Айргийн үнэр, хүүхдийн гийнгоо наашилж наадам дөхөх тусам хүчит бөхчүүдийн ир бяр ханаж, наадмын бэлтгэл жигдэрдэг. Монголчуудын бахархал болсон бөхчүүд хэзээнээсээ нааш галд нэгдэн наадмын бэлтгэлээ хангадаг эртний сайхан уламжлалтай. Чухамхүү галуудын бэлтгэл, өнгө, төрхөөс наадмын бөхийн өнгийг таамаглаж ч болох мэт. Тэр утгаараа бөхчүүд, бөх сонирхогчид галуудын бэлтгэлийн ирийг харан шинжиж байдаг билээ.
Тэгвэл хэзээнээс хүчит бөхөөрөө алдартай Завхан аймгийн бөхчүүдийн “Завхан” дэвжээнийхэн бэлтгэлээ юугаан базааж, өнгөлөг бөгөөд бярлаг байна.
Завхан аймгийн хувьд хэзээнээсээ бөхөөрөө алдартай. Бүр Ардын хувьсгалын анхны жилүүдийн үед Завханаас Улсын аварга төрж байсан гэдэг. Тухайн үед буюу 1927 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын аварга Санжмятавын Шагж Улсын баяр наадамд анх удаа зодоглохдоо арслан цол хүртэж, Төрийн их баяр наадамд хоёр удаа үзүүрлэж байсан гэдэг.
Улсын арслан С.Шагдар, М.Лхагва, Ш. Санжсүрэн, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, М. Баяржавхлан, Б. Гончигдамба, Ш. Жаргалсайхан гээд цаашилбал 15 Улсын заан, 7 Улсын харцага, Улсын начин 30 гаруйг төрүүлсэн цуутай аймаг. Дээр нь энэ жил тус аймгийн 100 жилийн ой тохиож байгаа учраас Завхан нутгийн бөхчүүдийн хувьд энэ жилийн бэлтгэл сургуулилт туйлын чухал байгаа.
Магадгүй төрсөн нутгийнхаа 100 жилийн ойгоор хэний хүү наадмыг өнгөлөхийг галуудын бэлтгэлээс ч анзаарч болох. Галууд өнгөө тодорхойлохоор сорилго барилдаан явуулдаг бөгөөд "Завхан" дэвжээний барилдаан саяхан болсон юм. Нар хур тэгширсэн энэ удаагийн сорилго барилдаан ч үзүүштэй сайхан болж, сумын заан Б.Адьяарагчаа түрүүлж, аймшийн арслан Чинтулга үзүүрлэлээ.
Төв аймгийн “Бяцхан хөндлөн” хэмээх газар бэлтгэлээ хийж, сорилго барилдаанаа явуулсан Монгол Улсын харцага Л.Лха-Очир, Монгол Улсын начин Б.Бадамсүрэн нараар ахлуулсан “Завхан” дэвжээнд улсын начин Оргил, Бадамдорж, сумын заан Адьяарагчаа, Доржсүрэн, Хандсүрэн, Жигжидсүрэн гээд аймгийн цолонд ойрхон олон бөхчүүд байгаа. Эдний галын гол онцлог таван настай хүүхэд, тавин настай хэн ч байсан бөхөд дуртай хэн бүхэн ирж, бэлтгэлээ хийхэд найр тавин угтдагаараа онцлог. Угаас бөхийн гал гэдэг ёс уламжлалаа дээдлэх, ахмад настнуудаас суралцах, андын ёсоор барилдах халуун голомт байдаг. Нөгөө талаас эр хүний жудаг суулгах томоохон их сургууль ч гэж хэлж болох.
Тийм ч учраас ёс уламжлалаа дээдлэн, залуу идэрчүүдээ нэгтгэж байгаа Завхан дэвжээнийнхнийг “Тэргүүн саруул зам”, “Даадаа групп” компаниуд дэмжиж байгаа аж. Учир цаашид олныг цэнгүүлэн гайхуулах залуу бөхчүүд олон байгаа учраас ийн сэтгэлийн урам болон хандиваар дэмжиж байгаа гэж "Даадаа групп" захирал Б.Дашцэрэн ярилаа.
“Даадаа групп”-ийн захирал Б.Дашцэрэн Завхан аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд өмнө тус галынхан дээр ирж, дэмжиж байсан бөгөөд энэ удаад сумын заан Доржсүрэнд цаашид компанийнхаа зүгээс дэмжлэг үзүүлж байхаа илэрхийлээд тодорхой хэмжээний хандив гардууллаа.
Тэрээр энэ жил бэлтгэл сайтай харагдана лээ. Магадгүй олноо дуурсагдах бөх ч болох юм билүү. Ерөөс залуу бөхчүүдийг дэмжинэ гэдэг бөхийн өв соёлоо дээдлэх, уламжлалаа өвлүүлэх, залуусаа дэмжих холч нарийн ухаан билээ.
Ийн уламжлалаа сахин яваа, өнгөтэй, бяртай “Завхан” дэвжээний бөхчүүддээ амжилт хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна