• Эхлэл
  • Ц.Хулангийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлов

Ц.Хулангийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлов

2023/04/12

Яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, шүүх хуралдааны дөрөвдүгээр сарын 25-нд хийхээр товлолоо.

Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон. Түүнийг буруутгаж буй Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

 

Урьдчилсан хэлэлцүүлгийн талаарх албан мэдээллийг хүргэе.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх 2023 оны 3 сарын 21-ний өдөр хүлээн авсан.

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад товлож, хуралдаан болтол тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин