• Эхлэл
  • Байгаль орчны халуун асуудлууд

Байгаль орчны халуун асуудлууд

2023/04/06

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар өнөөдөр /2023.04.06/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр мэдээлсэн мэдээллийг хүргэж байна.


Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарын зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Салбарын сайдын А/17 тоот тушаалаар улсын тусгай хамгаалалттай газарт нэвтэрдэг хураамжийг шинэчлэн тогтоосон байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбай улсын тусгай  хамгаалалттай газар байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр БОАЖ-ын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын 13 аманд газар олгохыг хориглосон. Ингэснээр 5900 орчим га талбайг хамгаалсан. Салбар яамнаас 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дахин нэг ч газар олгоогүй бөгөөд газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэж газар олгох, ашиглуулахаар болжээ.

Богд хан уулын дархан цаазат газрын 13 аманд газар олгохыг хориглосон. Үүнд: 

  • Нүхтийн ам
  • Баруунбогины ам
  • Зүүнбогины ам
  • Шажинхурахын ам
  • Тайны ам
  • Богины ам
  • Чандманы ам
  • Энхтайваны ам
  • Манзуширийн ам
  • Ширдэгтийн ам
  • Залаатын зүүн богины ам
  • Төрхурахын ам
  • Чулуутын ам
  • Бумбатын ам багтаж байгаа аж.

"ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК-ИЙН 32 НЭР ТӨРЛИЙН 577 ТОНН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАЖЭЭ

Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь "Петрочайна Дачин тамсаг" компани хууль бусаар булах гэж байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар салбар яамны мэргэжилтэн мэдээлэл өгөхдөө "Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин тамсаг" компанийн 19 дүгээр талбай дээр 2022 оны долдугаар сарын 4-8-ны хооронд яамны ажлын хэсэг ажилласан. Ингэхдээ 32 нэр төрлийн 592 тонн устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсныг илрүүлж, шаардлага хүргүүлсэн. Эдгээр бодисыг 2009 оноос өмнө импортоор оруулж ирсэн, аюултай хог хаягдал болсон байсан.

Тэгэхээр 2022 оны зургадугаар сар хүртэл Монголд аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж огт байгаагүй. Тухайн оны зургадугаар сард Налайх дүүрэгт "Элемент" гэж компани байгуулагдаж, үйлдвэр байгуулсан.

Тэр үйлдвэрт устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 28-ны байдлаар 32 нэр төрлийн 577 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан гэдэг мэдээллийг ирүүлсэн байна. Төв аймгийн Сэргэлэн суманд энэ чиглэлээр 20 га газарт үйлдвэр барихаар ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

"Петрочайна Дачин тамсаг" компани талбай дээр олноор хорогдсон цагаан зээрт хийсэн шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгааг албаныхан хэлсэн юм. Тус компанийн 19 дүгээр талбайд жилдээ 2.6 сая шоо метр куб усыг ашигладаг. Үүнд тав орчим сая төгрөг ногдуулдаг. Харин 21 дүгээр талбайд 1.6 сая шоо метр куб усыг 3.5 тэрбум орчим төгрөгийг ногдуулдаг талаар албаныхан дурдлаа. Нийт 70 гаруй худгаас ус олборлодог аж. Хууль зөрчсөн үйлдэл илрээгүй, зөвшөөрөлгүй ус ашигласан зөрчлийн шинжилгээний хариу гараагүй байна гэв.

БАРИЛГЫН СУУРИАС ГАРСАН УСЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР СЭЛБЭ ГОЛ РУУ НИЙЛҮҮЛЖ БАЙСНЫГ ТОГТООСОН

Туул голын бохирдол, ой болон усан сан бүхий газарт хориглосон болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдол иргэдээс олноор ирж байна. Гомдлын дагуу Туул голыг бохирдуулж буй үндсэн эх үүсвэрүүд болох арьс ширний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна гэдгийг албаныхан онцлов.

Туул голын сав газраас Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орон сууцны барилга барьж байгаа компани барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна гэх гомдол ирсэн.

Улсын байцаагчид ажиллаж, гомдол үндэслэлтэй байсан учраас 1.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 16.956 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ. Мөн нэгэн иргэнээс ирсэн Туул голд бохироо шууд нийлүүлж байгаа гомдлын дагуу шалгалт хийсэн. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй, шар усны үерийн асуудал үүссэн байсан гэв.

Мөн ховор эмийн ургамал болох улаангоёог түүж бэлтгэж, хилээр гаргаж буй гэх мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Энэ ургамал Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай аймагт ургадаг бөгөөд салбар яамнаас хамгаалалтын арга хэмжээ авч байгаа гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин