Нөгөө ТЭЦ-5 байгуулахаар шав тавьсны 15 жилийн ойн мэнд хүргэе гэдэг шиг Авто захыг хотын зах руу нүүлгэнэ гэж амласан амлалт ажил хэрэг болон цэгцрэхийн даваан дээр бас нэг хэл ам таталж эхлэв. Уг нь авто зах төдийгүй, Нарантуул захын хүнсний өргөтгөл, Драгон дахь баруун замын тээврийн зогсоолыг ийш нь нүүлгэж, олон улсын авто цогцолбор болгоно гэж олон жил яригдсан ч ажил нь нэг л чимээгүй байж байснаа сүүлийн жил гаруйн хугацаанд ажил нь урагштай байгаа чихэнд чимэгтэй мэдээлэл сонсогдох болсон.
Ийнхүү хэдэн жилийн турш ажин түжин байсан авто захын ажил цэгцрэх тусам зарим хүмүүсийн нүдэнд ашиг болж харагдан шуналыг нь хөдөлгөж байгаа бололтой. Арга ч үгүй юм. Хэрвээ энд Нарантуул захын хүнсний өртгөтгөл нүүж ирэх юм бол тэр битгий хэл олон хөлийн газар болж, энэ хавийн газар ч бүр үнэд орох нь тодорхой.Тиймээс өнгөтэй өөдтэй болж байгаа газрыг андахгүй шимэгчлэн суудаг бүлэглэлийнхэн тодорч эхэлжээ.Тухайлбал, алдарт Сү.Батболд энэ газрыг хараа оноондоо оруулан, өөрийнхөө хүнийг захирлаар нь томилуулж байгаад менежментийн хувьчлал нэрийн дор өөрийн болгож магадгүй нь гэсэн яриа гарчээ.
Менежментийн хувьчлал гэдэг энэхүү санаа нь шинэ зүйл биш. Анх байгуулагдахад нь л ийм яриа гарч байсан. Харин ажил нь сайнгүй, өч төчнөөн тэрбум төгрөгний өртэй, ажил орлого нь тодорхойгүй байсан учир шүлэнгэтээгүй байсан бололтой. Харин одоо өр нь дарагдаж, орлого нь нэмэгдээд ирэхээр өмнө нь захирлаар нь ажиллаж байсан О.Мөнгөншагай хэмээх нөхөр “удахгүй би даргаар нь очно” гэж томорч байгаа сурагтай. Түүнийг өмнө нь захирлаар ажиллаж байхдаа холион бантан хутгасан олон сураг дуулддаг. 10 гаруй павильон өөртөө давуу байдал үүсгэн дамлан зарж одоо ч үлдсэнээ зарах гэж "Би очно газрын төлбөр битгий төл" гэж ажлаа аваагүй байж ашиг сонирхол үүсгэж хууль журам зөрчих гэж байгаа нөхөр эргээд дарга нь болчихвол яах нь тодорхой харагдана Угаасаа энд өөр газарт бол 8 сая төгрөгөөр үнэлэгддэг павильон 20-30 сая төгрөг болж үнэ нь өсдөг “жигтэй наймаа”-г өмнөх удирдлагуудын үед бий болгосон. О.Мөнгөншагай нь Улаанбаатар хотын Засаг даргын орлогчоор томилогдоод явахдаа өөрийнхөө гарын хүн Олимпиадыг тус төвийн захирлаар томилуулсан гэдэг.
Өч төчнөөн тэрбумын өртэй байгууллага дээр хэд хэдэн данс нээж, дураараа ашигладаг, сүүлдээ данс бүр нь хаагдаад эхлэхээр бэлэн мөнгийг талхны мөнгө шиг цуглуулан өрөөндөө сейфэнд хураачихсан байдаг, хамаатан саднаа ажилд авдаг, бүр нэр зүс нь ч харагдахгүй мөртлөө цалин авдаг менежер хүртэл байсан гэдэг.
Нөгөө Ардын засаг гэж юу ч байлаа, авдаг өгдөг нь ч хэн байлаа гэдэг шиг ийм байсан авто захыг ид сайхан боловсроод “шим шүүс”-ээ өгч магадгүй болоод ирэхэд нь одоо ийнхүү “эзэд” гарч ирэх сонирхолтой болоод байгаа нь өөрөө бас сонирхолтой асуудал юм. Тиймээс бид тус авто төв буюу Олон улсын худалдаа логистикийн төвийн захирал С.Мөнхбатаас энэ талаар тодруулахаар зорьсон боловч тэрээр
-Одоохондоо би ажлаа хийгээд л байж байна. Ажил ихтэй учраас одоогоор ямар нэгэн хариулт өгөхгүй боломжгүй байна. Шаардлагатай гэж үзвэл би хэвлэл мэдээллийнхэн та бүхний асуултад тустай цаг гаргаж хариулт өгч болох юм гэж хариуллаа.
Энэ хариултаас үзэхэд Олон улсын худалдаа логистикийн төвд тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байхыг үгүйсгэх аргагүй байгаа бололтой. Тиймээс бид дараагийн удаад шууд холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авах боломж гарах байх гэж найдаж байгаагаа илэрхийлье.
Мэдээж хэрэг төрийн өмчит байгууллагын хувьд асуудал ном журмынхаа дагуу л шийдэгдэх биз. Тэр тусмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар 5 ш ажиллагааг эхлүүлж, төрийн албанд буглаад байгаа элдэв асуудлуудыг цэгцэлнэ гэж байгаа энэ өдрүүдэд өмнө нь алдаа дутагдал гаргаж байсан “товариш”-ийг төрийн албанд буцааж томилж, толгойгоо “цусдах” хүн ч үгүй л болов уу. Ялангуяа хотын дарга Д.Сумьяабазар бодвол энэ талаар сайн мэдэж байгаа байлгүй.
Гэснээс шинэ авто захад бий болоод байгаа асуудлын талаар гомдолтой байгаа иргэд тодорхой баримт бүхий санал гомдол гаргаад байгаа гэсэн. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. Үүнд гомдолтой байгаа иргэд манай редакцид хандаж болох бөгөөд эх сурвалжаа нууцлан мэдээллийг хүргэх болно.
Сэтгэгдэл байхгүй байна