• Эхлэл
  • Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар УИХ-д хаалттай танилцуулсан гэв үү

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн талаар УИХ-д хаалттай танилцуулсан гэв үү

2023/05/23

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө ТЕГ-аас саатуулсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Эрүүгийн хуулийн 19.4  дүгээр зүйл буюу гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан тухай заалтыг үндэслэж яллагдагчаар татсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Тодруулбал, энэхүү зүйл ангид “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Яруу найрагч Ц.Хулан өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр цагдан хорих 461 дүгээр ангиас бичсэн мэдэгдэлдээ “Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй. Монгол Улсын нууцын ямар нэгэн баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэгэн баримт дамжуулаагүй. Баяны хүүхэд Х Богд болохыг эсэргүүцэж, байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсан... Миний бие хүнд өвчтэй, мөрдөн байцаалтын явцад удаа дараа ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье” гэж дурдсан юм.

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч өнгөрсөн сарын 25-нд товлосон шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцож байгаа бол шүүх хурлын даргалагч шүүгч мөн л энэ хэргийн шүүх бүрэлдэхүүнд орж ажиллаж буй аж. Харин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн талаар хууль хяналтынхан УИХ-д хаалттай танилцуулсан гэх албан бус мэдээлэл байна. Тодруулбал, тэд уг хэрэгтэй холбоотой гүйцэтгэх ажлын материалуудыг эрхэм гишүүдэд танилцуулсан сурагтай. Гэвч шүүхийн шатанд хараахан хэлэлцээгүй байгаа энэ хэрэгтэй холбоотой материалуудыг УИХ-ын гишүүдэд юуны учир танилцуулсан нь сонирхол татна.

Ц.Хулангийн хувьд, Х Богдын талаар Далай ламд захидал бичсэн, Хятадад номоо бусдаар ивээн тэтгүүлж хэвлүүлсэн нь тагнуулын байгууллагатай холбогдсон, хамтарсан гэх хэрэгт буруутгагдахад хүрсэн гэх албан бус мэдээллүүд бий. Гэвч хэрэг нь нууц, шүүх хурал нь хаалттай болох учир Ц.Хулан юуны учир ийм ноцтой хэрэгт холбогдсон нь олон нийтэд ч нууц үлдэнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: Д.Гал

Analiz.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин