• Эхлэл
  • ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (5)

ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (5)

2023/05/01

ЗОВЛОГОО ЗОВООЖ БҮТЭЭСЭН ГУРАВДАГЧ ХӨРШ (5)

Нийтлэлч, дипломатч д.Баярхүүгийн нийтлэлийг хүргэж байна. 

“Бид гартаа зэвсэгтэйгээр асуудал шийддэг хойд хөрштэй, мөнгөөр асуудал шийддэг өмнөд хөрштэй, хүний эрх, ардчилалыг дээдэлдэг 3-дагч хөрштэй. Сонгосон зам маань 3-дагчтай ижил. 2 хөршөөрөө халхлагдан далайд гарцгүй болсон ч 3-дагч хөршүүдээрээ дамжуулан оюуны гарцтай болсон” –УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн жиргээнээс

Ач холбогдлоо алдахгүй сэдэв. Бид гуравдагч хөршийн бодлогоо тууштай явуулж байна. Саяхан Польшийн Ерөнхийлөгч, АНУ-ын ТНБД-ын орлогч айлчилж, гуравдагч хөрш байж чадахаа нотоллоо. Энэ чухал хоёр айлчлалыг эсэргүүцэж сүйд болсон явдал харагдсангүй. Гэхдээ хэнд ч худалдагдахад бэлхэн, аль ч нийгэмд, хэзээ ч байж ирсэн нийгмийн тийм хэсэг бол Монголд байнаа байна. Орос-Украины дайнд Орос ялагдаж байгаагийн тусгал нь монголын сошиал ертөнцөд АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг харааж зүхэх, Монголоос хөөх аман хийрхлээр харагддаг боловч яг нарийвчлан тодруулбал амьдрал ахуй нь нойл заачихсан, улс төрд шаансгүй, тэр хэрээрээ ардчилалд гомдогсод (Баруунд гомдогсод) л харагддаг. Гарчигт өгүүллээ. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалахын хамт дахин түүх сөхөж эрхэм анд доктор профессор Дэнзэнлхамын Уламбаярын туурвисан шинэхэн номоос үргэлжлүүлэн эшлэе. Энэ бол Ардын хувьсгалын эхний жилүүдийн бахархам түүх!

1924 онд Монголоос ЗХУ-д суух Бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр томилогдсон Баатуд овогт Ажваан Данзанд ГЯЯ-наас өгсөн удирдамжинд ЗХУ-тай харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээгээр Герман, Итали, Афганистан, Перс, Франц зэрэг гадаад улсад биеэр очиж тэндхийн улс төрийн байдал, худалдаа, соёлын харилцаа тогтоох боломж, Монголыг хэрхэн үзэж байгаа зэргийг судалж, Монголч эрдэмтэдтэй уулзаж ном зохиолоос нь олж ирүүлэх үүрэг өгч байсан байна.[1] Цаашилбал ЗХУ-аас гадна Франц, Герман, Итали, Афганистан зэрэг гадаад орнуудтай найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх тухай заалт Москва дахь Монголын Бүрэн эрх барих Төлөөлөгчийн газрын 1926 оны Дүрэм болон ГЯЯ-ны 1927 оны Дүрэмд тус тус орсон байна. Төлөөлөгчийн газрын үндсэн үүргийг тодорхойлохдоо: «нэгэнт найрамдсан улстай найрамдлыг улам зузаатган бусад гадаад улсаас Москва хотноо суулгасан элчин сайд, төлөөлөгчидтэй учиран танилцаж, тэдний дотроос найрамдваас зохих улстай найрамдлын холбоо байгуулж өөрийн улсад тустай хэрэг бүтээхийг ямагт хичээн оролдож аль аль улстай хэрхэн харилцан нэвтрэлцсэн зэрэг байдал төлөвийг урьд олгосон заавар ёсоор тодорхойлон тухай бүр Засгийн газар ба ГЯЯ-нд уламжлан явуулж гүйцэтгэвээс зохимой»[2] гэжээ.

Архивын өөр нэгэн сонирхолтой баримт бол 1926 оны 1 дүгээр сард БНМАУ-ын Ерөнхий сайдын жинхэнэ орлогч,ААЯ-ны сайд А.Амар, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Засгийн газрын эрхлэх товчооны гишүүн Н.Жадамбаа зэрэг төлөөлөгчид ЗХУ-д айлчилж,хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаарЗХУ-ын Дипломат албаны тэргүүн Г.В.Чичеринтэй санал солилцож, албан захидал гардуулжээ. 

Дурдсан захидалд: «...Үүнд эдийн засгийн тухай хэргийг улс төрийн хэрэгт холбогдуулалгүй хэлэлцэж үл болох тухай явдлыг эрхэм Танаа сануулах юун... Ихээхэн чухал болох зүйл нь худалдаа болмуу. Монгол Улсын ба мөн улсын худалдааны газрууд болбоос харъяат улсын түүхий эдийг хаана үлэмжхэн их үнэ хүргэж болох газраа нэвтрүүлэх ба гадаадаас авч ирэх барааг аль улсад боловсруулсныг хэрэгсэхгүй, гагцхүү чанар сайн, үнэ бага агаад харъяат олон ардын хэрэглэх, дурлах явдалд тавтайяа нийцүүлэхийг нь сонгон бэлтгэн авч ирнэ. Оросын аж ахуйн газруудаас эл манай худалдааны бодлогод саад боогдол учруулж устгахыг хичээх нь олон ардын туйлын ашиг тус ба манай хувьсгалт улсын аливааг үйлдэх боловсруулах хэрэг явдалд их л хор болмой»[3] гэсэн байна.

Москва хотноо суугаа Бүрэн эрх барих элчин сайд Бүрдийн Буянчуулганаас 1925 оны сүүлчээр ГЯЯ-нд ирүүлсэн 172 тоот нууц мэдээнд: «Эдүгээ Герман, Франц, Англи, Итали, Австри зэрэг улс, улстөр, харилцан худалдааны холбоотой болох байдал сэдэв буй мэт. Бас ч тус бүр эрдэмтэн төлөөлөгчийг одуулж шинжлэн үзмой. Мөн нэгэн адил үзхүл таны бие /ГЯЯ-ны сайд Д.У./ буюу төлөөлөгчийг тус тус илгээвээс эрх биш бидний Засгийн газраас хүндэтгэн хүлээн тусалмой хэмээмой. Жич. Эл учрыг нөхөр Л.Карахантай хэлэлцвээс түүний хэлэх нь энэ хэргийг оролдон хэлэлцвээс нэн сайн» гэсэн архивын тун сонирхолтой баримт байгаа юм.[4]

Дүгнэхэд: 1911 оны тусгаар тогтнолын сэргэлтийн дараа Монголын улс төрийн удирдагчид хоёр хөршөөс гадна гуравдагч гүрнүүдэд ихээхэн ач холбогдол өгч байсан нь гадаад улс төр, худалдаа, соёлынбодлогын чухаг чиг шугам байжээ. Энэ нь юуны өмнө Өрнөдийн гүрнүүдээр өөрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, тэдгээр орнуудтай худалдаа, соёл-боловсролын өргөн харилцаа холбоо тогтоох, Өвөр чуулганыг Халхад нэгтгэх замаар Монголын улс төрийн нэгдлийг хангах явдал байв. 1911-1930 он бол Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд «гуравдагч» гүрнүүдтэй холбоо харилцаа тогтоох, тэдний тусламж дэмжлэгийг олж авахыг үнэнхүү эрмэлзэж байсан үе хэмээн үзвээс зохилтой. Гэвч үүнд саад болж байсан хүчин зүйлүүдийн гол учир нь Монгол-Оросын харилцаан дахь Хятад, Орос-Хятадын харилцаан дахь Монгол, Монгол-Хятадын харилцаан дахь Орос гэгчлэн харилцан хамааралтай боловч, ялгаатай эрх ашиг, сонирхолхосолсон гурвалжин бий болсон явдал юм. Энэхүү эрх ашиг, сонирхол нь нэгд, хэзээ ч Хятадын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй туурга тусгаар Монгол Улсын хууль ёсны бүрэн эрхт байр суурь, хоёрт, Монголыг халхавч, бамбай байлгах гэсэн Хаант Орос, дараа нь ЗХУ-ын хэдийнээс баримталж ирсэн геополитик, гуравт, Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж үзэж байсан Өмнөд хөршийн илэрхий бусармаг явуулга, байр суурь байв. Энэхүү гурвалжиндЯпоны хүчин зүйл тодорхой байр суурь эзэлж байсан юм.Эцэст нь, дурдсан гурвалжинд нөлөө үзүүлж байсан голлох оролцогчнь АНУ байсан гэдгийг тэмдэглэвэл зохино. Ер нь АНУ Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор шууд эсэргүүцэн татгалзсан юм уу, эсхүл энэ асуудлыг огт авч хэлэлцэхээс татгалзаж байгаагүй гэдгийг эх сурвалж нотолдог. 

АНУ-аас газар нутаг, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хадгалах үндсэн дээр их гүрнүүд ижил нөхцлөөр Хятадад нэвтрэх тухайд явуулсан «нээлттэй хаалга»-ны бодлого 1945 оны холбоотон гурван гүрний тэргүүн нарын Ялтын бага хурлын үеэр байгууласан нууц хэлэлцээрээр Гадаад Монголын (БНМАУ) status quo-гхүлээн зөвшөөрснөөр төгсгөл болсон юм. 

«Гуравдагч» гүрнүүдтэй холбоо харилцаа тогтоох чинхүү эрмэлзэл тодорхой үр дүнд ч хүрчээ. 1920-иод оны эхнээс Ваймерын Бүгд Найрамдах Улс Монгол Улсыг олон улсын эрхзүйн аd hoc хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Улс буюу Засгийн газрын хооронд бие биеэ харилцан хүлээн зөвшөөрөөгүй, үл зөвшөөрөх ноцтой учир шалтгаантай боловч тодорхой нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсны харилцаанд орох тохиолдол олон улсын харилцааны түүхэнд түгээмэл байсан бөгөөд одоо ч байгаа юм. Үүнийг дипломатын болон олон улсын эрхзүйд ad hoc хүлээн зөвшөөрөх гэх агаад ad hoc хүлээн зөвшөөрснөөр тухайн тохиолдлын хүрээнээс хэтэрсэн эрхзүйн үр дагавар үл гардаг байна. 1920-иод онд Монгол-Германы худалдаа-эдийн засгийн харилцаа амжилттай, 1930-аад оноос зохих түвшинд хөгжиж, Монголын удирдагчид Герман улстайхарилцаагаа худалдаа, соёлын салбарт хөгжүүлэх талаар бие даасан, идэвхтэй байр суурь баримталж байсныг онцлон тэмдэглэвэл зохино. 

 

-Үргэлжлэл бий


 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин