• Эхлэл
  • Польшийн ерөнхийлөгч “Оростой зодолд” гэсэнгүй, “Эдийн засгаар тэврэлдье” гэлээ

Польшийн ерөнхийлөгч “Оростой зодолд” гэсэнгүй, “Эдийн засгаар тэврэлдье” гэлээ

2023/04/26

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Ердөө долоохон хоногийн өмнө Польш улс Оросын Калининградтай хиллэдэг зурвас дээрээ хууль бус үйлдлийг хянах, эсэргүүцэх цахим хаалт барьж эхэлсэн талаарх мэдээг сонирхон уншсан юм. Үүний өмнө, хоёрдугаар сард энэ боомт руу чиглэсэн замд танк эсэргүүцэх өргөст тор суурилуулсан гэж дуулсан. Өнгөрсөн жил тэдний Оросын холбоотон Беларусьтай хиллэдэг зурвас дээрээ хууль бус цагаачдын урсгалыг зогсоох хана босгосон.

Мөн хэдхэн хоногийн өмнө Польшийн Засгийн газар Украины үр тарианы импортоос шалтгаалсан хөдөө аж ахуйн хүндрэлийг зохицуулахын тулд дотоодынхоо тариаланчдад 10 тэрбум польш злотийн (ойролцоогоор 16 тэрбум 300 сая юань) нөхөн олговор олгохоо мэдэгдсэн. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Моравецки хэлэхдээ, Польш улс Европын холбооноос өгөх тусламжийг хүлээгээд л байж болохгүй, учир нь асар удаан хугацаа хүлээх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд Европын холбооны өгч чадах нөхөн олговор дэндүү бага юм. Тиймээс Засгийн газар Польшийн тариачдад үзүүлэх тусламжийг аль болох хурдан батлахыг Европын Комисст хандан уриалсан гэж мэдэгдсэн юм

Иймэрхүү мэдээлэл авч байтал БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Украинаас Польш руу дүрвэгсдийн тоо 10 сая даваад байгаа юм гэнэлээ. Ер нь энэ дайнд ширүүхэн байр суурьтай яваа Польш орны өмнө Монгол Улс маань ёстой л Беларусьтай төстэй л Оросод хөтлөгдсөн орон шиг харагддаг байх гэсэн хувийн бодолтой төрж байв. Гэтэл нөхцөл байдал дээр тэс өөр, Монгол Улсыг Азийн орнуудаас ялгарах өөрийн өвөрмөц онцлогтой, тэр нь улс орноо ардчилсан замаар хөгжүүлэх зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлж байгаа төдийгүй Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд Азийн бусад орноос илүү ялгардаг гол онцлог нь гэж өндрөөр үнэлж явдаг аж. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлын талаас нь манай онцлогийг ойлгож мэдэрч, байр суурийг нь хүндэтгэж явдгаа илэрхийлсэн тэрбээр Монголыг Оростой “зодолд” ч гэсэнгүй, “тэврэлд” ч гэсэнгүй.

Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгчийг Монголд айлчлах үеэр тус улсын Үндэсний мэдээллийн агентлаг PAP мэдээлэхдээ “Энэхүү айлчлал нь урт хугацааны өмнөөс төлөвлөсөн айлчлал бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Монгол Улс бол уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад таатай улс гэдгийг онцолжээ. Мөн TVP Info телевиз уг айлчлалын талаар мэдээлэхдээ “Монгол Улсад хийж буй айлчлал нь Польш-Монголын харилцааны сэргэлтийг авчирна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч Дуда илэрхийллээ. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд хоёр улсад харилцан ашигтайг онцолж, “Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна” гэж Ерөнхийлөгч нь хэлснийг онцлов. Тус улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайт President.pl-д “Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Польшийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ: “Монгол Улсад хийж буй айлчлалд маш өндөр ач холбогдол өгч байна. Айлчлалын бүрэлдэхүүнд парламент, Засгийн газар, бизнесийн төлөөлөл айлчлал багтсан. Энэ айлчлал нь улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна. Айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес форумд Польшийн талаас хүнс, барилга, эм зүй, уул уурхай, санхүүгийн салбарын компаниудын төлөөлөл оролцсон. Энэ бол Польшийн бизнесүүд Монгол Улсыг сонирхох болсны илрэл юм. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны хурдасгагч хүч байх болно” гэжээ. Польшийн талын албан мэдээнд онцолсноор “Монгол Улс бол Польшийн уул уурхай, хөдөө аж ахуй, инженерийн зэрэг салбараас хөрөнгө оруулалт хийхэд таатай байрлал гэж тэд үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжихээ илэрхийлжээ” гэсэн байна.

Ямартай ч улс төрийн гэхээсээ илүү эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд чиглэсэн энэ айлчлал Монгол руу экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээгээрээ Европын холбоонд тэргүүлдэг БНПУ цаашид уул уурхай, ашигт малтмал,  геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм байна. Энэ нь манай “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн маань оролцоо нэмэгдэж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт бодлоготой нийцнэ. Европын холбоон дундаа эдийн засгийн сайн үзүүлэлттэй, заримдаа тохируулагч, зохицуулагч үүрэг гүйцэтгээд байгаа Польш орон Монголтой харилцаагаа гүнзгийрүүлэх нь сайны дохио гэж бодож байна. Ойрын үед Европ талаас Монголыг зорьсон харилцаа идэвхжих хандлага ажиглагдаж байна.

Ялангуяа Монгол Улсын бүс нутгийн ач холбогдол өсч байгаа таатай нөхцлийг Европын орнуудтай эдийн засгаа өргөжүүлэхэд ашиглах хэрэгтэй бид Европын орнуудтай эдийн засгаа өргөжүүлэх сайхан боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ мэтчлэн  Монгол Улсын хувьд Азийн орнуудаас “ардчиллын баянбүрд” гэдгээрээ ялгардаг имижээ хадгалж, ядаж л тэгж ойлгодог бол түүнийг нь нэр хүндтэй байлгаж, гуравдагч орнуудын Монголыг зорьсон шил дарсан айлчлалууд үргэлжилж, үүний дундаас эдийн засгийн талаар Монгол Улс хожих болтугай. Ийм л найрсаг гуравдагч хөрш маань хүнд үед эдийн засгийн сэргэлтийн төлөө сэвхийтэл хамтран ажиллая гэчихээд мордлоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин