• Эхлэл
  • Уламжлалт ГАНЖУУРЫН ГОРОО маргааш болно

Уламжлалт ГАНЖУУРЫН ГОРОО маргааш болно

2023/05/19

Зуны тэргүүн сарын шинийн нэгний хүмүүний хишиг өдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-нд лус савдагаа тайн, баясгах ГАНЖУУРЫН ГОРОО хэмээх буяны зан үйлийг хүндэтгэн үйлдэх гэж байна. Энэхүү ГААНЖУУР судраар Богд хан уулыг гороолж, байгаль орчноо цэвэрлэх, эргэл мөргөл, буяны зан үйлийг МОНГОЛ ЗУРХАЙН ТҮВДЭНПЭЛЖЭЭЛИН хийдээс жил бүр зохион байгуулдаг юм байна.

Бурхан багшийн эрхэм зарлиг ГААНЖУУР судраар гороолоход зан үйлд эрдэмтэн лам нар болон сүсэгтнүүд Богд уулын дөрвөн талд үдэлж дөрвөн уулын сан, сэржим, лусын сан, дэвжад сэржим өргөж, байгаль орчноо  цэвэрлэж, ном хөгжөөдөг юм байна.

Үүнд Монгол зурхайн ТҮВДЭНПЭЛЖЭЭЛИН хийдээс тавдугаар сарын 20- ны 10 цагт хөдөлж, Шажин хурахын амны овоо, Манзуширийн хийд, Буян-Ухаагийн дэнжид үдэлж, ном уншиж, зан үйлээ үйлддэг юм байна.

Явах маршрут :

1.ТҮВДЭНПЭЛЖЭЭЛИН хийдээс хөдөлж Гэсэр сүмийн гэрлэн дохиотой уулзвараар зүүн эргээд ЗГ ордны зүүн хойд гэрлэн дохиогоор баруун гар эргээд Маршаллын гүүр давж зүүн эргээд Богд уулын арын замаар Хонгорын Сод Монгол ШТС хүрээд баруун гар эргэн чигээрээ урагш явж

2. Шажин хурахын амны овоо дээр үдэлнэ.

Буцаж засмал замд орж 4р зөрлөг өнгөрч баруун эргэн Зуунмодоор дамжин

3. Манзуширийн хийд хүрч үдэлнэ.

4. Буянт Ухаагийн дэнжид үдэлнэ. Тэндээсээ сонсголонгийн гүүр даваад станцын замаар гурвалжингийн гүүрээр хороололын эцэс, Баянбүрдээр тойроод ТҮВДЭНПЭЛЖЭЭЛИН хийдэд ирнэ.

Оролцох сүсэгтнүүд цай, сүүний дээж, сэржим өргөх архи, будаа бэлтгэх бөгөөд тус хийдийн зүгээс

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

-Цуваанд орж явах

-Ном судрыг зөв зохистой залж явах

-Хог хаяхгүй

-Илт гал гаргахгүй

-Арц хүж дур дураараа асааж орхихгүй

-Залж явсан судраа бусдад дамжуулахгүй

-Судар ном замын дунд орхихгүй

-Сэржим өргөх эд идээг овоо руу болон хүн машин руу өргөхгүй байх зэргийг дор бүр анхаарч болгоохыг сануулсан байна. Та бүхэн энэхүү зан үйлийн талаар

99106565, 98055599, 96969229, 88019000 утаснаас лавлаж болох юм байна.

ДЭЭДИЙН НОМЫН АДИСТЭД ДЭЛГЭРЧ

ДЭЛГЭР САЙХАН ЗУН БОЛЖ

ДЭЛХИЙ ДАЯАР АМАР АМГАЛАНТАЙ БОЛТУГАЙ.

Хамтдаа сайхан буян үйлдэж нийтийн тусыг чухалчлан бүтээхэд бие, хэл, сэтгэл зориулаарай.

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай.

Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай

Хамаг амьтан зовлонгүй амгалан лугаа үл хагацах болтугай.

Хамаг амьтан хол ойр уригнах тачаахаас хагацаж тэгш дор орших болтугай.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин