• Эхлэл
  • 500 багшийн монгол төсөл

500 багшийн монгол төсөл

2023/03/29

Ямар нэг арга хэмжээний нээлт, ёслолын ажиллагаа гэхээр олон хүн цуглаж, тууз хайчилж, индрийн араас  мэндчилгээ дэвшүүлэх гэж төсөөлөгддөг байсан үе саяхан. Харин цар тахлын “ачаар” гэх үү, цахим хурал, цуглаан арга хэмжээ цахим худалдаа, цахим тоглолт гэх мэт өмнө төдийлөн анзаардаггүй байсан  олон зүйлийг бид амьдралдаа нэвтрүүлсэн. Өнөөдрийн хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй технологийн ачаар  ертөнцийн хаа ч явсан бие, биетэйгээ холбогдож, цахим хурал, цахим арга хэмжээг зохион байгуулах нь төдийлөн гайхалтай зүйл биш.

Гэхддээ Монголын өнцөг булан бүрээс 500 багш нэгэн зэрэг холбогдож, нэгэн гайхалтай төслийн нээлтийг зарласан нь үнэхээр сонирхол татам арга хэмжээ боллоо. Бод л доо, хаа байсан Баян-Өлгий, Дорнод, Дархан, Сэлэнгээс багш холбогдож, шинээр хэрэгжиж эхэлж байгаа төслийнхөө талаар ярилцана гэдэг сонирхолтой байгаа биз.  

Энэ бол гуравдугаар сарын 27-нд болсон 500 багш холбогдсон БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН ИЛЭРХИЙЛЭХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ” төслийн нээлтийн зураг. Энгийнээр тайлбарлахад байгаль орчны хичээлээр дамжуулан хүүхдүүдийг байгальд ээлтэй хүн болгон төлөвшүүлэхэд нь туслах ёстой. Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа 500 багш нар хамтран ажиллана.  Тиймээс уржигдархан нээлтээ хийсэн төслийн багийн багш нар өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл Сэлэнгэ, Дорнод, Завхан, Дундговь аймаг, Дархан хотод хичээлээ эхлүүлэв.  Харин дөрөвдүгээр сарын 1,2-нд  Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд, дөрөвдүгээр сарын 6-9 Говь-Алтай, Архангай, Баян-Өлгий, Төв аймагт гэхчилэн дараалсан сургалтуудыг явуулна. Ёстой л уул талаар нөгөө соёлыг түгээгчид гэдэг шиг төслийн багийн ажилсаг хамт олон, багш нар үй зүйгүй ажиллах нь. Яагаад гэвэл уг төслийг 14 аймгийн 22, нийслэлийн хоёр сургуульд хэрэгжүүлэх бөгөөд нийт 500 гаруй багш,  10 мянга гаруй хүүхдийг хамарна.

Байгаль орчны мэдрэмж, мэдлэг гэдэг хүн болгонд чухал. Тэр тусмаа хүнлэг, байгальд хайртай хүн болж төлөвшихөөс  гадна бүх шинжлэх ухааны суурь болдог учраас Монгол багш нар өөрсдөө санаачлан энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгээр төсөл биелж, нээлтэд нь сайд Л.Энх-Амгалан баяр хүргэж үг хэлэв.

Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг багш нар санаачилж, яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа гэдгээрээ онцлог.

Ингээд “Байгалийн ухааны хичээлээр сурагчдын илэрхийлэх чадварыг дэмжих”  төсөл, “Багшлахуйн баясгалан” сургалт судалгааны төвийн соёлыг түгээгчид, шувуухайнууддаа амжилт хүсье. Бид энэхүү гайхамшигтай төслийг дэмжин мэдээ мэдээллийг цувралаар хүргэх болно. 

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин