-хөн сая хүн амтай. Үүнийгээ дагаад бизнес эрхлэгчдийн тоо цөөн шүү дээ. Турк жишээ нь 1,5 сая компани Танхимын гишүүнчлэлтэй. Германд 3 сая компани гишүүнчлэлтэй, манай бараг хүн амтай тэнцүү. Тэдний орон нутгийн танхимууд маш хүчтэй. Танхимууд нь хүчтэй учраас орон нутаг нь хөгжлөөрөө хоорондоо эн тэнцүү хэмжээнд өрсөлдөх чадвартай. Гэтэл манайд Улаанбаатарыг Булгантай, эсвэл Булганыг Эрдэнэттэй харьцуулаад үз л дээ. Турк жишээ нь 1953 онд энэ хуулийг хэрэгжүүлсэн. Газар нутаг болон эдийн засгийнхаа салбараар нь танхимаа байгуулсан. Эдийн засаг сул хөгжсөн бүс нутгийг илүү дэмждэг, тийшээ төрийн бодлого, шийдвэрийг хандуулах, хөгжиж болох эдийн засгийн салбаруудыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах гэх мэтчилэн ажилладаг. Жигд хөгжих боломжийг бий болгож байна шүү дээ. Өнөөдөр бол бид тийм зүйлд анхаарах ямар ч боломжгүй болчихоод байна.

-Төртэй ямар харилцаатай байх юм?

-Төр бол тухайн салбаруудын хөгжлийг яаж хангах вэ? гэдэг бодлогыг гаргах ёстой. Гэтэл үүнд шаардлагатай суурь судалгааг тогтвортой хийх институц жишээ нь манайд байхгүй. Тэгвэл мэргэжлийн танхимууд маань тухайн салбарынхаа суурь судалгаа, гадаад улс орны хөгжил дэвшил, яаж түүнд хүрэх вэ гэдэг бодлогыг гаргаж ирнэ. Төр үүн дээр нь холбогдох хууль эрх зүйн орчны шинэлчлэлт, өөрчлөлтүүдээ хийгээд явна. Төрийн ажил ч гэсэн хялбаршиж байна. Өнөөдөр төр боловсон хүчингүй байна. Түүн дээрээ салбарын бодлого руу ороод, ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг шийдвэр гаргах гэхээр дандаа судалгаагүй шийдвэр гардаг. Нэг хууль бичүүлж авчираад баталчихдаг, тэр нь амьдралд нийцэхгүй буцдаг. Эсвэл нэг сайдын бодлоор хууль тогтоомж, бүх юм нь өөрчлөгддөг. Яагаад төрийн шийдвэр үргэлж эргэж буцаад байна гэхээр ерөөсөө судалгаа байхгүй. Салбарын бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, хүрэх гээд байгаа хөгжлийн алхмыг зөв харж чадахгүй байна. 1,7 жилтэй сайд томилогдоно. Эхний хагас жилээ танилцсаар байгаад дуусгана. Арай гэж салбартаа дасаад, ажиллая гээд бичиг баримт боловсруулаад эхэлтэл дахиад солигдоно, дахиад шинээр эхэлнэ. Би жишээ нь Танхимын ажил авснаас хойш гурав дахь засагтайгаа ажиллаж байна, зарим сайд нь 4-5 солигдчихсон байна. Солигдох болгонд бүх юмаа дахиад эхнээс нь хийдэг. Төр бол бодлогын, хууль эрх зүйн дэмжлэг, зохицуулалтыг л хийх ёстой.

Яамдыг өнөөдрийн нөхцөл байдалд бас буруутгах арга байхгүй. Сайд тухайн салбарт ажиллаж байгаа 10-аад холбоотой уулзана.Бүгд дор дороо нэг зүйл ярина, бие биенээ үгүйсгэнэ. Алиных нь ярьж байгаа асуудлыг дэмжих вэ гэдэг маш төвөгтэй. Нэгийг нь дэмжихээр нөгөөдүүл нь “хувийн ашиг сонирхлоор хандлаа” гээд бөөн юм болно. Тэгээд өөрийнхөө бодсоноор дундуур нь нэг юм хийдэг, онохоосоо алдах нь их. Энэ чинь дахиад л тогтворгүй байдлыг бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр танхимууд бий болчих юм бол салбар салбарынхаа судалгаануудыг хийгээд, дэлхийн улс орнууд яаж хөгжив, бид юу хийх ёстой вэ гэдэг бодлогууд нь гараад ирнэ шүү дээ. Засаг тэрийг хараад өнөөдөр эхний гурван асуудлыг, маргааш нь 10 асуудлыг шийднэ, салбар өөрөө маш хурдан цэгцэрнэ. Төрөөс хамаарах хамаарал нь багасаад ирнэ. Сүүлдээ хууль эрх зүйн орчныг өөрчлөөд байх ч шаардлагагүй болж хувирна шүү дээ. Төр бол илүү бодлогын дэмжлэг үзүүлдэг, хөнгөлөлттэй зээл гаргадаг, арга хэмжээг санхүүжүүлдэг гэх мэт өөр юм руугаа орж эхэлнэ. БОАЖЯ жишээ нь сайд ирэх болгонд аялал жуулчлалын хэдэн компаниудыг бужигнуулаад байх ямар ч шаардлагагүй болно. Тэртэй тэргүй холбоо нь идэвхитэй ажиллаад эхэлбэл тэнд төрийн оролцоо шаардлагагүй болно.

-Төр гэвч чиг тэр эрх мэдлээ хуваалцах дуртай байх болов уу?

-Төрийн эрх мэдэл гэдэг бол коммунист ойлголт шүү дээ. Яагаад төр бүгдийг мэдэж, бүгдийг шийдэх ёстой юм. Төр оролцохгүй байвал илүү хөгждөг салбар гэж байна. Оролцож байж хөгждөг салбар гэж байна. Үүнийгээ жишээ нь ялгаж салгах эхлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр төрд оролцохгүй юм алга. Гадаадад нэг үзэсгэлэн нээсэн ч сайд нь төрийн нарийнтайгаа жагсаад зогсч байна. Тэнд тэдний хэрэг байхгүй. ААН, холбоод нь цаана нь явж байгаа шүүдээ. Жижигхэн аж ахуйн үйл ажиллагааны тууз хайчилсан ч нэг сайд явж байдаг. Үүнийгээ ч гэсэн болих хэрэгтэй. Төр бол бодлогын, салбар хоорондын уялдаа холбоог хангах, улс орнуудтай асуудлаа ярьж хэлэлцэх гээд, талбар нь өөр байхгүй юу.

Жишээ нь, Үйлдвэр худалдааны яам гэж байх ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим байх ёстой. Энэ хоёрын чинь чиг үүрэг нь шал өөр. Танхим бол бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн ашиг сонирхлыг илэрхийлэх, хөгжлийг зөв чиг хандлагыг бий болгох үүрэгтэй. Яам бол эдгээрийн хоорондын уялдаа холбоог хангах, бодлогын түвшинд ямар дэмжлэг үзүүлэх, яасан тохиолдолд дэмжих ёстой вэ гэдгээ л анхаарах ёстой. Түүнээс биш бизнес эрхлэгчдийн өмнөөс нь мэдэж хийх, шийдэх тухай ойлголт байхгүй.  Дэлхийн улс орнуудад жишээ нь худалдааг дэмжих институт байна. Санхүүгийн, эсвэл бодлогын дэмжлэгээр оролцоно гэсэн үг. Тэрийгээ компаниуд руу шууд хүргэхээсээ системчлэгдсэн байгууллагуудаар нь дамжуулж хүргэдэг.

-Манайд төрийн компани, хувийн компани хоёрын хооронд хэр их ялгаа байна?

-Ашигтай ажиллаж байгаа бүх компани төрийнх байна. Төртэй өрсөлдөнө гэдэг угаасаа боломжгүй шүү дээ. Төрийн нэрээр хамгийн том зээлийг авч байна, хямд эх үүсвэрээс авч байна, боловсон хүчнийг хамж байна, буцаад салбар дээр үнэ тогтоож байна. Нүүрсний салбарт гэхэд ЭТТ, жижиг Тавантолгой гээд хоёр том компани нь төрийн мэдэлд байна. Үүнийгээ дагаад ядаж л тээвэр дээр төрийн компани давуу байдалтай, эрчим хүчний хамгамж, хил гааль нэвтрэх дээр төрийн компани давуу байна. Хууль хяналтын асуудал ярья, төр өөрийнхөө талд шийдвэр гаргана, төрийн хууль, хяналт ажиллаж байгаа биздээ. Ер нь хүн төртэй өрсөлдөх ямар ч боломжгүй шүү дээ. Хамгийн ойлгомжтойгоор хэлэхэд, талбайн шүүгч хөл бөмбөгийн баг дотор ороод тоглочихвол юу болох вэ? Одоо чинь ороод тоглоод байна шүү дээ. Тэгээд ихэнхдээ өөрсдөө гоол хийчихээд байгаа. Төрийн 105 компани байна, дээр нь орон нутгийн өмчит компаниуд нэмэгдэнэ. Төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа 80 мянган хүмүүс байна, төрийн албанд ажиллаж байгаа нь 200 мянга. Ингэхээр төр иргэнтэйгээ зээлээр өрсөлдөнө, боловсон хүчнээр өрсөлдөнө, зах зээл дээр борлуулах гэж өрсөлдөнө. Төрийн өмчийн компани эрсдэлд орлоо, төсвөөр нөхчихнө. Хувийн компани дампуурлаа, хэн яах юм. Хувийн компани дамдуурсан ч улсад хохиролтой л байхгүй юу. Ажлын байр, цалин орлого байхгүй болно, ядуурал нэмэгдэнэ, халамж нэхнэ.

Ерөөсөө төр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь өөрөө буруу. Хувийн компанийн орлого, төрийн компанийн орлого гэж зүйл байх ёсгүй. Монгол Улсын ДНБ нэгдсэн байдлаар тооцогддог. Төр өмчтэй байснаараа харин ч нөгөө ашиг сонирхол, томилгоо гээд төрийн толгойны өвчин л нэмэгддэг. Төрд өөрт нь боловсрол, эрүүл мэнд гээд хийх шаардлагатай маш их ажил байна шүү дээ.

-Ковидын хоёр жилийг дамжуулаад манай төр төмөр зам барилаа, Дарханы замыг ашиглалтад орууллаа. Гэтэл тэр хооронд барилгын компаниуд цементгүйн улмаас хоёр жил зогслоо. Энэ зөв зүйл мөн үү?

-Төмөр замын бүтэн байгуулалт, Дарханы замыг дагаад цементийн эрэлт хэрэгцээ өссөн. Дээр нь хувьд байсан “Хөтөлийн цемен шохой”- г төрд авсан. Өмнөх процессийг бол хуулийнхан тогтоох биз. Миний хэлэх гэсэн зүйл бол төрд авснаасхойш тэнд маш олон алдаатай зүйл гарлаа. Төр тэнд үнэ тогтоож байна, үнэ тогтоох процесс нь зах зээлийн зарчмыг эвдэж байна. Цемент гэдэг бол тээврээс шалтгаалсан бизнес, овор ихтэй ачаа. Гэтэл энэ хугацаанд төмөр замын тээвэр ямар хүндрэлтэй байв, хүндрэлийг дагаад үнэ ямар их өсөв. Төмөр зам дээр дахиад төр үйл ажиллагаа явуулж байна. Тэнд дахиад ямар хэмжээний авилга, ашиг сонирхол байж вэ гэдгийг сая нэг юм ойлголоо шүү дээ. Төр оролцсон юм бүхэн үр дүнтэй байдаггүй юмаа гэдгийг нийтээрээ ойлгох ёстой. “Паблик” буюу олон нийтийн компани болгох, олон хувьцаа эзэмшигчтэй байх, үйл ажиллагаа нь ил тод болох хэрэгтэй юм байна. Тэгж байж тэнд хөрөнгө оруулалт орж ирнэ, шинэ мэдлэг, технологи бий болно. Энэ болгон чинь бүтээмжийг л сайжруулна шүү дээ. Бүтээмж сайжрахгүй байгаа учраас иргэдийн цалин, орлогыг нэмэгдүүлэх гэх мэт эдийн засгийн суурь асуудлаа ярих боломжгүй байна.

-Хөгжлийн банкны хэрэг дээр жишээ нь танхим ямар байр суурьтай байгаа вэ? УИХ дээр нээлтэй сонсгол явууллаа, удахгүй шүүх хурал нь болох гэж байна. Тэнд ч гэсэн бизнес эрхлэгчдийн эрх ашиг явж байгаа..

-Шүүхийн процесст бид мэдээж оролцох боломжгүй. Хэрвээ бидэнд хандвал бид бодлогын өмгөөлөл үзүүлэх боломжтой. Ер нь бол бизнес эрхэлнэ гэдэг чинь ашиг олохын төлөөх үйл явц. Ашиг олохын тулд үргэлж хямд эх үүсвэрийг хайна. Боломж олдвол хямд эх үүсвэртэй зээл авахыг хүснэ. Жишээ нь, аль ч компани Хөгжлийн банкин дээр очоод дураараа мөнгө аваад гараагүй л байгаа шүү дээ. ТУЗ нь ямар нэг шийдвэр гаргасан байж таарна, зээлийн хороо нь үнэлж дүгнэсэн байж таарна, тэгээд зээл олгосон байж таарна. Ер нь зээл олгох процесс чинь дэлхий даяараа л эрсдэлтэй шүү дээ. Эрсдэл гаргахгүйн тулд тэнд зээлийн хороо ажиллаж байгаа. Тийм байхад зээл авсан компанийг буруутгах нь өөрөө утгагүй зүйл.

-Зээлийг төлүүлж, торгууль тавьж болно. Гэхдээ эрүүгийн хэрэг нээж, ял шийтгэнэ оногдуулах нь зөв үү?

-Энэ чинь л байж боломгүй зүйл. Үүний эсэргүүцэж бид удаа дараа мэдэгдэл гаргасан. Болсон процессийг тодруулаад, эрх баригч нарт хүргүүлэх ажлыг удаа дараа хийж ирсэн. Ер нь хүн, бизнесийн байгууллага зээл авсныхаа төлөө хууль хяналтын байгууллагын үүд сахих, үйл ажиллагаа зогсоох ёсгүй. Зээл олгож байгаа институцийн л асуудал. Тэрийгээ л зөв зүйтэй болгох, хууль эрх зүйгээ сайжруулах тухай ярих ёстой. Хоёрдугаарт, угаасаа Монголын бизнесийн орчин асар эрсдэлтэй. Түрүүн хэлсэн бодлогын тогтворгүй байдлаас гадна валютын ханшны эрсдэл байна. Сүүлийн гурван жилд бол бид байтугай нь тооцож чадаагүй хямралыг даван тууллаа шүү дээ. Ковидын араас Орос, Украйны дайн гарлаа. Хил гааль ямар байлаа. Эрсдэл үүснэ, харин энэ эрсдлийг хувийн хэвшлүүд нь гарз хохирол багатай даван туулахад төр бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой байхгүй юу. Гэтэл зээл авсных нь төлөө буруутгаад, сүүлдээ барьж хориод. Энэ алхам чинь гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг улам л болгоомжлох, дайжихад хүргэнэ. Өөр ямар ч эерэг үр дүн байхгүй.

Би өөрөө зээл авсан 4-5 үйлдвэрээр очиж үзсэн. Үнэхээр тэнд бүтээн байгуулалтын том ажил өрнөж байсан. Ажил дуустал нь бүрэн дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг л бидний, танхиым байр суурь.

-Зарим компани жишээ нь төрөөс болоод хохирол амсчихсан, дампуурчихсан байна. “Эрэл” гэхэд Засгийн газартай гэрээ байгуулаад, үйлдвэрээ оруулж ирээд барилгаа барих гэсэн чинь Засгийн газар нь шийдвэрээ цуцалчихсан, сонгуулийн дараа. Одоо тэгээд компани шүүгдээд явж байна?

-Гэр хорооллын барилгажилтыг ”Эрэл”-ээр хийлгэнэ гэж гэрээ зураад,зээл олгож төслийг эхлүүлчихээд өнөөдөр бүх юмыг нь царцаагаад “хийлгэхгүй ээ” гэхээр мэдээж бизнест эрсдэл учирна шүү дээ. Тийм жишээ нэлээд олон байгаа.

Ер нь төрийн энэ эргэж буцсан байдал чинь хувийн хэвшлийн хамгийн таамаглаж чадахгүй, хүнд эрсдэл болчихоод байгаа шүү дээ. Миний мэдэхийн 80-аад оны сүүл хүртэл хувийн өмчтэй, хувийн аж ахуйтай байхыг бүх нийтээрээ жигшдэг, ад үздэг, “дамын наймаачин” гэж нэр, цол өгдөг байсан. Энэ өв соёл өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа нь өөрөө нийгмийн эрс шинэчлэл, реформ хийх ёстой гээд байгаа бас нэг шалтгаан. Нийгмийн зөвшилцөл, нийгмийн гэрээгээ өөрчлөх, шинэ ойлголцолд хүрэх ёстой суурь шалтгаан байхгүй юу. Ерөөсөө хувийн хэвшил, хувь хүн өсч дэвжих, ашиг орлоготой байхыг сууриараа дэмжихгүй байна гэдэг маш аюултай. Сүүлдээ төр л хийж байвал зөв гэж хараад байна шүү дээ. Богино хугацаанд тийм юм шиг харагдаж болох ч эдийн засгийн нөлөөллөөрөө буруу байхгүй юу. Тэр тусмаа Монгол шиг боловсон хүчний, санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй улсад маш буруу. Төр бол зөвхөн төсвийн бодлогоо барих, орж ирж байгаа татвараараа яаж дэмжих вэ гэдгээ л ярих ёстой. Аль салбарыг төр орхих юм, алинд нь дэмжлэг үзүүлэх вэ гэдэг л төрийн бодлого. Хориглох, хааж боох, эсвэл сонгуульдаа зориулж шийдвэр гаргах биш. ХХААҮЯ нь нэг талдаа “улаан буудай махныхаа үнийг өндөр байлгах ёстой, тариаланчид, малчид мөнгөтэй байх ёстой” гэчихээд нөгөө талдаа “ард иргэд хямд мах, хямд гурил хэрэглэх ёстой” гэдэг чинь өөрөө зөрчилтэй байгаа биз дээ. Зах зээлийн хуулийнхаа эсрэг яваад байна.

-Махан дээр жишээ нь “Экспортын нэмэгдчихвэл, квотгүй болчихвол иргэд хямд мах идэж чадахаа больчихно” гээд байгаа биз дээ?

-Үхрийн махыг экспортлоход яамнаас зөвшөөрөл олгож байна. Хонийг амьдаар нь гаргаж болохгүй гэж байна. Малчин айл 100 мянгаар зарж болоод байгаа хонийг хил дээр 2000 юаниар залж яагаад болдоггүй юм. Энэ хооронд чинь нэмүү өртөг явж байгаа биз дээ. Тэр хонийг зургаан сар тэжээхийн тулд олон хүн ажиллана, өвс хадлан бэлтгэнэ, ажлын байрны зардал гээд нэмүү өртөг нь Монголдоо л үлдэнэ шүү дээ. Ид бойны үеэр дотор гэдэс, толгой шийр хог болдог биз дээ. Хамгийн өндөр үнээр зарах л бидний зорилго биз дээ. Гэтэл нэг гараараа крантаа нээгээд, нөгөө гараараа хаачихдаг. Энэ хоёр чинь зэрэг ажиллах ёстой биз дээ. Тиймээс төр оролцох шаардлагагүй салбартаа оролцдоггүй байх хэрэгтэй. Тухайн салбарын танхим нь асуудлаа шийддэг болох ёстой.

-Эцэст нь дүгнэхэд, хэрвээ хаврын чуулганаар Танхимын тухай хууль батлагдаад гараад ирвэл таны сая хэлсэн бодлогууд зөв голдрил руугаа орох боломж нь бүрдэх юмаа гэж ойлголоо...

-Тийм. Танхимууд ажиллаад ажиллаад эхэлбэл төр засаг ч гэсэн шийдвэр гаргахад маш хялбар болно. Бодлогын яамдын уялдаа холбоо сайжраад ирнэ. Дээр хэлсэн гэнэтийн шийдвэрүүд гарахаа болино.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин