• Эхлэл
  • Ногоон бонд, төсвийн тодотголтой өдрүүд

Ногоон бонд, төсвийн тодотголтой өдрүүд

2023/06/19

ҮНИЙН ӨСӨЛТ БИЗНЕСИЙНХНЭЭС ХАМААРНА

 

Өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн олны анхааралд байсан төсвийн тодотгол нэг их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр есөн их наяд төгрөг болсныг статистикчид мэдээллээ. Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.1 их наяд төгрөг болж, төсөв 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ойрын жилүүдэд байгаагүйгээр ашигтай гарч цалин, тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн гэсэн дарга нарын үгийг статистикчид “батлав” Сангийн сайд Б.Жавхлан "Мөнгөний нийлүүлэлттэй холбоотойгоор инфляц өсөх сөрөг дарамтыг төсийн бодлого, мөнгөний бодлогоор саармагжуулна. Төсвийн тодотголыг далимдуулж зах зээлд зохиомлоор үнэ өсгөх, хомсдол үүсгэх асуудалтай хатуу тэмцэнэ” гэлээ. Төсвийн зарлага өсөж байгаа нь мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлнө. Энэ нь инфляцад сөргөөр нөлөөлөх нөхцөл гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Гэсэн хэдий ч үнийн өсөлтөөс үүдсэн инфляцийн дарамтаас айгаад цалин, тэтгэвэр нэмэхгүй байж болохгүй гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөр дамжуулан хүн амынхаа бодит орлогыг нэмэгдүүлж байгаа нь сайн ч гэлээ гарах сөрөг үр дагаварыг нь ухамсартайгаар давах шаардлага бий. Энэ нь бодлого боловсруулагчдаас гадна бизнесийнхэнд ч хамаатай бүр хамгийн их хамаатай. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлт эрэлтийг нэмэгдүүлж үнийг өсгөх шалтгаан. Үүнийг л ухамсартайгаар давах нь худалдаа, үйлчилгээний салбарынхны асуудал. Ямартай ч инфляц өнөөдөр биш ч тодорхой хугацааны дараа өсөх нь гарцаагүй. Харин үүнийг механик аргаар “барих” замыг эрэлхийлэх бололтой. Тэгэхээр Төвбанк бодлогын хүүгээ зөөлрүүлэх орон зайгүй. Мөнгөний бодлого чанга хэвээр үргэлжилнэ гэсэн үг. Нөгөө талдаа Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг чанд мөрдөнө гэдгээ Сангийн сайд хэлж байна лээ.

 

ҮЛ ХӨДЛӨХИЙНХӨН ЧУУЛАВ

 

“Реалторуудын дуу хоолой форум-2023” өнгөрсөн баасан гарагт болсон. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан” хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэв. Энэ салбарт тусгай зөвшөөрөлтэй нийт 317 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага ажилладаг байна.

“Ремакс” хэмээн хүмүүст танигдаж үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гээд энэ салбарт хамааралтай бүхий л ажлыг хийж байна. Бас ч үгүй сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгаа зах зээл. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан. Энэ салбар мэргэжлийн ур чадварт суурилснаараа бусдад итгэл төрүүлж бас цаг хугацааг ч хэмнэх боломжийг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Иймээс мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, чадавхжуулах, ёс зүйн зарчмыг бүрдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр холбоотой хамтран мэргэжлийн сургалтууд зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн салбарын оролцогчдын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, хариуцлагажуулахаар үл хөдлөх хөрөнгийн брокер, агентыг Үндэсний ажил мэргэжлийн стандартад хамруулан индексжүүлэн баталгаажуулжээ. 

 

“НОГООН” ЗЭЭЛ БА САНХҮҮЖИЛТ

 

“Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ын хүрээнд зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн нэг нь “Ногоон бонд”-ын салбар хуралдаан байв. Тус хуралдааны үеэр ХААН банк Монголын хөрөнгийн зах зээлд анхны “Ногоон бонд” гаргах зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос авснаа дуулгав. Тэд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга байгууламж, хүрээлэн буй орчинд ээлтэй хөдөө аж ахуйн төсөл зэрэг ногоон эдийн засгийг дэмжих аж. Үүгээрээ санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж буйг илэрхийлэхийг зорьсон байна.  Энэ оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкуудын ногоон зээлийн багц 301.7 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН банк дангаар бүрдүүлж байна. Тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн чиглэлд банкны салбар манлайлж, Монгол Улсын Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн орчныг хөгжүүлэхэд бодитой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.

Мөн энэ үеэр Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбарын хуралдааныг ТоС холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан. Тус салбар хуралдаанаар "Төрийн банк урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог хангаж ажиллах болно. Бид тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг  2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэнэ” хэмээн Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар хэлэв. Санхүүжилтийн хөшүүргийг ашиглах замаар хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмрээ оруулахаар зорьж буй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Доржийн ОЮУНЧИМЭГ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин