• Эхлэл
  • Хүн ба байгаль хичээлээр хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ

Хүн ба байгаль хичээлээр хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ

2023/04/03

"Байгалийн ухааны хичээлээр сурагчдын илэрхийлэх чадварыг дэмжих" төслийн хүрээнд 500 багшийг чадавхижуулах сургалт 21 аймгийн өнцөг булан бүрээс сонгогдсон сургуулиудад сургалт явуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн /өмнөх мэдээллийг ЭНД  дарж уншина уу/.

Тус төслийн хүрээнд гуравдугаар сарын 29-нд Хөвсгөл Сэлэнгэ, Дорнод, Завхан, Дундговь аймаг, Дархан-Уул аймагт, дөрөвдүгээр сарын 1,2-нд  Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд сургалтаа явуулсан. Үргэлжлүүлээд дөрөвдүгээр сарын 6-9 Говь-Алтай, Архангай, Баян-Өлгий, Төв аймагт гэхчилэн дараалсан сургалтууд явуулж байгаа билээ.

Ингээд Дорнод  аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд сургалт удирдан явуулж буй Э.Мөнхзул багштай  холбогдож сургалтын явцын талаар мэдээллийг тодрууллаа.

-Төслийн хүрээнд Дорнод аймгийн сургуульд та хоёр өдөр ажиллалаа. Багш нарын  сэтгэгдэл,  оролцоо ямар байв?

-Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуульд Хүн ба байгаль хичээлийн онол арга зүй  хичээлээр нийт 20 цагийн сургалт явагдлаа. Төслийн хүрээнд сонгогдсон нэг сургуулийн 1-5 дугаар ангийн 24 багш сургалтад хамрагдсан. Бид төслийн хүрээнд Хүн ба байгаль хичээлийг яаж заавал хүүхдүүдэд  илүү ойлгомжтой байх вэ? гэх зэргээр арга зүйг нь зааж байгаа. Цаашлаад сургалтын хөтөлбөрт яаж  ажиллах, дүн шинжилгээг хэрхэн хийх талаар багш нарт хэрэгтэй бүх мэдээллийг өгөхийг эрмэлзэж байна. Багш нарын хувьд өмнө нь онлайнаар манай сургалтад  хамрагдаж байсан болохоор суурь мэдлэг сайн  байна. Тиймээс дараа  дараагийн мэдээллийг  төвөггүй  хүлээж авч байна.

-Хүүхдүүдийг байгальтай хэрхэн харьцах вэ,  өөрийгөө  хэрхэн илэрхийлэх  талаар сургалт  гэж би ойлгосон зөв үү?  

-Тийм ээ, Хүн ба байгаль хичээлээр дамжуулан  хүүхдийн илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Илэрхийлэх  чадвар  гэдэг нь өөрийгөө  илэрхийлэх  гэдгээс  илүү ажиглалт туршилтын  үр  дүнг  илэрхийлэх  янз бүрийн арга байдаг. Тэр аргад суралцана гэсэн үг л дээ. Энэхүү аргад суралцсанаар  хүүхдийн чадвар сайн хөгжинө. Өөрийгөө илэрхийлэхээс өөр л дөө. Ажиглалт туршилтынхаа үр  дүнг зургаар болон загвар зургаар илэрхийлэх, хүснэгтээр болон диаграммаар илэрхийлэх зэрэг шинжлэх ухааны онцлогтой  тусгай  чадваруудыг  яаж  хөгжүүлэх вэ  гэдэг  онол  арга зүйн сургалт юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

500 багшийн монгол төсөл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин