• Эхлэл
  • ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлнэ

ОХУ-аас хүлээн авах транзит чингэлгийн галт тэргийг нэмэгдүүлнэ

2023/04/27

ОХУ-ын тээвэр логистикийн үйлчилгээний хамгийн том үзэсгэлэн болох “Trans Russia-2023” Москва хотноо болж өндөрлөлөө.

28 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн үзэсгэлэнд 22 орны 430 байгууллага оролцож, 47 орны 18688 хүн зочилжээ.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулсан бага хуралд “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчид оролцож, компаниудтай хамтран ажиллах, УБТЗ-аар тээвэрт оролцогч вагон эзэмшигч компаниуд болон ОХУ-ын төмөр замын холбогдох алба, хэлтэстэй транзит тээврийн талаар уулзалт хийсэн юм. Уг уулзалтын үр дүнд:  

  • Оросын төмөр замд нэвтэрсэн хагас вагонд дамжин өнгөрөх чингэлэг ачих ажлыг нэвтрүүлэхээр Оросын төмөр зам болон Оросын компаниудтай хамтран ажиллахаар тохиролцов. Мөн зориулалтын бус хагас вагонд чингэлэг ачих техникийн нөхцөлийг бий болгох санал дэвшүүлж, хамтран судлахаар тохиров.
  • УБТЗ-ын Улаанбаатар хэсэглэлд буй хоосон чингэлгүүдээс хоног бүр нэг  хоосон чингэлгийн галт тэргийг бүрдүүлж чадсан тохиолдолд улсын урд хилээр биш хойд хилээр хүлээлгэн өгч урд хилийн ачаатай галт тэргийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн транзит тээврийн үйл ажиллагааг сайжруулах тодорхой саналуудыг “Оросын төмөр замууд” НХН-ийн Хөдөлгөөн удирдлагын төвд тавьж, хамтран ажиллахаар боллоо.
  • УБТЗ-ын орлогыг нэмэгдүүлэх талаар Олон улсын тээвэр зуучлалын төвөөр транзит чингэлэг илгээх, Европоос ирэх ачаатай чингэлгийн тээврийг зохион байгуулахад Орос, Хятад, Европын компаниудтай уулзалт зохион байгуулж, эргэн холбогдож ажиллахаар болов.
  • Тавдугаар сарын 1-ээс ОХУ-аас хүлээн авч буй транзит чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлж, Наушки өртөөнөөс хоногт таван галт тэрэг хүлээн авахаар тохиролцов. Энэ нь Замын-Үүд боомтод хуримтлагдсан транзит чингэлгийг бууруулах гол хүчин зүйл юм.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын төмөр замын харилцагч байгууллагуудын дунд тээврийн салбарын IT шийдэл, өөрчлөлтийн эринд чингэлэг тээвэрлэлт, агуулахыг автоматжуулах, цахим бичиг баримт, төмөр замын оператор компаниудын ажлын орчин цагийн нөхцөл, санкц хэрхэн тээвэр логистикт нөлөөлж байгаа зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөжээ.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин